Д.Амарбаясгаланд хууртагдах ХӨӨРХИЙ “Говь-Алтай”-чууд


МАН-ын генсек Д.Амарбаясгалан гэх эрхэм ёстой л нэг мандан бадарч мөнгөөр бороо оруулахыг утгаар нь харуулж байх шив. Хэрвээ уншчигчид санаж буй бол тэрээр өнгөрсөн тавдугаар сард гэнэт л төрсөн нутаг Говь-Алтай аймгийнхаа ард иргэдэд хайр зарлаж баг бүртээ хурдан удмын адуу бэлэглэж том намын, эрх баригч намын, мөнгөтэй намын дарга гэдгээрээ аархаж байсан. Тэгвэл мань хүн дахиад л хөрөнгө мөнгөөрөө гайхуулаад эхэлчихэж. Уг нь том намын генсект хийх ажил мундахгүй байгаа. Тухайлбал, нийслэлчүүд олноороо угаартаж долоон хүний амь нас эрсдэж хүн болгон л эрвийх дэрвийхээрээ энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ хэмээн оюун бодлоо чилээж явнаа.

Гэтэл мань дарга ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд бэлдэж нэр дэвших бэлтгэлээ базааж өөрийнхөө нэр бичээстэй даавуун тор, чийдэн зэргийг очсон хүн бүрт тарааж байгаа нь эмгэнэлтэй. Бас болоогүй ээ, эрхэм дарга өмнө нь нууцаа алдсан учраас энэ удаад алдахгүйг хичээж болсон үйл явдлыг  баталгаажуулах оролдлого хийх буюу гар утсаараа бичлэг хийж, зураг авах зэрэг үйлдлийг нь хориглосон гэж байгаа. Мэдээж том намын генсек нутаг нугынхаа иргэдийг ямар нэгэн аргаар цуглуулахын тулд төрсөн нутагтаа  “Төрөлх Алтай” ТББ гээчийг байгуулсан. Хамгийн хачирхалтай нь Д.Амарбаясгалан “Төрөлх Алтай” ТББ-ынхаа нэг жилийн ой хэмээж байгаа ч иргэдийг урьж буй анонс, зочиддоо өгч буй бэлэг зэрэгтээ “Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Амарбаясгалан” хэмээсэн байгаа юм. Энэ нь түүнийг яг ямар ажлаар явааг нь төвөггүйхэн илтгэх биз ээ.

Яг үнэндээ Д.Амарбаясгалан даргад өнөөдөр нийслэлийн иргэд угаартаж амь насаа алдах, Монгол Улс саарал жагсаалтад орох эсэх нь тийм ч сонин биш бололтой дог шүү. Уг нь түүний хамгийн их санаа зовох асуудал нь нийслэлийн иргэд угаартаж нас барсан үйл явдал. Учир нь тэрбээр Говь-Алтай аймгаас бус Нийслэлийн иргэдийн саналыг авч НИТХ-ын төлөөлөгч болж цаашлаад том намын генсек гэх эрх бүхий албан тушаалд суусан нэгэн. Гэтэл иргэд нь үйл олноороо хиарч амь насаа алдчихаад байхад мань хүн УИХ-ын гишүүн болохын тулд нутаг орныхоо иргэдийг тор, чийдэнгээр хуурч саналыг нь авахаар зэхэж буй нь юутай эмгэнэлтэй вэ.

Д.Амарбаясгалан яагаад чухам ингэтлээ улайрч УИХ-ын гишүүн болох гээд байна вэ гэдгийг уншигчид төвөггүйхэн ойлгох биз. Магадгүй 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН УИХ-д өнөөдрийнх шигээ олонхи болж чадахгүй учраас тус намын олон ч хүн толгой дээгүүрээ дээлээ нөмөрч аавынд морилох нь тодорхой болсон. Тиймээс л Д.Амарбаясгалан  УИХ-ын гишүүний дархан эрхийг эдлэж хуулийн хамгаалтад орохыг хүсч ийнхүү тэнэг алхам хийсээр байна.

Хууль дүрмээрээ бол УИХ-ын сонгуулийн хуульд бэлэг, сэлт тараахыг хориглосон байдаг ч хугацаа зарлагдаагүй, мөн ТББ-ын үйл ажиллагаа гэх “бамбай” зэргийг ашиглаж ийн яваа биз. Гэсэн хэдий ч эрх баригч намын гал тогоог атгаж буй Д.Амарбаясгалангийн үйлдэл өөрийг нь хуулийн гадна “алхаж” байна гэдгийг байнга бататгаж байна.

Намын дарга У.Хүрэлсүх нь хүртэл бүх шатанд хариуцлагын тогтолцоог сайжруулна хэмээж байсан ч генсекийнхээ толгойг илж, “хамгаалалт”-даа байлгасаар байгаа. Тодруулбал, Д.Амарбаясгалан 30 хувийг нь эзэмшдэг гэх “Тайшир Өргөө”, “Агро Технологи Шижирт” гэх компаниуд ЖДҮХС-гаас 2017, 2018 онд зээл авсан компаниудын жагсаалтад бий. Тэдгээр нь нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг ба зөвхөн “Тайшир Өргөө” ХХК нь л гэхэд 2017 онд 375.000.000 төгрөг авч дуулианд холбогдсон ч мань хүн ямар нэгэн аргаар сугарч хуулийн гадна үлдчихсэн. Хэдийгээр өнөөдөртөө тэрбээр эрх мэдэлдээ дулдуйдан хуулийн хаалганы цаана үлдэж чадсан ч гэлээ 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа хамгийн түрүүнд дуудагдах хүний нэрсийн дээгүүрт цохиж явна гэдгийг учир мэдэх хуулийн хүмүүс ч хэлж байна.

Эцэст нь хэлэхэд Д.Амарбаясгалан дарга гэнэт төрсөн нутгаа санаж, иргэдэд нь хайртай болж, хачин ихээр татагдах болсон нь  УИХ гэдэг ямар том хамгаалалт болж чаддагийг эрхэм дарга өөрийн биеэр мэдэрсэн бололтой дог шүү.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.