Нууцын зэрэглэлтэй цаг агаарын мэдээ


Зуны цаг агаар ямар байхыг одоо ярихад эртдэхгүй. Харин ч олон зүйл төлөвлөж, хэрэгжүүлэх төдийгүй ажлаа хэрхэн амжуулахаа шийдэх гэж байгаа хүмүүст хамгийн хэрэгтэй мэдээллийн нэг. Гэтэл манай тэнгэрийн зурхайчид энэ зуны цаг агаарын мэдээллийг гаргаагүй, эсвэл нуучихсан бололтой. "Өнгөрсөн жилийнх шиг хална”, "Олон жилийн дунджаас их хур тунадастай байх нь” гэх зэргээр иргэд янз бүрийн таамаг дэвшүүлсээр. Харин мэргэжлийн байгууллагын мэдээлэл л алга. Одооноос эхлээд цаг агаарын төлөвийг улирлаар биш, ганцхан сараар гаргадаг жишиг тогтоож буй юм байх. Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Ч.Сарантуяа "Зуны цаг агаарын төлөв гаргаагүй, гаргахгүй. Сар сард нь л мэдээлнэ. Улирлын төлөв гаргахгүй болсон олон шалтгаан бий” гээд учрыг нь тайлбарлахаас татгалзсан юм.

Цаг уур, орчны шинжилгээний газраас одоогоор зөвхөн тавдугаар сарын урьдчилсан төлөвийг мэдээлээд буй аж. 1981-2010 оны дунджаас үзвэл, тавдугаар сард агаарын температур Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөлийн баруун, Архангайн баруун ба зүүн өмнөд, Говь-Алтайн хойд, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсэг, Завханы ихэнх нутгаар 5-9, бусад нутгаар 10-15 градус дулаан байдаг гэнэ. Энэ онд агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Баруун хуурай, Хонин усны хоолой, Алтайн өвөр говиор дунджаас дулаан байх аж. Ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим болон түүнээс ахиу хур тунадас унах гэнэ. Мөн шөнөдөө жиндүү хүйтэн, тал хээр болон говьд үе үе хүчтэй шороон шуурга шуурч, бэлчээрийн ургамал ургахыг удаашруулахын дээр малын хариулга, маллагаанд таагүй нөлөөлөх нь гэсэн төлөв л одоогоор байна. Ирэх улирлынх байтугай сарынх ч байхгүй гэсэн үг.

Цаг уурын байгууллагаас төлөв гаргачихсан хэрнээ нууж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Өнгөрсөн зун тэнгэрийн байдал таагүй, ихэнх нутагт ган болж, (үүнээс өмнөх жилүүдэд зуншлага сайхан байсан тул нийт иргэд, малчин, тариаланчдад гангийн зовлон нэлээд хүнд туссан) тариаланчид багагүй ургацаа алдсан нь энэ жилийн цаг агаар нууцын зэрэглэлд орох гол шалтгаан болсон гэнэ. Тэнгэрийн байдлыг худал "тааснаас” болж ургац их хэмжээгээр алдлаа гэж газар тариалангийн салбарынхан багагүй хэл ам гаргасан даа.

Үйл явдлыг сануулахад, өнгөрсөн оны тавдугаар сард газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, тариалалт бага зэрэг оройтож эхэлсэн. Зургадугаар сард агаарын температур нэлээд хэлбэлзэж, олон хоногоор халан, ган болж ургацын тэн хагасыг байгаль эх "авчихсан” билээ. Долдугаар сарын 20-ноос хойш хур тунадас орж, газрын өнгө сэргэж эхэлсэн. Гэхдээ хэчнээн халсан ч зуншлага сайжрах магадлал бага байсаар намрын эхэн сартай золгосон билээ. "Ийм байдалд хүрэхийг цаг агаарын байгууллага мэдээлээгүй. Урьдчилсан мэдээлэл бодит байдлаас хэт зөрсөн” гэж цөөнгүй хүн хэл ам гаргасан. Гангийн улмаас зөвхөн тариаланчид хохироогүй. Бэлчээрийн даац тааруугаас гадна малын хамар хатгах өвс бага ургасан. Үүн шиг хүнд байдалтай нүүр тулж гэмээнэ манайхан дахиад л барьц алдах тул мэдээлэл тун хэрэгтэй байгаа нь маргаангүй юм.

Байгалийн үзэгдэл учраас 2-3 сарын дараах тэнгэрийн байдлыг 100 хувь тааж мэддэг хүн байтугай багаж, тоног төхөөрөмж манайд, дэлхийд ч байхгүй. Гэхдээ техник технологийн хөгжил дээд цэгтээ хүрч, дэлхий нийтээр аялж буй (ялангуяа дулааны улиралд) иргэдэд хүссэн газрынх нь мэдээллийг өгч, жуулчлахад нь дөхөм болж байхад манайхан гадаадад байтугай дотоодын иргэддээ хэрэгтэй мэдээллийг нь гаргаж чадахгүй, сарын дараахыг арай ядан хэлчихээд сууж байгаа царай нь энэ. Ирэх өдрүүдийн төлөвийг гаргахдаа бодит байдалтай нь бага боловч нийцүүлэхийн тулд өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй, хэмжилтийн станцуудаа ойр цэгүүдэд байрлуулж, богино хугацааны нарийвчлалтайгаар мэдээллээ нэгтгэдэг байх шаардлагатай гэнэ. Гэтэл манайд сайндаа л сум бүрт нэг станц суурилуулсан байдаг. Зарим суманд байдаг ч үгүй учраас цаг агаарыг улирлын өмнөөс урьдчилан тааж мэдэх бэрх байгааг мэргэжлийн байгууллагынхан учирлаж байсан юм.

Мөн улирлын төлөв гэдэг нь тэнгэрийн араншин олон жилийн дунджаас хэр хазайхыг харуулсан хандлага төдий бөгөөд 80-90 хувь биелдэг, ойрын тав хоногийн мэдээ шиг баталгаатай биш гэнэ. Манай тоног төхөөрөмжийн байдал, сүүлийн үед эрчимжиж буй дэлхийн дулаарлаас шалтгаалж тэнгэрийн зурхайн (ялангуяа улирлын төлөвийн) 60-65 хувь л биелэх магадлалтай байдаг нь анхааралдаа авах ёстой бас нэг асуудал гэж үзэж болохоор аж.

Дэлхийн цаг агаар, уур амьсгал өөрчлөгдөж, тогтонги байсан олон зүйл хувьсаж эхэлсэн талаар мэргэжилтнүүд багагүй ярьж байгаа. Дэлхий нийтэд ч энэ байдал хүндрэл учруулж буй боловч асуудлаа шийдэж, мэдээллээ түгээсээр л байна. Харин манайхан л таг дуугүй. Бэлчээрийн мал аж ахуйтай, усалгаатай тариаланд шилжээгүй байгаа, хөдөө аж ахуйн орон учраас тэнгэрийн байдлыг зайлшгүй ажиж, ажлаа төлөвлөхөөс өөр аргагүй байгаа энэ цаг үед шүү дээ. Мэдээлэхгүй юм бол төлөв гаргах хэрэг юун.

Ч.МӨНХЗУЛ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.