Эрх баригч МАН татан буугдах цаг нь хэдийн болжээ. Учир нь өнгөрөгч пүрэв гарагт А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал болж, тэднийг сонгуулийг будлиантуулсан хэмээн ял ногдуулсан. Түүгээр ч зогсохгүй шүүх хурлын үеэр прокурорын зүгээс бичлэг 2014 онд хийгдсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болгох саналаа хэлсэн ч тэр хоёрыг заавал “ялла” гэсэн шиг шүүхээс 2016 онд бичлэг дэлгэгдсэн гэж үзээд дөрвөн жилээр ялласан.
Тэгвэл зөвхөн тэр хоёр “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт буруутгагдах бус, харин ч өнөөдрийн эрх баригч МАН-ынхан бүгд хууль бусаар төрд заларсан гэсэн үг. Үндсэндээ ердөө л А.Ганбаатар, Ц.Сандуй нараар туг тахичихаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд МАН-ын албан тушаалтнууд өөрсдөө үлдсэн гэсэн үг.
Үүнийг нь баталж нэг үе УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Амарбаясгалан даргаа чиний хоёр найз 60 тэрбумын хэрэг үнэн гэж хэлсэн чиний үнэн болж, ял авлаа. Бодвол чи хундага тулгаж байгаа байлгүй. МАН-ын гишүүдээ шударга ёс ярьсан хамгийн арчаагүй ЖДҮ-чин, тендерчин энэ новшоос болгоомжлоорой.” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Үнэхээр ч 60 тэрбумын хэрэг гээч дуулиан эхэлсэн цагаас улстөрчид талцсаар ирсэн. Ингэхдээ эвлүүлэг биш гэж байсан хэрнээ албан тушаалдаа шигдсээр байгаа нь ямар учиртай хэрэг вэ.
Энэ тухай МАН генсек Д.Амарбаясгалан бүр 2017 оны наймдугаар сард “Би өнөөдрийг хүртэл 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэж бодож ирсэн” хэмээж байсан. Тэгвэл өнөөдөр тэрхүү бичлэг нь эвлүүлэг бишгээд хоёр хүнд нь ял оноочихлоо. Тэгэхээр тэрхүү бичлэгийн дагуу ажилласан албан тушаалтнууд буюу МАН-ынхан бүгдээрээ шүүх танхимд очдоггүй юмаа гэхэд ард нийтээс уучлал гуйгаад, албан тушуулаа өгөх нь зүй ёсны хэрэг биш гэж үү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл өмнө нь “Бид “60 тэрбумын хэргийг дахиж сэргээн шалгаж байгаа. Үнэхээр тийм асуудал болсон бол хуулийн байгууллага шалгах ёстой” гэдэг байсан. Тэгснээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцэх үед “60 тэрбумын асуудал чинь үнэн шүү дээ” гээд ам алдчихсан. Угаасаа 60 тэрбумын схемийг ярьж байх үед У.Хүрэлсүхийг тэнд байсан гэж гэгээн дүрийг нь дүрсэлсэн фото зургийг хүртэл алдарт “60 тэрбумын схемийн” өмнө авхуулснаар гэрчилж, мань хүн өөрөө ч үнэн гэдгийг нотлоод байхад нь шалгаагүй өнгөрсөн. Гэтэл өнөөдөр түүний “ҮНЭН” гэж хэлсэн нь давхар батлагдаж, А.Ганбаатар, Ц.Сандуй нар ял авсан. Эс бөгөөс одоо өөрөө Ерөнхий сайд болсон болохоор “ХУДАЛ, ЭВЛҮҮЛЭГ” гэж хэлэх үү.
Эсвэл бүр энэ “60 тэрбумын хэрэг” чинь ердөө л М.Энхболдыг унагах тактик төдийгүй А.Ганбаатар, Ц.Сандуй золислогдох схемийг давхар гүйцэлдүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын давхар нууцлал бүхий схемээ байсан хэрэг үү. Төрийн эрхийг барьж буй МАН, түүний толгойд суугаа хүмүүс бүгд л “60 тэрбумын хэрэг” эвүүлэг биш, хуулийн байгууллагад шалгуулна гэж чанга дуугарч байснаа өнөөдөр яагаад чимээгүй болчихов гэдэг нь олны анхаарал татсаар байгаа.
Учир нь энэхүү схем 2014 онд үйлдэгдсэн, 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулсан. Тэгэхээр МАН-ынхан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулаагүй гэж хэн батлах болж байна. Эвлүүлэг биш гэж хэлсэн хүмүүс нь төрийн толгойд сууж байгааг олон нийт харж байна. Тиймээс төрийн эрхийг хууль бусаар авсан МАН-ынхан өөрсдийн хүслээр татан буугдаж, дахин эхлэх нь ядаж нэрэнд нь цэвэр баймаар.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл