Монгол Улс далайд гарцгүй ч Далай ашиглах тухай хуультай. Энэ хуулийг бүр 1999 онд баталж байжээ. Манай улс 1921 оны Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Барселоны тунхаглал, 1948 оны Олон улсын далайн байгууллагын тухай конвенц, 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц зэрэг олон далайн салбарын 29 конвенц, протоколд нэгджээ. Үүнийхээ дагуу манай улс Далай ашиглах тухай хуулиа баталж олон улсын түвшинд олгосон эрхээ эдэлж, үүргээ хүлээж ирсэн байна. Харин Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитаар манай жлс далайн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцэд заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг хуульдаа тусгах шаардлагатай болсон нь тогтоодсон байна. Тухайлбал, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу төрийн далбайгаа ашиглуулж буй эзэн улсынхаа хувьд хяналтын механизм бүрдүүлэхийг зөвлөжээ. Товчхондоо, манай улсын Далай ашиглах тухай хуулийн зохицуулалтыг цаг үеэсээ хоцорсон гэж дүгнэжээ. Тиймээс тухайн зөвлөмжийнх нь дагуу Засгийн газар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна.
Монгол Улсын төрийн далбаатай хөлөг онгоцыг удирдах хөлгийн ахмадын эрх, үүргийг тодорхой болгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр далайд аялаж байх хугацаанд үүсэх бүх эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсын хэм хэмжээнд манай улсын хууль нийцэх юм байна. Мөн хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар Далайн захиргааны газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх ажээ. Тухайлбал, тус газар нь “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанийг чиглэл удирдамжаар хангаж ажиллана гэж хуулийн төсөлд тусгажээ. Одоо Далайн захиргааны газрын Хөлөг онгоцны бүртгэлийн алба нь бүртгэл хариуцсан нэг ахлах мэргэжилтэн, далбааны эзэн улсын хянан шалгагч гурван ажилтантай ажиллаж байна. Далай ашиглах тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар тус газрын бүтэц, орон тоонд ч өөрчлөлт орох аж. Манай улс төрийн далбаагаа ашиглуулах үйл ажиллагаагаа Сингапур улстай хамтран байгуулсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компаниар дамжуулан явуулдаг юм. Монгол Улс энэхүү үйл ажиллагаагаа 2003 оноос эхлэн явуулж, төрийн далбаагаа ашиглуулж иржээ. Энэ хугацаанд нийтдээ 30 гаруй улсын 3500 орчим хөлөг онгоцыг бүртгэсэн бөгөөд тогтмол 260 орчим онгоц Монгол Улсын төрийн далбааг далайд мандуулдаг байна.
Далай ашиглах тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар төрийн далбаагаа ашиглуулж буй улсынхаа хувьд хяналт сайжрахаас гадна далайн боомт ашиглах, хөлөг онгоц түрээслэхтэй холбоотой зохицуулалт тодорхой болох ажээ. Манай хоёр хөрш Монгол Улстай далайн боомт ашиглуулах, дамжин өнгөрөх тээврийн хөнгөлөлт эдүүлэх гэрээ хэлэлцээр байгуулсан. Үүнийхээ дагуу далайн боомтуудад газар эзэмших эрх олгосон юм. Хоёр хөрштэйгөө байгуулсан гэрээ хэлэлцээрээ хэрэгжүүлэх, олгосон боломжийг нь ашиглахад Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга чухал ач холбогдолтой гэдгийг Засгийн газар онцолжээ.
ЕAGLENEWS.MN
Сэтгэгдэл