С.Зоригийн хэргийн тархи угаалт ОУПХ-г луйвардах хэмжээнд хүрэв


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат нар өчигдөр С.Зоригийн хэргийн яллагдагчдыг эрүүдэн шүүсэн асуудлаар өчигдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаа Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ Хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрөгч зургадугаар сард Монгол Улсад ажилласан талаарх тайланг танилцуулсан байна. Гишүүдийн танилцуулснаар уг тайланд,

-Захиалагчийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, гурван ялтныг яллахад гарсан шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна.

-Түр хорооноос хэрэгт холбогдолтой, бичиг баримттай танилцах боломжоор хангагдахгүй байгаа нь бодит байдалд тулгуурласан дүгнэлт гаргах боломжийг Түр хороонд олгохгүй байна.

-Тагнуул гурван ялтныг зохиомол хэрэгт тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.

-Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэх мэтээр дүгнэжээ.

Мөн Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголын эрх баригчдад уриалсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулах болно гэж Хүний эрхийн хороо үзсэн мэтээр танилцуулав.

Уг мэдээллийн дараа Түр хорооны гишүүд "Хүний эрхийн хорооны тайланг есдүгээр сарын 6-ны өдөр ГХЯ-нд ирүүлсэн байтал сарын дараа буюу аравдугаар сарын 4-ний өдөр Түр хороонд өгсөн" гээд тайланг санаатай, санаандгүй нуун дарагдуулсан буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардлаа. 

Яахав, тайланг нуун дарагдуулсан нь санаатай, санаандгүй тухай нь Гадаад яамны асуудал юм биз. Харин Түр хорооны гишүүд уг зөвлөмж дээр үндэслээд яллагдагчдыг суллахыг шаардана гэдэг байж болох зүйл мөн үү? гэдэг асуудал. Ялангуяа эрүүдэн шүүсэн асуудал шүүхээр ид хэлэлцэгдэж буй энэ үед. Хоёрдугаарт ОУПХ энэ хэргийн талаар хэр зөв мэдээлэлтэй байгаа юм бэ?

Бидний мэдэхээр, хэвлэлээр мэдээлэгдсэнээр бол ОУПХ-ны нөхөд өнгөрөгч зургадугаар сард Монголд ирээд хоёрхон хоног ажилласан. Энэ хугацаанд “эрүүдэн шүүсэн” асуудлаар шаардлага тавиад байгаа түр хорооны гишүүд болон хэргийн яллагдагч нартай л уулзсан. Харин уг хэрэг дээр ажилласан мөрдөн шалгах байгууллагууд, ажлын хэсгийнхэнтэй бол нэг ч удаа уулзаагүй. Тайланд дурдсан дүгнэлтүүдийг харсан л юунд үндэслэж хийсэн бэ гэдэг нь тодорхой харагдана л даа.

Нэг зүйлийг сануулахад Олон Улсын Парламентын Холбоо гэдэг маань хэрэг мөрдөн шалгадаг, хяналт тавьдаг, эсвэл шүүн тасалдаг байгууллага биш. Дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор байгуулсан сайн дурын олон нийтийн байгууллага. С.Зориг агсны аллагын дараа ч манай парламентын гишүүд тус хороонд хүсэлт тавьж, олон ч удаа урьж залж, хэргийг шуурхай илрүүлэхийн тулд хэрхэн ажиллах тухай санал зөвлөмж авч байсан. Тухай бүрд нь "Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг идэвхижүүлэх, улс төрийн нөлөөллөөс хол байлгах"-ыг л зөвлөж байсан юм билээ.

Энэ удаа ч гэсэн тэдгээртэй адил төстэй зөвлөмж өгсөн байна. "Эрүүдэн шүүсэн" баримт нь ил гараад ирчихсэн учраас зохиомол хэрэг тулгасан байж магадгүй гэж нэгдүгээрт хардаж. Хоёрдугаарт хэрвээ энэ хэргийг эрүүдэн шүүсэн бол шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна аа гэсэн байна.

Яагаад гэвэл манай парламентад зарим орны парламенттай адил Мөрдөн шалгах хороо ч юм уу, тийм эрх мэдэл байхгүй. Хоёрдугаарт хуулиар харьяалуулсан нууцын зэрэглэлтэй зарим материал нь хавтаст хэрэгт авагдчихсан байгаа учраас УИХ-ын гишүүд түүнийг нь ухаж төнхөөд байх боломжгүй. Зөвхөн нууцын зэрэглэлээс гаргасан хэмжээнд уншиж танилцаж болдог.

Нөгөө талаас нь авч үзвэл ОУПХ-ны энэ дүгнэлт нь "УИХ, Түр хорооны гишүүд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг засах боломжгүй байна аа. Асуудлыг шүүхийнх нь журмаар явуул аа" л гэсэн хэрэг. Харин манай попууд үүнийг "ОУПХ-ноос зөвлөсөн учраас шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой" гэж уншаад, эсвэл тэгж уншуулахыг хүсээд байгаа бололтой. 

Өмнө С.Зоригийн хэргийг шалгаж байх явцад ч гэсэн /мэдээж манай талаас тавьсан шаардлагын дагуу/ ОУПХ ажлын хэсгийнхэнд "Ямар хүмүүсийг ямар үндэслэлээр шалгаж байгаагаа ил болго" гэдэг зөвлөмж ч юм уу, шаардлага тавьж байсан л юм билээ. Гэвч ажлын хэсгийнхэн "Мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас зарлах боломжгүй ээ" гэж хэлээд цаашаа явсан. Одоо харин нэгэнт хэргийн шалгалт дуусаад шүүхээр таслагдсаны дараа "эрүүдэн шүүсэн" асуудал босч ирлээ. Энэ ч гэсэн шүүхийн журмаар шийдэгдэх асуудал юмаа. Улстөрчид, УИХ, түр хороо шахсанаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэдгийг л хэлсэн байна. 

Сануулахад "эрүүдэн шүүсэн" асуудлыг шүүхээр тогтоох нэг хэрэг. Эрүүдэн шүүсний улмаас яллагдагчид хуурамч мэдүүлэг өгч, хэрэг хүлээсэн үү, эсвэл өөр бусад нотлох баримтаар хэргийг нотолсон уу гэдэг огт өөр хэрэг. Үүнийг л Батзандантангууд нэг шуудайд чихэж аваад, "Эрүүдэн шүүсэн бол хэрэг зохиосон л байж таараа" гэж зүтгээд яллагдагчдыг шоронгоос суллах тухай ярьж байх шиг байна. Эрхбиш А.Сүхбатаас бусад нь хууль зүйн боловсролтой /нарийн яривал аваргад ч гэсэн нэг диплом бий л байх/ хүмүүс энэ хоёрын ялгааг ойлгоно.

Харин олон нийтэд "Харав уу, эрүүдэн шүүснийг нь үнэн байгаа биз. Тийм болохоор захиомол хэрэг байхгүй юу" гэж хэлэхийн тулд энэ удаа ОУПХ-г ашиглаж байна. Ялангуяа эрүүдэн шүүсэн асуудал шүүхээр таслагдахаас өмнө энэ тархи угаалтаа амжилттай хийж чадвал дараачийн удаа шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулж чадна гэж бодож байгаа бололтой. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин шүүхээр болсон нь тэдэнд ийм итгэл өгсөн байхыг ч үгүйсгэх аргагүй.

Б.Сэмүүн 

Эх сурвалж: inews.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.