Ширгэж буй Монгол


Гангийн гачаал

Эрдэмтэд, судлаачдын гаргасан төлөвөөр Монгол орны нийт нутагт 2021 оноос их хуурайшил буюу гангийн давтамж эхэлнэ. Энэхүү цаг уурын таагүй үзэгдэл 20 жил үргэлжилнэ гэсэн таамаг гарсан байна. Монголд өмнө нь нийт долоон удаа их хуурайшлын давтамж тохиож. Хамгийн удаан нь 58 жилийн хугацаанд үргэлжилж байсан гэхээр байгалийн хатуухан шалгуур ажээ.

Өнгөрсөн 30 жилд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн тэлэлт, хүнийбусад хүчин зүйлээс болж хэдэн зуугаар тоологдох гол, мөрөн, нуур ширгэж үгүй болсон. 2011 онд л гэхэд улсын хэмжээнд хийгдсэн усны тооллогын дүнгээр 6646 гол горхи тоологдсоны 551 нь, 3613 нуур тоологдсоны 483 нь ширгэсэн байжээ. Ирэх 20 жилд энэ статистик буурахгүй нь. Гол мөрөн, нуур цөөрөм ширгэж үгүй болоход нөлөөлж байгаа шалтгаан нь дулаарал, манай орны ойн сан багасч байгаа явдал ажээ. Мөн хүний буруутай үйл ажиллагаа гол хүчин зүйл болж буй.

Монгол орон 3826 нууртай. Нэг ам километр хүрэхгүй талбайтай жижиг нуур, тойрмоос эхлээд нэг мянгаас дээш ам километр талбайтай их нуурууд үүнд багтаж буй. Тухайлбал, Увс, Хөвсгөл, Хар ус, Хяргас гэсэн дөрвөн их нуур, Буйр, Хар нуур гэсэн хоёр том нуур болон есөн томоохон нуур, 12 бэсрэг нуур, есөн багавтар нуур, 29 бага нуур, 75 жижгэвтэр нуур, 287 жижиг нуур, 3399 нуур, тойром гэж хуваагдана. БОАЖЯ-наас гаргасан “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан. 2017-2018”-аас энэ талаар дэлгэрүүлж харж болно. Монгол орны ихэнх нууруудын усны түвшин сүүлийн 23 жилд буюу 1996-2018 онд буурах явцтай  байгаа нь тогтоогджээ. Усны тоо бүртгэлийн өнгөрсөн 2018 оны судалгаагаар манай орны газрын гадаргын усны 1495 эх үүсвэр хатаж, ширгэжээ.

Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940-2008 оны хооронд 68 жилийн дотор 2.14 градусаар дулаарсан нь дэлхийн агаарын дундаж температур 1906 оноос 2005 оны хүртэлх 99 жилд 0.74 градусаар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад гурав дахин өндөр байна. Энэ нь манай улсад дулаарал илүү эрчимтэйгээр явагдаж байгааг харуулж байгаа юм. Цаашдаа 2100 оны үед дэлхий дээр уур амьсгалын дулаарал 2
градусаар нэмэгдэх хандлагатай. Харин Монгол орны уур амьсгал 4 градусаар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан дүн гараад байгаа аж.

Усны сан бүхий газар 686.1 мянга га буюу нийт газар нутгийн 0.4 хувийг эзэлж байна. Усны сан бүхий газарт гол мөрөн 33.3 хувь, нуур, цөөрөм, тойром 64.6 хувь, горхи, булаг, шанд 1.8 хувь, мөнх цас, мөсөн гол
0.2 хувийг эзэлж байна.

БОАЖЯ. Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан. 2017-2018

Тосон нуурыг тосч буй аюул

Дайн байлдаанд шархадсан цэрэг эрс их хааны Аураг орд руу даруй буцаж, шорвог давст Тосон нуурын усанд биеэ анагаахуй тун хурдан илааршдаг байжээ. Ойр зуурын, овог аймгууд хоорондын эв түнжин хагарсан хатгалдаанд мэсний шарх авсан эрс тав, арваараа тийнхүү Тосон нуурнаа ирж биеэ сувилах нь ер жирийн хэрэг. Олон мянган бээрийн чанадад харь гүрнийг хураан түвшитгэх урт удаан аян дайны дараа их хаантан Хэрлэнгийн Хөдөө аралд бүхий Аураг ордноо залрахуй шархадсан цэргүүд Тосон нуурыг тойрон давхар хүрээ үүсгэн буудаг байв. Найман зуун жилийн тэртээхийг ийн төсөөлөн бодном. Аварга Тосон нуур тэр эртний түүхээ долгис тоолон өгүүлэх мэт бидэртэнэ.

Энэ нутгийн эрдэмт өтгөс, судлаач Ю.Пүрэв гуайн өгүүлсэнчлэн нээрээ л Эзэн Чингисийн үед дайн тулаанд шархадсан цэрэг эрс энэ нуурын хөвөөгөөр хэдэн давхар хүрээ үүсгэн бууж биеэ сувилан, нэг ёсондоо энд өнөөгийнхөөр бол цэргийн госпиталь ажилладаг байсан болов уу? Ийн хэлэхийн учир нь Аварга Тосон нуурын анагаах увдис, ид шидийг монголчууд олон зуун жилийн өмнө мэддэг байжээ. Хожим Манжийн үед урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, баруун зүүн дэнжид нь харц ардууд хотлон буугаад нуурт ордог байсан гэнэ.

Социализмын үед Аварга Тосонг зорин ирж нуурын усанд биеэ сувилж, тэнхрэх хүмүүсийн цуваа тасардаггүй байж. 1990 оноос хойш энэ цуваа хэдэн арав дахин нэмэгдэж зөвхөн эмчилгээ, сувилгааны зориулалтаар бус амарч, алжаалаа тайлах гэсэн хүмүүсийн хөлд Аварга Тосон нуур хотолзох шахам байх болжээ. Нуурын урд дэнжид олон арван амралт, сувиллын газрууд шавааралдан, машин техник холхиж, хүн, мал хөлхөх аж.

Харамсалтай нь ийнхүү амралтын газрууд олширч, амрагчид, сувилуулагчдынх нь тоо нэмэгдэх тусам Аварга Тосон нуурын ус алд дэлмээр татарч эхэлжээ. Дэлхийд өөр хаана ч байхгүй өвөрмөц, ховор найрлагатай нуурын ус бохирдож, эмчилгээ, сувилгааны үнэт чанараа ч алдахад тулж. Дэлхийд хаана ч байхгүй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан тодорхойлолт. Нуурын ус карбонатын төрөлд багтах шорвог устай. Эрсдэлжилтийн хувьд давслаг амттай бор саарал өнгөтэй, шүлтлэг. Нуурын усан дахь соданы найрлага 83 хувь хүрдэг байна. Аварга Тосон нуурын ус, эмчилгээний хар, шар шавар, Аваргын рашаан нь арьсны болон харшил хордлогын нөлөөтэй бүх эмгэгүүд, чихрийн шижин, дотоод шүүрэл бодис солилцооны эмгэгүүд, мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, үе мөчны хэрэх өвчин, хамар хоолойн эмгэгүүд, гэмтлийн дараах үеийн эмгэгүүдийг эмчлэх илааршуулах үйлчилгээтэй Монголын ганц ховор рашаан юм. Дэлхийн бусад улс орнуудад ийм рашаан бараг байхгүй ажээ.

Харамсалтай нь энэ хэвээрээ байх юм бол Аварга Тосон нуурт 30 жилийн дараа хүн орох аргагүй болно. Харин 50 жилийн дараа жаахан устай шалбааг л үлдэнэ. 50 жил гэдэг урт хугацаа биш. Өнөөдөр л нуураа хайрлаж, хамгаалж, хямгадаж тордохгүй бол маргааш энд алдарт Аварга Тосон нуур байсан юм гэсэн дурсамжаа тэврээд, хатаж хагарсан хоосон сайран дээр харуусал тээн зогсч байж мэдэх бодит аюул нүүрлэжээ.
Үүнийг аяны дөрөө мултлах төдий буугаад мордсон замын хүний сэтгэгдэл, ажиглалт төдийгөөр биш салбар салбарын эрдэмтдийн хийсэн судалгаа, тандалт, тоо баримтын үндсэн дээр хэлж байгаа юм.

Хөдөө аж ахуйн ухааны доктор. Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Баранчулуун

Судалгаагаар 2015-2019 оны сүүлийн таван жилийн дунджаас харахад нуурын талбай жил болгон 1000 ам метрээр, эргийн шугамын урт жил тутам 40 метрээр богиносч байгаа юм байна гэсэн дүгнэлт гарсан. 2021 оноос эхлээд 20 жилийн их хуурайшлын давтамж гарцаагүй эхэлнэ. Үүнээс өмнө нуурынхаа асуудлыг шийдэж авахгүй бол таван жилийн дараа бид нуураа яах вэ гээд, 10 жилийн дараа энд нэг сайхан нуур байж билээ гээд сууж байх болох нь.

Аварга Тосон нуураас зүүн тийш 400 метр зайд Бүрд нуур гэж бий. Энэ хоёр нүдэн нуурын онцлог нь газрын гүнээр хоорондоо гидравлик холбогдоогүй. Тиймээс нэг нь шорвог давстай, нөгөө цэнгэг устай. Өөр өөр эх үүсвэрээс тэжээгддэг гэсэн үг. Аварга Тосон нуур газрын гүнээс цэрдийн галавын доод хурдасны гурван зуун тавин сая жилийн настай гүний уснаас дээшээ оргилж тэжээгддэг. Харин Бүрдийн нуур бол мөнх цэвдгийн тэжээгдэлтэй. Тосон нуурын ёроол гурван давхар шавар үетэй учир доошоо ямар нэгэн шүүрэлтийн алдагдал байхгүй. Зөвхөн ууршилтын улмаас л усаа алддаг байна. Тиймээс ус нь эрдэсжих нөхцөл бүрдсэн аж. Харин Бүрд нуурын ёроол хайрган давхаргатай. Ёроолын шүүрэлтээрээ Аваргын голтой холбогдож усаа сэлбэж байдаг аж. 1998 онд Аварга Тосон болон Бүрд нууруудын дэргэд хоёр жижиг нуур байсан нь 2009 он гэхэд ширгэж алга болжээ. Түүнчлэн Аварга Тосон, Бүрд нуурууд ч 20 жил байтугай арваад жилийн өмнөхөөс эрс татарч жижгэрсэн байна. Аварга Тосон нуурын гүн 8-12 метр хүрдэг байсан бол одоо нэг метр хүрэх хэмжээнд багасчээ.

Ууршиж дуусахаас нь өмнө

Аврал эрж буй Тосон нуураа аврахаар Хэнтий нутгийнхан нэгджээ. Дэлгэрхаан сумынхан “Аварга Тосон” рашаан ус хамгаалах нийгэмлэг байгуулан хосгүй ганц нуураа ширгээлгүй авч үлдэхийн төлөө ажиллаж байгаа юм байна. Аварга Тосон нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, амралтын газрынхан болон орон нутгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, тодорхой санал санаачилга гаргажээ. Өнгөрсөн наймдугаар сард Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл, Дэлгэрхаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар Монголын эрдэмтдийн зөвлөл болон орон нутгийн төр захиргааны байгууллагууд хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлаар Аварга Тосон нуур болон Хөдөө арлын экологийн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх гарц, боломжуудын талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр эрдэмтэд судлаачдын хэлж анхааруулж байгаагаар хамгийн гэгээлэг өөдрөгөөр бодоход 50 жилийн дараа эмчилгээний үнэ цэнт чанартай Тосон нуур хатаж шал тойром төдий болох нь. Байгаль цаг уурын нөхцөл улам дордож хуурайшил эрчимтэй явагдаж, хүний буруу сөрөг нөлөөлөл энэ хэвээр замбараагүй үргэлжилбэл бүр 10-хан жилийн дараа гэхэд л энэхүү рашаант нуур ширгэж алга болж мэдэхээр байгаа ажээ.

Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Баранчулуун

Аварга Тосон нуурын талаар хамгийн сүүлийн үеийн даацтай судалгааг хийж, урьд өмнө судалгаанд орж байгаагүй тоо, баримтуудыг анх гаргаж иржээ. Түүний хэлж байгаагаар Монгол орны гол, нууруудын усны түвшин эрс багасч байгаа нь маш эрчимтэй явагдаж буй ууршилттай холбоотой гэнэ.

Орсон хур тунадас тэр чигээрээ ууршин алга болж байгаа гэсэн үг. Хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар говийн бүсэд жилд орж байгаа хур тунадасны хэмжээнээсээ ууршиж байгаа чийг нь 50 дахин их байгааг тогтоожээ. Увс аймагт мөн хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар жилд орж байгаа хур тунадасны хэмжээнээс ууршиж байгаа усны хэмжээ 5 дахин их, төвийн бүсэд гурав дахин их, Хэнтийн Дэлгэрхаанд долоо дахин их байжээ.

Энэ дээр үндэслээд Тосон нуурын усны балансыг бодож гаргасан байна. Тосон нуур жилдээ 132 мянга шоо метр буюу 132 мянган тонн ус ууршилтаар алддаг байна. Мөн үүн дээр хэрэглээний улмаас 230 тонн ус алдагддаг аж. Аварга Тосонд жил бүр 25 мянган хүн ирж 5-7 хоног амарч нуурын усанд ордог гэж тооцоолоход ямар ч нөхөн сэргээлтгүйгээр алдагдаж буй усны хэмжээ.

Үүний эсрэгээр нуурын ус хэрхэн сэргээгдэж сэлбэгддэг талаар судлахад хур тунадасаар 21 мянган шоо метр, гадаргын урсац, ойр хавийн горхиноос 29 мянган шоо метр, нуурын өөрийн ундаргаар 81 мянган шоо метр усаар сэлбэгддэг байна.

Хэнтий аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар гол горхи 395, нуур тойром 310, булаг шанд 849, рашаан 23, нийт 1582 гадаргын усны объект тоологджээ. Харин 12 гол горхи, таван нуур тойром ширгэсэн дүнтэй
байна.

Дуунд гардаг шиг жилээс жилд жижгэрч байгаа Тосон нуурыг аварч үлдье гэвэл цаг агаарын их хуурайшилтын мөчлөгөөс өрсөн усны нөөцийг нь нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрийг нь хадгалах алхмуудыг цаг алдалгүй хийх ёстой. Энэ талаар доктор Ш.Баранчулуун тодорхой санал, санаачилга гаргаж, өөрийн гэсэн хувилбарыг дэвшүүлжээ. Түүний үзэж байгаагаар Тосон нуурын усны нөөцийг яг одоогийн байгаа
түвшинд тогтвортой байлгая гэвэл жилд ойролцоогоор 14-15 мянган шоо метр ус өөрөөр хэлбэл таваас есдүгээр сарын хооронд өдөр тутам дунджаар 100 тонн усыг нууранд тасралтгүй сэлбэх шаардлагатай аж. Тэгж чадвал энэ нуур ширгэхгүй үлдэх магадлалтай. Ингэхийн тулд Аваргын голын уснаас тусгай хоолой татан Тосон нуур руу цутгаж усыг нь сэлбэх боломжтой гэж үзэж тооцоо, судалгааг нь хийсэн байна. Аваргын гол Тосон нуураас гурван километр орчим зайтай.

Голын дунд урсац хавьд бага оврын насос ажиллуулан хоногт дунджаар 8-10 цаг ажиллуулахад 100 тонн усыг 3200 метр хоолойгоор дамжуулан нуурын ус руу сэлбээд байх боломжтой аж. Голын гольдролд байгуулах шүүрлийн худаг, ус өргөх насос станц, ус дамжуулах далд яндант шугам хоолой, түүний хаалт арматурууд, нуур руу ус цутгах зориулалттай цохилгын худаг, цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны трансформатор, насос станцын барилга зэргийг барьж байгуулахад хамгийн дээд үнээр бодоход 100 сая төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Хөрөнгө оруулалт нь шаардагдвал эдгээр байгууламжийг сарын дотор барьчихна. Үүнд, салбарын яам, аймаг, орон нутгийн идэвх санаачилга л хэрэгтэй.

Тосон нуурыг аварч үлдэх дараагийн нэг хувилбар бол механик арга, зохион байгуулалтын арга. Үүнд ямар нэгэн хөрөнгө мөнгө шаардахгүй. Сум орон нутгийнхны сэтгэл зүтгэл, идэвх санаачилга, иргэд олон нийтийн  дэмжлэг туслалцаа л мэдэх асуудал. Юуны өмнө тэнд үйл ажиллагаа явуулж буй 250 гаруй аж ахуйн нэгж, амралт сувиллын газрууд нуураа хамгаалах ажлыг оройлохгүй бол замбараагүй олон бие засах газар, бохир, хог хаягдлын цэг, олон зуун авто машинаас ялгарах утаа зэрэг нь Тосон нуурыг бохирдлын эх үүсвэр болсоор байгаа ажээ. Нуурын эргэн тойрныг бүрэн хашаажуулж, ганцхан орц гарцтай болгон, нуурын усанд орох хүмүүсээс хураамж авах, эргэн тойронд нь мод тарьж ойжуулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж нуур орчмын хөрс эвдрэлд орох, дагтаршихаас сэргийлэх, нуур руу мал оруулахгүй байх
гэх зэрэг олон ажил зөвхөн хүний хүчин зүйлээс шалтгаална. Энэ бүхэн сум орон нутгийн ИТХ санаачилга гаргаад хийх ажил.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, ган гачиг зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бууруулахын тулд Тосон нуурын усны нөөцийг хадгалж, хамгаалах гарцыг эрдэмтэд боловсруулсныг дээр
өгүүлсэн. Үүнд тодорхой хөрөнгө оруулалт шаардагдана. Харин нуурын бохирдол бол хүний үйл ажиллагаанаас 100 хувь хамааралтай. Өвчин эмгэгээ илааршуулахаар, эсвэл алжаал ядаргаагаа тайлж амрахаар зорьж очдог нуураа бохирдуулахгүй байхад тухайн хүнээс зардал мөнгө огт гарахгүй. Сэтгэлгээ, хандлага, дадал зуршилдаа л өөрчлөлт хийхэд болчих асуудал.

Г.Сонинбаяр 

Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.