Зам тээврийн сайд М.Зоригт, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаяр нар Сингапурт байрлах "Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанийг хувьчлах яриа хэлэлцээ хийхээр зэхэж байна. Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаяр эхлээд Сингапурт очиж "Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компанийн ТУЗ-ийг хуралдуулаад дараа нь Шанхайд ирж Сингапурын талынхан хувьцаа эзэмшигчидтэй тохиролцох аж. Уг нь УИХ-аар хэлэлцүүлэлгүй, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэн хувьчлахаар зэхэж байна. Өөрөөр хэлбэл, "Монголын хөлөг онгоцны бүртгэл” компаний нь ЗТЯ-ны Далайн захиргааны газар өөрийн эрх мэдлийн дагуу байгуулсан Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай ижил статустай учраас хувьчлах эсэх нь УИХ-аар шийдвэрлэгдэх учиртай. Тиймээс ч энэ салбарын сайдаар Н.Төмөрхүү ажиллаж байхдаа далайд гарцгүй Монгол Улс далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэх боломжоо ашиглан далайн салбарт өөрсдийн боловсон хүчинтэй болж Монголын бараа бүтээгдэхүүнийг их далайгаар тээвэрлэн гадны орнуудад нийлүүлэх, Олон улсын нийгэмлэгийн өмнө хүлээх хариуцлага, манай далбааг ашиглаж буй орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, үйл ажиллагаанд хяналт тавьж чадах эсэхэд анхаарах нь чухал гэдгийг онцлон бодлогоо чиглүүлж ажиллаж байсан.
Тэр үед дээрх компанийг хамтран эзэмшигч Далайн захиргаа болон Сингапурын тээвэр ложистикийн компанийн байгуулсан гэрээг дүгнэж Монголын талд ашиггүй нь тодорхой байсан учраас тодорхой хэсэгт нь өөрчлөлт оруулсан байдаг. Ингэснээр хагас жилийн байдлаар 600 мянган ам.долларын ашигтай харагдаж байсан гэхээр энэ янзаараа бол оны эцэст нэг сая гаруй ам.доллар буюу хоёр тэрбум орчим төгрөгийн цэвэр ашигтай байж ч мэдэхээр найдлага төрүүлж буй. Хямралын энэ цаг үед жилд нэг сая ам.долларын цэвэр ашиг сул ороод ирж буй компанийг хувьчилж өөрийн болгох нь М.Зоригт сайдын дараагийн "бай” болоод байгаа бололтой. Монгол төрийн далбааг түрээслүүлээд жилд Гэтэл далбаа ард түмний өмч, харин түүнийг түрээсэлж ашиг олдог компанийг хэдхэн хүн худалдаад авчихаар нийтийн эрх ашиг сонирхол нь тэрхүү бүлэглэлийн эрх ашгийн дараа тавигдаж таарч байна. Мөн энэ ашиг сонирхлын бүр цаад "эзэн” нь өөр хүн ч байж болохоор ижил төстэй үйл явц, өнгө төрх ажиглагдсаар байгаа билээ.
Зам тээврийн сайдаар А.Гансүх ажиллаж байхдаа "Далайн хөдөлмөрийн тухай” Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци, "Аврах ажиллагааны тухай” 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж байсан. Эдгээр конвенци нь манай улсын далайн салбарын хувьд шинэ эрх зүйн орчинг бий болгож байгаа төдийгүй, "Далайн хөдөлмөрийн конвенци” нь ирээдүйд далайн тээвэр эрхлэхэд зайлшгүй шаардагдах боловсон хүчин болох далайчдын хөдөлмөрлөх нөхцлийг тогтоосон шинэ стандартуудыг олон улсын нэг гэрээнд нэгтгэж зохицуулахад чиглүүлэн, далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлсэн чухал олон улсын конвенци юм. Энэ конвенцийн өмнө Монголыг төлөөлж хамтарсан компанийг хувьчилж авсан эзэд нь хариуцлага хүлээнэ гэдэгт итгэхэд бэрх юм.
Харин М.Зоригт сайдын үед "Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компанийг хувьчлах нь л илүү чухал бололтой. Зүйрлэвэл, "Монголросцветмет”-ийг хувьчилъя гээд тухайн салбарын сайд нь Оросын талынхантай уулзаад л Засгийн газарт санал оруулаад хувьчилчих гэж байгаатай адил тийм том эрх мэдлийг өөртөө олгочих санаатай бололтой. Хачирхалтай нь Зам тээврийн яаманд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Ё.Манлайбаяр одоогоор ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажилладаг бөгөөд Зам тээврийн сайдад зөвлөхөөр ажилладаг. Төрийн албаны ямар тогтолцоо гэхээрээ нэг яамны газрын дарга нөгөө салбарын сайдын зөвлөхөөр давхар ажиллаж болдог юм бол оо.
Ингээд тэр хоёр нийлээд л аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй, хамтран хувь эзэмшигч Сингапурын талтай тохиролцоод л хувьчилчих юм гэнэ. Хувьчилж болно, хувьчилж авсан компани нь Монголын далбаагаар ашиг хонжоо олоод байх амархан. Харин Монголын далбаа бол Монголын ард түмний өмч. Үүний цаана манай улсын нэр хүндтэй хамааралтай том хариуцлага бий. Монголын далбаатай хөлөг онгоцтой холбоотой гэмт үйлдэл цөөнгүй гарч байсан. Энэ бүхэнд хяналт тавих гэж олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн. Гэтэл төр дээрх компанийг хувьчилчихаад "Одоо бидэнд хамаагүй, хувьчилж авсан компанитай нь ярь” гэх үү.
Монгол Улс ОУДБ-ын гишүүнээр 1996 онд нэгдэж орсон бөгөөд гишүүн хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж өнөөдрийг хүртэл нийт 288 862.08 ам.долларын гишүүнчлэлийн татварыг төлөөд байна. Энэ татварын цаана хариуцлага бий. Дээрх татварыг хувьчилж авсан компанийн өмнөөс төр төлөх үү.
ЗТАЖЯ-ны Далайн захиргааны дарга асан Д.Галсандондог 2009 оны есдүгээр сард " "Жилд дунджаар 200 хөлөг онгоц бүртгэгдэж, 1.5 сая ам.долларын хураамжийг авдаг. Үүний 700 мянга нь Сингапур дахь компанийн усан онгоцны засвар гэх мэт дотоод зардалд зарцуулагддаг. Үлдсэн 50 хувийг нь Сингапур, Монгол Улс хуваадаг. Өөрөөр хэлбэл жилд 400-500 мянган ам.долларын ашиг олдог. Энэ хуваарилалтыг бид 2010 он гэхэд 60/40-ийн харьцаатай болох юм. Манай улсын далайн захиргаа 5-7 хүний бүрэлдэхүүнтэй. Одоогоор Монгол Сингапурын хамтарсан компанийн хувьцааны 55 хувийг Монгол, 45 хувийг Сингапур улс эзэмшиж байна. ТУЗ-ийн дарга нь хүртэл ЗТБХБЯ-ны дэд сайд Т.Пүрэвдорж байдаг. ТУЗ-ийн долоон хүний дөрөв нь Монгол, гурав нь Сингапураас байх жишээтэй” гэхчлэн ярьсан байдаг.
Дээрх хамтарсан компанийн дэд захирлаар УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийн хүү Ц.Хангай, бүртгэгчээр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ажиллаж байсан. Ц.Хангайг ажилдаа маш сайн гэж хамтарсан компанийн удидлагууд үнэлдэг бол бүртгэгч Н.Энхтуяа 2009 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг. Гэхдээ Сингапурт байрладаг дээрх хамтарсан компанид болон Далайн захиргаанд ямар нэг хохирол учруулаагүй гэдэг юм билээ.
Дашрамд дурьдахад 2001 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газар, Сингапур Улсын "Маритайм чейн” компанитай хамтарсан компани байгуулах тухай хэлэлцээр байгуулж, "Монголын Хөлөг онгоцны бүртгэл” компанийг байгуулсан аж. 2003 оноос манай улс далбаагаа түрээсэлж эхэлсэн байна. Манай улсын бүртгэлд далайн хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагааг эрхэлдэг байсан Сингапурын "Маритайм Чейн” компани 2010 онд өөрийн эзэмшилд байсан 40 хувийн хувьцаагаа /манайх 60 хувийг эзэмшдэг/ Сингапурын "Сенат шиппинг” /Далайн тээврийн компани/ болон "Сингкласс” компанид заржээ. Үүнээс хойш хөлөг онгоцны бүртгэлийн орлогоос Монгол Улсын Далайн захиргаа 55 хувь, Сингапурын хувь эзэмшигч "Сенат шиппинг” 30 хувь, Сингапурын хувь эзэмшигч "Сингкласс” 10 хувь, Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба /ТӨҮГ/- 5 хувийг тус тус эзэмшиж байна гэсэн мэдээлэл байдаг.
Нэмж сануулахад одоогоос таван жилийн өмнө буюу 2009 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд С.Баярын Хятадад хийсэн айлчлалын үеэр Тяньжины чөлөөт бүс, Чинзоу боомтод бараа, түүхий эд, нүүрсээр ч атугай бараа солилцоогоо 50 жилийн хугацаатай 100 га газар түрээсэлж, далайд гарцтай болох санамж бичиг байгуулж байсан. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр бол өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаа болон БНСУ-ын далайн тээврийн компанийн хөрөнгө оруулалттай тус улсад бүртгэлтэй далайн тээврийн хамтарсан компани байгуулахыг Зам, тээврийн сайд болон ТӨХ-нд зөвшөөрсөн байдаг.
Тэгвэл одоо энэ жишгээр Засгийн газрын хуралдаанаар Сингапурт байрлах Монголын хөлөг онгоцны бүртгэл компанийг хувьчлах шийдвэр гарч мэдэхээр байна. Гаднаас нь харахад өмчгүй мэт боловч жилд хоёр тэрбум төгрөгөөс буухгүй орлого бүхий компанийг хувьчлах шийдвэр гарвал ямар журмаар хувьчлах нь тодорхойгүй байгаа юм. Үүнийг "банктай сайд” М.Зоригт, хоёр салбарын яаманд давхар алба хашдаг Ё.Манлайбаяр нар тааллаараа шийдэж мэдэхээр байгааг эртнээс сонордуулах нь зүйтэй болов уу.
Х.Хангай
Zaluu.com
Сэтгэгдэл