Сайжруулсан "Сайн түлш”ний хүрэлцээ ямар байгааг албаныхан нягталсан боловуу. Арга барсан иргэд нь ирэх өвөл зүүд, нойрондоо угаартаж эсвэл хөлдөж үхэх сонголтыг хийх ёстой юу.
Энэ сар гарснаар "Сайн түлш”нээс болж угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн тоо нэмэгдсэн. Сайжруулсан түлшнийхээ чанарыг сайн гэж магтан, сайрхаж суугаа улс, нийслэлийн удирдлагууд гадаах цаг агаарын хэм хэдтэй байгааг анзаарч байгаа болов уу. Утаа багассан гээд урамшаад байгаа нь түлшнээс үүдэлтэй юу, иргэдийн хэрэглээтэй холбоотой юу гэдгийг бас судалсан болов уу.
Албаныхан ч нүдэнд харагдах утаа үгүй боллоо хэмээн хөөрч байна. Гэвч гэрхорооллын иргэд маш бага галлаж байгаа. Хүмүүс угаартаад байгаа учраас амиаалдсанаас гэр маань бага сэрүүхэн байсан нь дээр хэмээж байна. Үндсэндээгадаа дулаахан учраас угаарын хийд хордчихгүйн тулд маш бага галлах болжээ.Намрын сар дуусаагүй, цаг агаарын хэм өдөртөө нэмэх зааж, шөнөдөө хасах 10 гаруйхантай байгаа үед галлагаа бага байх нь ч гарцаагүй.
Харин өвлийн сар гарч, ес эхлэн, хүйтний эрч чангарахаар нийслэлийн гэрхорооллын иргэд хэрхэх бол. Цаг агаарын хэм буурахад л "Сайн түлш”-ний борлуулалт багасаж, худалдаанд олдоц нь хомссдог. Төвлөрсөн цэгүүдэд худалдаалж байгаа хэмээдэг ч тэдгээр нь ажлын цаг дуусаад харьж яваа хүмүүст олдох нь тун чиг ховор. Зарим хүн түлш хайж 5-7 км яваад ч олдохгүй байна хэмээн цахим орчноор зарлан ойрын борлуулагчийг ч хайж байна.
Өвлийн цагт олдоц нь хэр байх бол. Есдүгээр сарын сүүлч гэхэд 180 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлчихсөн байгаа гэх мэдээллийг албанынхан өгч байсан. Мөн "Тавантолгой түлш” компани бүх хүчин чадлаараа ажиллахад сард 75 мянган тонн түлш бэлтгэх юм билээ. Тэгэхээр 10, 11, 12 дугаар сард дээд тал нь 225 мянган тонн түлш бэлтгээд, нийт 405 мянган тонн түлштэй болно гэсэн үг. Харин хэрэглэгч талдаа буюу зөвхөн гэр хорооллын айл өрх ирэх он гартал 400 мянган тонн түлш түлнэ гэсэн тооцоо ч бий. Түүнчлэн урьд нь тооцоонд ороогүй байсан1000 гаруй уурын зуух шахмал түлш түлэх шаардлагатай болсон. Үүнээс харахад энэ оны эцэс, ирэх оны эхээр улаанбаатарчууд шахмал түлшний хомсдолд орж, гал алдахад хүрэх нь. Анх гэр хорооллын өрхүүдийг шахмал түлшээр хангах үүргийг "Тавантолгой түлш" ХХК хүлээхдээ галлагааны улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг энэ хэрэглээг 600.000 тонн шахмал түлшээр хангана гэж байсан.
Тэгэхээр анхны тооцоолсон болон үйлдвэрийн хүчин чадлыг харьцуулаад үзэхэд иргэд шахмал түлшний хомсдолд орох нь гарцаагүй. Уг нь сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гаргаж, үйлдвэрийг улсын төсвөөс хөрөнгө гаргаж барих, технологийг нь турших, нөөцлөх зэрэг бүх ажлыг Засгийн газар л хийсэн. Болно, бүтнэ гэдэг үсгийг байнга хэлж байсан. Гэтэл өнөөдөр түлшнээс үүдэлтэй угаарын бурууг иргэд рүү чиглүүлж өөрсдийгөө хамгаалаад сууж байна. Цаашид энэ түлш нь хомсдолд ороход бас хэн рүү буруугаа чихэх болж байна. Шөнөдөө хасах 30 хэм хүрч иргэд гэртээ хөлдөж үхээд эхэлбэл бас ямар тайлбар хийх хэрэг вэ.
Сэтгэгдэл