Д.Сумьяабазар сайд амиа хоохойлох уу


 

Д.Сумьяабазар сайд амиа хоохойлох уу

 

-Д.Сумъяабазар сайд аа, аюултай цагт нөхрөө хаясан хүнийг муу нөхөр гэдэг-

Бага ангийн сурах бичигт баавгайтай таарсан хоёр хүүгийн тухай өгүүлэл гардаг. Хэрвээ өнөөгийн улстөрчид санаж байгаа бол нөхөрлөлийн талаарх тэрхүү сургамжид баавгайтай таарсан хоёр хүүгийн нэг нь модонд авирч, нөгөө нь газар үхсэн мэт хэвтдэг. Баавгай газар байсан хүүг үнэрлэчихээд явдаг. Модон дээр байсан хүү бууж очоод "Баавгай чамд юу хэлэв” гэхэд "Аюултай цагт нөхрөө хаясан хүнийг муу нөхөр” гэнэ гэсэн хэмээн хариулдаг.

Ийм л агуулга бүхий сургамжит өгүүлэлүүдийг уншиж, сонсож өссөн залуус өнөөдөр улстөрд хөл тавьмагц нөхөрлөл байтугай хүн чанараа ч алдаж байна уу гэлтэй.

Яг л үүнтэй адил УИХ-ын сонгуулийн өмнөх жил өнөөгийн эрх баригч МАН-ынхан "гал тогоондоо” багталцахгүй, барьцалдаж, бас заримыгаа шүүхээр далайлган "багалзуурдаж, боож” байна. Тийн боолгуулсан хүмүүсийн нэг нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуй гэдгийг олон хүн хэлж байгаа. Гэвч ил хэлж, өөрсдийнхөө дайсныг хурцлаад яах вэ хэмээн шивнэлдэх болжээ. Түүнчлэн энэ цаг үед нийслэлийн МАН-ыг толгойлж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг одоо л ямар эр хүн, хэн бэ гэдгээ харуулна гэх нь ч байна.

Учир нь тэдний хувьд улстөрд 2008 оноос эхэлж хамтрах болсон. 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн үеэр Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга, Д.Сумъяабазар СХД-ийн МАН-ын хорооны дарга байсан төдийгүй ялалтын төлөө хамтдаа зүтгэсэн, хүссэндээ ч хүрсэн гар нийлсэн хүмүүс гэдэг. Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга байх хугацаандаа 2016 оны сонгуулиар хэний ч санаанд оромгүй байдлаар ялалтын буухиаг эхлүүлсэн. Гэвч 60 тэрбумын гэх хэрэгт хутгамагц, өөрийн хүсэлтээр ажил, албаа өгсөн. Харамсалтай нь МАН-ын томчууд нуухаа авах гээд нүдээ сохлов гэгчээр "60 тэрбумын хэрэг” гээчээс нэг мөсөн салахын тулд, нэрээ цэвэрлэж байгаа мэтээр Ц.Сандуйд ял үүрүүчихсэн. Энэ нь нөгөө талдаа бол өөрсдөө ийм хэрэг болсон, тэр бичлэг эвлүүлэг биш гэдгийг бататгаж өгсөн явдал болсон.

Ц.Сандуй 60 тэрбумын асуудлаас болж ажлаа өгсөн ч арыг нь залгах хүнгүй нийслэлийн МАН-ынхан жил гаруйн хугацаанд хурлаа ч хийж чадахгүй байсан үе бий. Тэгж байж УИХ-ын гишүүн, УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ыг толгойлохоор болсон. Түүнд ялалтын буухиа түүчээлэх эрх олдсон ч мань хүн одоо хэрхэх бол гэдэг нь эргэлзээтэй. Түшиг тулгуур мэт хамтран ажиллаж ирсэн Ц.Сандуй нь байхгүй. Тиймдээ ч ирэх оны сонгуулийн үйл явцаас илүү Д.Сумъяабазарыг ямар хүн болохыг Ц.Сандуйтай холбоотой асуудалд хэрхэн хандаж, түүний төлөө юу гэх бол гэдэг хүлээлт намынхан болоод олон нийтийн дунд бий болжээ. Залуу хүн, хамтрагчаа хохирч, золиослогдсон үнэнийг өчих үү, зүгээр л намын бусад гишүүд шигээ чихээ бөглөөд, амаа бариад таг суух болов уу. Одоо нэгэнт Ц.Сандуй МАН-ын гишүүн биш. Гэхдээ түүнд энэ намын гишүүн байж, эрх баригчид ялалтын тугаа өргөж, хундага тулгах шалтгааныг нь бий болгосон гавьяа бол байгаа. Харамсалтай нь тэр гавьяаг нь гай болгож хувиргасан хүмүүс ч МАН-д бий. Тиймээс л МАН-ын батлахтай ч хүн гэдэг утгаараа хамтрагчийнхаа төлөө үнэн үгсийг хэлэх хүн Д.Сумъяабазар шүү дээ гэж шивнэлдэгсэд байгаа биз.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.