Ирэх онд эдийн засаг хямрах төлөвтэйг эдийн засагчид таамагласан. Гэтэл иргэд, аж ахуйн нэгжийн татвараас бүрддэг төсвийн мөнгөний багагүй хувийг халамж, тэтгэмжид олгохоор төсвийн төсөлд тусгажээ. Ялангуяа Сангийн болоод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар удаа дараалан “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг 200 мянган төгрөг болгон нэмнэ” гэж зарласныг олон нийт таатай хүлээж авсангүй. МСҮТ-д суралцагчдын сарын тэтгэлэг өмнө нь 45 000, дараа нь 70 000, энэ оны эхний сараас 100 000 төгрөг болж нэмэгдсэн. Тийм атал тэдний чадвар, чансаа ажил олгогч нарт гологдсоор. Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан Хөдөлмөрийн зах зээлийн эргэлтийн барометрийн судалгаанаас харж болно. Үүнээс гадна гадаадын мэргэжилтнүүдМонголд ирж ажиллаад МСҮТ-үүдэд тийм ч сайн үнэлгээ өгөөгүйг бид мэднэ. Тодруулбал, ЮНЕСКО-гийн шинжээч нар манай улсад ирж, гурван сар орчим ажилласан. Өмнө нь энэ талаар мэдээлсэн учраас давхардуулж муугаар нь “цоллоод” яах вэ.
Энэ нь 30-50 насныхан тус газарт олноор сурдагтай холбоотой гэнэ. МСҮТ-ийн зарим захирал ч үүнийг үгүйсгээгүй. Есдүгээр анги төгссөн 15 настай охиныг 50 насныхантай хамт дотуур байранд оруулдаг хэмээсэн
Гол нь энэ алдаагаа засахаар юу хийж байна вэ гэдгийг тодруулахаар салбарын яамны ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийгээд зарим МСҮТ-ийн захиралтай уулзав.
Улсын хэмжээнд МСҮТ болон Политехникийн 84 коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 33 нь хувийнх, 51 нь улсынх. 2018-2019 оны хичээлийн жилд техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн түр сургалтад 37 039 хүн суралцаж буй.
Социализмын үед ТМС-ийн сурагцагчдад тэтгэлэг өгдөг байсан. Гэхдээ хязгаартай. Оюутны байранд амьдардаг, өдрийн гурван удаагийн хоолыг нь улсаас даадаг оюутнууд тэтгэлэг авдаггүй. Харин гадуур амьдардаг оюутнууд 180-200 төгрөгийн тэтгэлэгтэй. Үүнээс гадна ТМС-ийнхныг дадлагын ажлын хувцсаар хангадаг. Мөн суралцсан хугацааг нь ажилласан жил дээр нь нэмж тооцдог. Хамгийн гол нь сайн сурдаг, дадлага нь үр бүтээлтэй тул улсаас авсан тэтгэмжээ төгсөхөөсөө өмнө хөдөлмөрөөрөө төлчихдөг байсныг ТМС-д сурч байсан төлөөлөл хэллээ. Харин өнөөгийн МСҮТ-д суралцагчдын олонх нь дадлагыг “халтуурдаж”, нэр төдий хийдгийг тэд шүүмжилсэн. Тэгвэл 2020 оноос 37 000 орчим “ажилгүйчүүдэд” төр жил бүр 80 тэрбум төгрөг зарцуулж эхлэх нь.
Өмнө нь МСҮТ-ийн 24 хүртэлх насны оюутанд тэтгэлэг олгодог байсан. Өдгөө өдрийн ангийн бүх оюутанд нас харгалзахгүй олгож буй. Харин олон нийт үүнийг эсэргүүцэж, тэтгэлгийг насны хязгаартай олгох ёстой хэмээн үзсэн.
ЭМЯ-ны нэгэн газрын даргын хэлснээр, мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчдын дунд бэлгийн замын халдварт өвчлөл их аж. Энэ нь 30-50 насныхан тус газарт олноор сурдагтай холбоотой гэнэ. МСҮТ-ийн зарим захирал ч үүнийг үгүйсгээгүй. Есдүгээр анги төгссөн 15 настай охиныг 50 насныхантай хамт дотуур байранд оруулдаг хэмээсэн. Нөгөө талаар өсвөр насныханд ахимаг хэд нь буруу үлгэрлэл үзүүлдэг гэх яриа ч байгаа юм. Нэг ёсондоо нас харгалзахгүй тэтгэдэг, сургалтын төлбөр авдаггүй нь дунд насныхныг МСҮТ рүү хошууруулах нөхцөл бүрдүүлжээ.
Учир мэдэх хүмүүс МСҮТ-үүдийн боловсон хүчнийг чамбайруулж, сургалтын хөтөлбөрийг нь сайжруулахад анхаарах цаг ирсэн гэв. Цөөн хэдэн газрыг эс тооцвол дийлэнх нь орос ном хуулж, боловсруулсан хөтөлбөрийг сургалтдаа ашигладаг сурагтай. Өөрөөр хэлбэл, аль улс орны сайн жишгийг авч, ямар технологиор сургалт явуулдаг нь тодорхойгүй, төлөвлөгөө, хөтөлбөрийн агуулгад асуудал байна гэдгийг ахмад багш нар ХНХЯ-ныханд удаа дараа хэлсэн аж. Тиймээс ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаас “МСҮТ цаг үеэ дагасан, шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөртэй юү. Ажил олгогчийн шаардлага хангасан мэргэжилтэй ажилчинг бэлтгэж чадаж байна уу” гэж асуусан ч хариулахаас татгалзлаа.
Өдгөө Сангийн яамныхан 80 тэрбум төгрөгийг хэрхэн гаргах вэ хэмээн хуруу хумсаа хуйхлан суугаа биз. МСҮТ-ийн оюутнуудад хавтгайруулсан халамж өгөлгүйгээр сургалтын чанар, дадлагын үр өгөөжийг дээшлүүлэх боломжтой аж. Учир нь ирэх жил төсөв хүндэрнэ, эдийн засгийн гол үзүүлэлт буурна хэмээн хэд хэдэн хүн байр сууриа илэрхийлээд амжсан. Тэгвэл бид төрд хүндрэл учруулахгүйгээр МСҮТ-өө хэрхэн тордох вэ. Эрдэмтэд МСҮТ-д олгож буй төсвийн 5-10 хувийг орон нутгийнхан гаргах ёстой гэв. Учир нь Дорноговь аймгийн МСҮТ-д голчлон дорноговьчууд сурна. Тэдний тав хүрэхгүй хувь нь бусад аймгаас ирдэг. Төгсөгчдөөс 10 хувь нь бусад газарт ажиллана гэдгийг амьдралын туршлагаар тооцоолжээ. Нөгөөтээгүүр, МСҮТ аж ахуйн нэгжийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгтэй аж. Одоогоор Барилга, политехник, хөдөө, аж ахуйн чиглэлээр сургалт явуулдаг зарим коллеж л аж ажуйн нэгжүүдтэй түншлэлийн гэрээтэй гэх юм билээ.
Барилгын компаниуд дадлагынх нь хугацаанд цалинтай ажиллуулдаг гэдгийг зарим оюутан хэлж байлаа. Тухайлбал, Барилгын политехникийн өрлөгийн ангийн II дамжааны оюутан Б “Гангар инвест” компанид цалинтай дадлага хийж буй. Өрлөгөө сайн хийдэг тул туслах бус үндсэн ажилчны цалингаар ажиллуулдаг гэсэн. Харин Сэлэнгэд хөдөө ажуйн чиглэлийн нэгэн МСҮТ-д суралцдаг оюутан Ц “Манай сургууль ногооны талбай, гахай, тахиа, зөгийн аж ахуйтай. Бид зунжин дадлага нэрийн дор аж ахуйд ажилладаг. Харамсалтай нь, намар тариалсан ногоо, хураасан бал зэргийг минь борлуулах төрийн дэмждэг байхгүй. Тиймээс оюутнуудад ямар нэг урамшуулал ирдэггүй” хэмээн ярилаа.
Манай улс орон сууцны барилга барихын тулд гадаадаас мянга мянгаар нь ажиллах хүч авдаг. Уг нь төрөөс дэмжээд, коллежууд барилгын компаниудтай түншлэлийн гэрээ байгуулчихвал, асуудал болоод байгаа сургууль, цэцэрлэгийн барилгаа 3-5 жилийн дотор барих боломжтой гэнэ. Гол нь оюутнуудын сурсан, дадлага хийсэн хугацааг ажилласан жилд тооцон, гүйцэтгэгч байгууллага нь тодорхой цалин өгөх зохицуулалт шаардлагатай аж. Энэ нь хавтгайрсан халамж өгсөнөөс илүү үр дүнд хүрэхийг мэргэжилтнүүд онцолж байна.
Ер нь дэргэдээ багахан үйлдвэрлэл явуулдаг МСҮТ орон нутагт цөөнгүй гэсэн. Төрөөс жаахан л дэмжээд өгвөл ашигтай, орлоготой, төсөвт дарамт учруулахгүй байх боломжтой аж. Тодруулбал, МСҮТ-ийн дэргэдэх үйлдвэрүүд ашигтай ажиллаад ирвэл оюутнууд цалинтай дадлага хийх боломж бүрдэнэ. Гол нь сургалтын хөтөлбөрийн чанар, агуулгыг сайжруулах шаардлагатайг эрдэмтэд дахин дахин сануулсаар байгаа юм. Сургалтын чанар сайжруулахгүйгээс зарим талаараа МСҮТ төгсөгчид гологдож буй. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс МСҮТ-үүд зөөлөн ур чадварыг сургалтаар эзэмшүүлэх шаардлагатайг зөвлөсөн. Дэлхий нийтээр ярьж, эхлээд буй аж үйлдвэрийн IV хувьсгалын баримталж буй гол бодлого нь зөөлөн ур чадвар. Яагаад энэ чадварыг МСҮТ-д хөтөлбөрт сургалтаар оруулах шаардлагатай гэж үү.
“Шинэ иргэншил” МСҮТ-ийн захирал Ж.Юра энэ талаар “Мэргэжлийг хоёр үндсэн ур чадвараар эзэмшүүлдэг. Гадаад буюу хатуу ур чадвар. Энэ нь аяга хийхэд ийм материал сонгож, тийм техногиор хийнэ гэж заадаг. Зөөлөн буюу дотоод ур чадвар нь зөв хандлага, ажил таслахгүй, бүтээлч санаачилгатай байхад сургадаг. Тиймээс Монголын төр шинэ залуу үеэ зөөлөн ур чадварт сургах нь чухал. Үүнийг дэмжиж байж улс орон урагшаа явна. “Оюутолгой”, “Тавантолгой” компанийн өгөөж 40-50 жилийн дараа дуусна. Юу үлдэх вэ монгол хүн л үлдэнэ. Тиймээс гадаадын ажиллах хүчинд шүтэхийн оронд МСҮТ-ийн оюутнуудаа төр дэмжих хэрэгтэй” гэлээ.
Ажил олгогчид ч “МСҮТ-ийнхөн дутуу заасан байж болно. Сар дагалдуулахад ажилдаа дөртэй болдог. Гол нь эдгээр хүүхдийн төлөвшил, хүмүүжил, нийгмийн дунд бие авч явах соёлыг яаж ч чадахгүй. Тэд сахилгагүй, ажил тасалдаг, архи уудаг, хөдөлмөрийн бүтээмж муутай, санаачилгагүй, сэтгэлгүй” гэж хэлжээ. Ийм л учраас ихэнх тохиолдолд МСҮТ төгсөгчид ажил дээр гараад гологдож, тогтвортой ажиллаж чаддаггүй.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг үүнийг хүлээн зөвшөөрч өнгөрсөн сард болсон мэргэжлийн боловсролынхны чуулганаар “Мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Мөн сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байна” хэмээн онцолсон.
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл