Зөвлөлт-Финийн дайн: Сталин зорилгодоо хүрч чадсан уу?


Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1939 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зөвлөлт-Финландын дайн эхэлжээ. Уг цэргийн мөргөлдөөн дэгдэхийн өмнө хоёр тал газар нутаг солилцох асуудлаар нэлээд хугацаанд хэлэлцээ хийж байсан боловч үр дүнд хүрэлгүй дууссан юм. ЗХУ-д энэ дайн нь Германтай хийсэн дайны сүр дуулианд дарагдаад бараг дурсагддаггүй байсан бол өнөөгийн Орос улсад ч мөн адил. Гэтэл Финландад энэ дайныг манайхаар бол Аугаа их Эх орны дайнтай зүйрлэдэг хэвээр байна гэж Оросын түүхч Евгений Антонюк Зөвлөлт-Финийн дайны тухай нийтлэлдээ бичжээ.  

Энэ дайны түүх бараг мартагдаж, түүний тухай цэрэг-эх оронч баатарлаг үйлсийг сурталчилсан кино огт хийгээгүй ба ном зохиол ч маш ховор бөгөөд дайны тухай “Принимай нас, Суоми-красавица” гэдэг ганцхан дуу бий. Гэсэн хэдий ч уг мөргөлдөөн үүссэн шалтаг, шалтгааны талаарх маргаан мэтгэлцээн өнөөдрийг хүртэл өрнөсөөр. Энэ дайныг эхлүүлэхдээ Сталин чухам ямар зорилго тавьж байсан бэ? Тэрбээр Финландыг “зөвлөлтжүүлэх”, улмаар түүнийг ЗХУ-ын нэгэн бүгд найрамдах улс болгох бодолтой байсан уу? Эсвэл түүний хувьд Карелийн хошууг авах, Ленинградын аюулгүй байдлыг хангах нь илүү чухал байсан уу?    

Дайны оршил

1930-аад оны 2 дугаар хагаст Европ даяар дипломат хэлэлцээнүүд ер бусын идэвхтэйгээр өрнөж байлаа. Бүх том гүрнүүд шинэ дайн ойртож буйг мэдэрч, холбоотон болох улс орнуудын эрэлд гарчээ. Марксист онолоор бол өөрийнх нь гол дайсан болох капиталистуудтай тохиролцохоос өөр аргагүй нөхцөл байдал ЗХУ-ын хувьд бий боллоо. Коммунизмын эсрэг үзлийг үзэл суртлынхаа гол чиглэл болгосон нацистууд Германд засгийн эрхийг авчээ. Энэ явдлаас үүдэн Зөвлөлтийн удирдлага идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас аргагүйд хүрлээ.

1935 онд ЗХУ, Франц хоёр Харилцан туслалцах гэрээ байгуулсан ба уг тохиролцоо Германы эсрэг чиглэсэн гэдэг нь илт байв. Энэ гэрээ дорно дахины гэрээний нэг хэсэг байсан бөгөөд түүний дагуу Дорнод Европын бүх орнууд, түүний дотор Герман улс хамтын аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоонд орох ёстой байжээ. Ингэснээр эдгээр улс орон бие биенийхээ эсрэг түрэмгийлэл үйлдэх боломжгүй болох юм. Гэвч германчууд “гар хөлөө тушуулах” дургүй байсны дээр польшууд гэрээний нөхцлийг хүлээж аваагүй учраас дээрх гэрээ зөвхөн цаасан дээр л үлдэв.

1939 онд буюу Франц-Оросын гэрээний хүчинтэй хугацаа дуусахын өмнөхөн шинээр хэлэлцээ хийх болж, түүнд Их Британи улс оролцож эхэллээ. Энэ үед Герман улс түрэмгий ажиллагаа явуулж, Чехословакийн нутгийн зарим хэсгийг эзлэн авснаас гадна Австрийг өөртөө нэгтгэжээ. Үүндээ германчууд сэтгэл ханах шинжгүй байлаа. Гитлерийг хазаарлан тогтоохын тулд англичууд, францчууд ЗХУ-тай холбоотны гэрээ байгуулах зорилго өвөрлөж байсан бол германчууд бусад улс орныг ирээдүйд болох дайнаас холхон байхыг ятгаж байв.

Сталин холбоотон болох гэж буй улсуудын алинд нь ч итгэхгүй байсан бол Англи, Франц хоёр ЗХУ-ыг өөрсдийн талд оруулан дайтуулахаар төлөвлөж байв. Энэ нь Сталинд болгоомжлол төрүүлсэн бөгөөд учир нь, эцсийн эцэст ЗХУ л дайны хүндийг үүрнэ гэдэг нь тодорхой байв. Харин ЗХУ-ыг дайнаас хол хөндий байлгахын тулд германчууд асар их бэлэг сэлт амлаж байлаа. Сталинд ч энэ нь таалагджээ. /Хараал идсэн хөрөнгөтнүүд хоорондоо байлдаж л байг/  

Түүнээс гадна, Зөвлөлтийн цэргийг өөрийн нутгаар нэвтрүүлэхгүй гэсэн польшуудын байр сууриас үүдэн Англи, Франц хоёртой хийж байсан хэлэлцээ мухардалд оржээ. Эцэст нь, ЗХУ дайны хөлөөс хол байхаар шийдэж, Харилцан үл довтолцох гэрээг германчуудтай байгуулсан юм.

Финчүүдтэй хэлэлцээ хийсэн нь

Дипломат маневрууд хийгдэж байсан тэр үетэй зэрэгцээд Зөвлөлт, Финланд хоёр ч мөн адил хэлэлцээ хийж байлаа. 1938 онд Зөвлөлтийн удирдлага финчүүдэд хандан, Гогланд арал дээр Зөвлөлтийн бааз байгуулах зөвшөөрөл хүсэв. Учир нь, германчууд Финландын чиглэлээр цохилт өгч магадгүй гэж Зөвлөлтийн тал болгоомжилж байсан бөгөөд Харилцан туслалцах гэрээ байгуулах, тэр ч бүү хэл германчуудын зүгээс Финландын эсрэг түрэмгийлэл үйлдвээс ЗХУ финчүүдийн талд байлдана гэсэн баталгааг хүртэл өгөх гэж байжээ.

Гэвч тухайн үед хатуу төвийг сахих бодлого баримталж байсан финчүүд “хэрвээ ийм тохиролцоо хийвэл таагүй явдалд татагдан орно” гэдгээс болгоомжилж байлаа. ЗХУ-ын тал гэрээг нууцаар хийхийг санал болгосон боловч финчүүд зөвшөөрсөнгүй.

Хэлэлцээний хоёрдахь үе шат 1939 онд эхэллээ. Энэ удаа ЗХУ-ын зүгээс Ленинград хотыг тэнгисийн талаас чандлан хамгаалах зорилгоор Финийн булан дахь бүлэг арлыг түрээслэх саналыг финчүүдэд тавьжээ. Гэвч хэлэлцээ ямар ч үр дүнгүй дуусав. 

Финландын Ерөнхийлөгч Юхо Кусти Паасикиви хэлэлцээ хийхээр Москвад ирээд байгаа нь. 1939 оны 10 дүгээр сарын 16

Хэлэлцээний 3 дахь үе шат Молотов-Риббентропын гэрээ батлагдаж, Дэлхийн II дайн эхэлсний дараа буюу 1939 оны 10 дугаар сард эхлэв. Энэ үед гол том гүрнүүд дайнд татагдан орсноор ЗХУ-ын “хөл гарын хүлээс” нь тайлагдаж, чөлөөтэй болсон байлаа. Энэ удаад Зөвлөлтийн талаас газар нутгийн солилцоо хийх санал тавив. Тодруулбал, Карелийн хошуу ба Финийн хойг дахь бүлэг арлуудыг авсныхаа хариуд Дорнод Карелийн өргөн уудам нутгийг Финландын талд өгөх, өөрөөр хэлбэл, ЗХУ-д шилжүүлснээс илүү том нутгийг өгөх саналыг финчүүдэд тавьжээ. 

Гэхдээ энд нэг зүйлийг онцлох нь зүйтэй: Карелийн хошуу бол дэд бүтэц маш сайн хөгжсөн газар нутаг байсан бөгөөд тэнд Финландын 2 дахь том хот болох Выборг оршиж, тус улсын хүн амын 10 хувь нь амьдарч байв. Харин ЗХУ-ын санал болгосон Карелийн нутаг нь хэмжээний хувьд том боловч хүн ам суурьшаагүй, дан ойгоор бүрхэгдсэн газар байв. Иймээс тэгш бус солилцоо болох байлаа. 

Финчүүд арлуудаа өгөхийг зөвшөөрсөн боловч Карелийн хошууг өгөх бодолгүй байв. Учир нь, уг газар хүн ам олонтой, дэд бүтэц сайн хөгжсөнөөс гадна тэнд Маннергеймийн хамгаалалтын шугам оршдог. Финландын батлан хамгаалахын стратеги нь энэ шугамд л голлон тулгуурладаг байв. Харин ЗХУ-ын хувьд, уг хошууг авснаар хилийн шугамыг Ленинград хотоос дор хаяж хэдэн арван км-ээр холдуулах боломжтой. Тэр үед Финландын хил ба Ленинградын захын дүүргүүдийн хооронд ердөө 30 орчим км-ийн зайтай байжээ.

Майнилийн будлиан

Хэлэлцээ 11 дүгээр сарын 9-ний өдөр ямар ч үр дүнгүй дууслаа. Үүнээс хэдхэн хоногийн дараа 26-ны өдөр хил орчмын Майнила тосгонд хилийн ноцтой будлиан гарсан нь дайныг өдөөх шалтаг болжээ. Зөвлөлтийн талын баталж байгаагаар, Финландын нутгаас галласан их бууны сум Зөвлөлтийн нутагт дэлбэрсний улмаас Улаан армийн 3 цэрэг, нэг бага дарга амь үрэгдсэн байна.

Молотов тэр даруй финчүүдэд хандан “цэргээ хилийн шугамаас 20-25 км-ийн зайд татах”-ыг шаардлаа. Хариуд нь финчүүд “манай талаас хэн ч гал нээгээгүй гэдгийг мөрдөн шалгалтын явцад тогтоосон бөгөөд Зөвлөлтийн нутагт ямар нэгэн золгүй явдал болсон бололтой” гэж мэдэгджээ. Финландын тал хоёр талын цэргийг хилээс дотогш татаж, үүссэн хилийн будлианыг хамтран мөрдөн шалгахыг уриалав. 

Маргааш өдөр нь Молотов Финландын талд ноот бичиг илгээж, итгэл эвдсэн, дайсагнасан хэмээн финчүүдийг буруутгаад Харилцан үл довтолцох тухай Зөвлөлт-Финийн гэрээг дангаараа цуцалж байгаагаа мэдэгдсэн байна. Улмаар хоёр хоногийн дараа Финландтай дипломат харилцаагаа тасалсны дараа Зөвлөлтийн цэрэг давшилтанд оров. 

Өдгөө судлаачдын ихэнх нь “хилийн өдөөн хатгалга, будлианыг Финланд руу довтлох шалтаг олохын тулд Зөвлөлтийн тал өөрөө зохион байгуулсан” гэж үздэг. Гэхдээ ямар ч тохиолдолд уг будлиан нь дайн дэгдэх ердөө шалтаг байсан гэдэг нь тодорхой.  

Дайн

Зөвлөлтийн цэргийн цохилтын гол чиглэл нь Карелийн хошуу байсан бөгөөд энэ газар нь бэхлэлтийн шугамаар хамгаалагдсан байлаа. Бөөн хүчээр цохилт өгөх, Ажилчин тариачны Улаан армид бараг илүүдэлтэй байгаа танкуудыг ашиглахад хамгийн тохиромжтой чиглэл нь энэ байсан юм. Хүчтэй цохилтоор хамгаалалтыг сэтлэн, Выборг хотыг эзлээд Хельсинкийн чиглэлд давших төлөвлөгөөг Улаан армийн командлал боловсруулжээ. Цохилтын хоёрдахь чиглэл нь Төв Карель байсан бөгөөд уг эзгүй газар оронд өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулахад хүндрэлтэй байлаа. Гуравдахь чиглэл нь хойд зүгээс цохилт өгөх.

Дайн эхэлснээс хойших эхний сар бол Зөвлөлтийн армийн хувьд жинхэнэ ёсоор сүйрэл авчирсан үе байв. Улаан арми ямар ч зохион байгуулалтгүй, ямар ч чиг баримжаагүй болж, штабуудад эмх замбараагүй байдал ноёлж, үүссэн нөхцөл байдлыг ойлгож мэдрэхгүй байлаа. Карелийн хошуунд Улаан арми бүтэн сарын дотор хэдхэн км газар урагшлан давшсаныхаа дараа Маннергеймийн хамгаалалтын шугаманд тулж ирээд зогслоо. Хүнд их буунууд байгаагүйн улмаас уг бэхлэлтийг давах ямар ч боломж байсангүй.  

Төв Карельд нөхцөл байдал үүнээс ч дор байлаа. Өтгөн шигүү ой нь партизаны тактикаар байлдахад тохиромжтой байсан бөгөөд финчүүдийн эсрэг тулалдахад Зөвлөлтийн дивизүүд бэлэн бус байв. Финландын жижиг отрядууд Зөвлөлтийн цэргийн цуваанууд руу дайрсныхаа дараа маш түргэн холдон зайлж, ойн гүн дэх өнгөлөн далдалсан нуувчиндаа орж байлаа. Замыг минажүүлсний улмаас Зөвлөлтийн цэрэг багагүй хохирол амссан юм.

Финийн цэргүүд 

Карелийн чиглэлд Зөвлөлтийн 163-р дивиз давшиж байсан бөгөөд зорилго нь Оулу хотыг эзэлж, Финландыг хоёр хэсэгт хуваах явдал байв. Давшилт хийхийн тулд Зөвлөлтийн хил ба Ботнийн хойгийн эргийн хоорондох богино чиглэлийг зориуд сонгожээ. Ингээд Суомуссалми тосгоны ойролцоо тус дивиз бүслэлтэнд орсон байна. Дивизэд туслуулахаар дөнгөж фронтод ирээд байсан, танкийн бригадаар хүч нэмэгдүүлсэн 44-р дивизийг илгээв. 

Тус дивиз 30 км урт Раатын замаар явж байлаа. Финчүүд хэд хэдэн газарт отолт хийж, цуваа сунаж уртсахыг анаж байгаад хүн хүчээр хамаагүй давуу байсан Зөвлөлтийн дивиз рүү гэнэт довтолж, бүслэн авч, хэд хэдэн хэсэгт таслан хуваасныхаа олон жижиг отрядын хүчээр бутниргэжээ.

Тус дивиз асар их хохирол амсаж, бараг бүх техник, хүнд зэвсэглэлээ алдсан ба бүслэлтээс гарч чадсан дивизийн командлалын офицеруудыг хээрийн шүүхээр оруулан буудан хороожээ. Үүнтэй төстэй байдлаар хэд хэдэн дивиз бүслэлтэнд орсон бөгөөд асар их хохирол амсаж, зэвсэг техникийнхээ ихэнхийг алдан байж бүслэлтээс гарсан байна. Тухайлбал, Өмнөд Леметти-д бүслэлтэнд орсон 18-р дивизийн 15 мянган албан хаагчаас дөнгөж 1500 нь бүслэлтээс гарч чаджээ. Дивизийн командлалыг цэргийн шүүхээр оруулж, буудан алах ял оноосон байна. 

Карелид хийсэн давшилтын ажиллагаа бүтэлгүйтэв.Харин хойд чиглэлд Зөвлөлтийн цэрэг харьцангуй амжилттай давшсанаар дайсны тал Баренцийн тэнгис рүү нэвтрэх боломжийг хаасан юм. 

Бүгд Найрамдах Ардчилсан Финлянд улс

Дайн эхэлсний дөнгөж дараахан Улаан армид эзлэгдсэн хил орчмын Териоки хотод Бүгд Найрамдах Ардчилсан Финлянд улсын засгийн газар байгуулагдлаа. Түүний бүрэлдэхүүнд ЗХУ-д амьдарч байсан Финийн коммунист зүтгэлтнүүд оржээ. ЗХУ уг засгийн газрыг тэр даруй албан ёсоор хүлээн зөвшөөрч, Харилцан туслалцах тухай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу газар нутгийн солилцоо, цэргийн баазуудын талаарх Зөвлөлтийн талын бүх шаардлагыг биелүүлэхээр тохиролцсон байна.  

Түүнчлэн Финийн ардын армийг эмхлэн байгуулж эхэлсэн бөгөөд уг армид фин, карель үндэстэн цэргүүдийг татахаар төлөвлөж байжээ. Гэвч финчүүд ухрах явцдаа нутгийн бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн тул Зөвлөлтийн армид алба хааж байсан дээрх үндэстний цэргүүдээр бүрдүүлэхээс аргагүйд хүрлээ. Гэвч тэдний тоо цөөхөн байлаа.

Эхэн үедээ шинэ засгийн газрын тухай хэвлэлүүдэд байнга мэдээлж байсан боловч тулалдааны талбар дахь бүтэлгүйтэл, финчүүдийн шаргуу эсэргүүцэл нь дайныг сунжрахад хүргэжээ. 12 дугаар сарын сүүлчээс эхлэн БНАФУ-ын засгийн газрын тухай хэвлэлүүдэд бичих нь цөөрсөөр 1 дүгээр сарын дунд үеэс огт дурдахаа болив.

Дайны төгсгөл

1940 оны 1 дүгээр сард их хүйтэрснээс үүдэн байлдааны идэвхтэй ажиллагаа явагдсангүй. Улаан арми финчүүдийн хориглолтыг сэтлэхийн тулд Карелийн хошуу руу хүнд их буунуудаа татсаар байлаа. 

2 дугаар сарын эхээр Зөвлөлтийн армийн ерөнхий давшилт эхлэв. Энэ удаад их бууны галын бэлтгэл хийсний дараа давшилтанд орсон нь анги нэгтгэлүүдийн ажиллагааг хөнгөвчилж өглөө. Сарын сүүлч гэхэд бэхлэлтийн эхний хэд хэдэн шугам сэтлэгдэж, 3 дугаар сарын эхээр Зөвлөлтийн цэргүүд Выборг хотод дөхөж иржээ.

Эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж байгаа нь 

Финчүүдийн анх төлөвлөж байснаар бол, тэд Зөвлөлтийн цэргийг аль болох удаан хугацаанд хориглон саатуулж, Англи, Францын тусламжийг хүлээх нь чухал байжээ. Гэвч тусламж ирсэнгүй. Энэ нөхцөлд цаашид эсэргүүцэл үзүүлэх нь тусгаар тогтнолоо алдахад хүргэнэ гэж болгоомжилсон финчүүд хэлэлцээ хийхээр шийдэв.

Улаан армийн цэргүүд Финийн бэхлэлтийг эзэлсний дараа 

3 дугаар сарын 12-ны өдөр Москва хотноо Энхийн гэрээ байгуулагдсанаар Финландын тал дайны өмнө тавьж байсан Зөвлөлтийн бүх шаардлагыг биелүүлэхээр болжээ.

Сталин чухам ямар зорилготой байсан бэ?

Өнөөдрийг хүртэл энэ асуултанд тодорхой хариу алга. Зөвлөлт-Финийн хилийг Ленинградаас 100 км зайд холдуулахыг тэрбээр хүсч байв уу, эсвэл Финландыг “зөвлөлтжүүлэх”-ийг эрмэлзэж байв уу?

80 жилийн турш энэ тухай мэтгэлцээн маргаан үргэлжилж байна. Хамгийн магадлалтай хувилбар гэвэл, Сталинд Ленинградаас хилийн шугамыг холдуулахын тулд газар нутгийн шаардлага тавих минимум зорилт, нөхцөл байдал нааштайгаар эргэсэн тохиолдолд Финландыг “зөвлөлтжүүлэх” гэсэн максимум зорилт байжээ. Гэвч дайны үйл явц таагүйгээр өрнөж байсан тул максимум зорилтоос тэр даруй татгалзсан байна. Түүний сацуу, финчүүд маш шаргуу эсэргүүцэл үзүүлэхийн зэрэгцээ Зөвлөлтийн армийн давшилтанд өртөж болзошгүй нутгуудаас хүн амыг нь нүүлгэн шилжүүлсэн тул Зөвлөлтийн суртал ухуулагчид Финийн хүн амтай тулж ажиллах боломж гарсангүй.

Дайны “үр дүн”

ЗХУ ихэнх зорилгодоо хүрсэн боловч энэ нь асар их үнэ цэнээр олджээ. Зөвлөлтийн тал Финийн армиас хамаагүй илүү хохирол амссан байна. Янз бүрийн эх сурвалжуудын тоон мэдээллүүд хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг. Тухайлбал, Зөвлөлтийн 100 мянга орчим цэрэг тулалдааны явцад алагдсан ба шархдаж, хөлдсөний улмаас нас барж, сураггүй алга болсон тухай мэдээ бий. 

Ингэснээр Улаан армийн нэр хүнд унажээ. Дайн эхлэх үед Зөвлөлтийн арми бие бүрэлдэхүүний хувьд Финийн армиас олон дахин давуу байсан төдийгүй илүү сайн зэвсэглэсэн байлаа. Ажилчин тариачны Улаан арми их бууны тоогоор 3 дахин, нисэх онгоцоор 9 дахин, танкийн тоогоор 88 дахин давамгайлж байв. Гэсэн хэдий ч тус арми давуу байдлаа ашиглаж чадаагүй төдийгүй дайны эхэн үед хэд хэдэн хүнд ялагдал хүлээсэн юм.

Байлдааны ажиллагааг Герман болон Британид анхааралтай ажиглан харж байсан бөгөөд Зөвлөлтийн армийн чадваргүй байдлыг гайхан шогширч байлаа. Финландтай хийсэн дайны явцыг ажиглаж байсан Гитлерийн хувьд “Улаан арми тулалдааны талбарт маш сул байгаа тул ЗХУ руу довтолж болох юм байна” гэдэг итгэл төржээ. Офицеруудыг нь хэлмэгдүүлэн цэвэрлэгээ хийсний улмаас Зөвлөлтийн армийн байлдах чадвар суларсан гэж британичууд үзээд, ЗХУ-ыг холбоотон болгоогүйдээ олзуурхав.  

Бүтэлгүйтлийн шалтгаанууд

ЗХУ оршин байх үед Улаан армийн бүтэлгүйтлийг тухайн үедээ сэтлэхийн аргагүй гэгдэж байсан  Маннергеймийн хориглолтын шугамтай холбон тайлбарлаж байв. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол маш дэгсдүүлсэн яриа юм. Уг бэхлэлтийн шугамын ихэнх хэсэг нь газар дорх модон хийцийн, эсвэл чанар муутай бетоноор 20 жилийн өмнө барьсан хуучин байгууламжууд байжээ. 

Дайны өмнөхөн уг хориглолтын шугамд “саятан” гэдэг нэртэй хэд хэдэн дотыг нэмж барин бэхэлсэн аж. Саятан гэсний учир нь дот бүрийг барихад нэг сая фин марк зарцуулсантай холбоотой гэнэ. Гэсэн хэдий ч уг байгууламжийг “сэтлэхийн аргагүй” гэж хэлэхээргүй байсан. Артиллерийн галын бэлтгэлийг сайтар хийж, агаарын дэмжлэгийг оновчтой зохион байгуулсан тохиолдолд үүнээс ч илүү орчин үеийн хориглолтын шугамыг сэтлэх боломжтой гэдгийг амьдрал өөрөө нотлон харуулсан билээ. Тухайлбал, Францын Мажиногийн хамгаалалтын шугамыг германчууд сэт цохисон нь үүнийг гэрчилнэ. 

Бодит байдал дээр болвоос, дээд командлал болон байлдааны талбарт байсан хүмүүсийн гаргасан дорх алдаанууд Зөвлөлтийн армийн давшилтыг бүтэлгүйтэхэд хүргэжээ. Үүнд:

1. Эсрэг талыг дутуу үнэлсэн. Финчүүд дайнд хүргэлгүйгээр манай шаардлагуудыг хүлээж авна гэдэгт Зөвлөлтийн командлал итгэлтэй байсан бол дайн эхэлсний дараа “хэдхэн долоо хоногийн дараа ялалт байгуулсан” гэж үзэж байлаа.   

2. Армид зохион байгуулалт алдагдсан. Цэргийнхний дунд явуулсан өргөн хэмжээний “цэвэрлэгээ”-ний улмаас дайн эхлэхээс нэг жилийн өмнө Улаан армийн командлалын бие бүрэлдэхүүний нэлээд хэсэг нь солигдсон байлаа. Шинэ дарга нарын зарим нь шаардлага хангахгүй байсан бол туршлагатай командлагч нар томоохон анги нэгтгэлүүдийг тулалдаанд удирдах туршлага суугаагүй байв. Анги нэгтгэлүүдэд эмх замбараагүй байдал ноёлжээ.

3. Давшилтын төлөвлөгөөг хагас дутуу боловсруулсан. Өрнөдөд Герман, Франц, Британи гурав дайтаж байх хооронд Финландын хилийн асуудлыг аль болох түргэн шийдэх гэж Зөвлөлтийн удирдагчид яарч байлаа. Үүнээс болоод давшилтын бэлтгэлийг хааш яйш хийжээ. Маннергеймийн шугамд гол цохилтыг хийхээр төлөвлөж байсан боловч уг бэхлэлтийн талаарх тагнуулын мэдээлэл бараг байсангүй. Бүдүүн баараг байдлаар схем зургууд хийсэн боловч тэдгээр нь бодит байдлаас хол зөрүүтэй байсан нь хожим тодорхой болсон байна.

Эхний дайралтууд сохор таамгаар тэмтчсэнтэй адил зүйл болсноос гадна хөнгөн их буунууд бэхлэлтийн байгууламжуудад гавьтай хохирол учруулж чадахгүй байлаа. Давшиж буй анги нэгтгэлүүдэд хүнд их буу бараг алга байв. Давшилт хийх оролдлого бүр асар их хохирол дагуулж байсан. Арайхийж 1940 оны 1 дүгээр сард л хориглолтыг сэтлэхэд бэлтгэх үйл явц хэвийн зөв голдрилдоо оржээ.      

4.Улаан армийн хувьд, өвөрмөц онцлог бүхий газар оронд өвлийн цагт байлдааны ажиллагаа явуулахад бэлэн бус байв. Наад зах нь гэхэд, өнгөлөн далдлах нөмрөг, дулаан хувцас дутагдалтай байлаа. Энэ бүх зүйл агуулахад хадгалагдаж байсан ба дайн сунжрах нь нэгэнт тодорхой болоод байсан 12 дугаар сарын 2 дугаар хагаст л тэдгээр хувцас хэрэглэлийг анги нэгтгэлүүдэд хүргэж байжээ. Дайн эхлэх үед Улаан армид цаначин цэргүүдээс бүрдсэн ганц ч анги нэгтгэл байсангүй. Түүнээс гадна, дов сондуул ихтэй газарт байлдахад үр дүнтэй гэдэг нь батлагдсан Дегтярёвын пулеметыг зэвсэглэлээс хасч, агуулахад шилжүүлсэн боловч орчин үеийн пулеметууд анги нэгтгэлүүдэд очоогүй байв.    

5. Газар орноо сайн мэддэг давуу талаа финчүүд маш чадамгүй ашиглажээ. Хэт олон техниктэй Зөвлөлтийн дивизүүд замаар цуварч, ойд байлдаж чадахгүй байлаа. Хүнд техникгүй шахам финчүүд хөдөлж ядаж буй Зөвлөлтийн дивизүүд зам дээгүүр хэдэн км урт сунасан цуваанд орохыг анаж байгаад хэд хэдэн чиглэлд зэрэг цохилт өгч, дивизийн анги нэгтгэлүүдийг бие биеэс нь тасалж байв. Давчуу орон зайд түгжигдсэн Зөвлөлтийн цэргүүд Финийн цаначид, мэргэн буудагчдын хувьд хөнгөхөн бай болжээ. Улаан армийнхан бүслэлтээс гарахын тулд техникүүдээ зам дээр орхихоос өөр аргагүйд хүрлээ.  

6. Финчүүд суурин газруудаас оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж, эд хогшлыг нь зөөж, эзэнгүйрсэн тосгон суурингуудыг минажүүлэн устгаж байв. Энэ нь Зөвлөлтийн цэргүүдийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлжээ. Учир нь, “ах дүү Финийн ажилчин, тариачдыг тэвчихийн аргагүй дарлал мөлжлөг, Финийн цагаан гвардынхны доромжлолоос чөлөөлөхөөр явж байгаа шүү, та нар” гэж цэргүүдэд ухуулж байв. Гэтэл чөлөөлөгчөө угтаж буй ажилчин, тариачдын оронд шатсан байшингийн нурамнууд л тэднийг хүлээж байлаа.

Дайны үеийн ухуулах хуудас ба Зөвлөлтийн цэргүүд нуувчинд 

Хэдийгээр ийм алдаа дутагдлууд байсан ч гэлээ Улаан арми дайны явцад алдаанаасаа суралцан, байлдах чадвараа сайжруулж чадсан. Дайны 2 дахь үе шатанд Зөвлөлтийн арми илт зохион байгуулалт сайтай болжээ. Гэвч жилийн дараа Германы эсрэг дайн эхлэх үед дээрх зарим алдаанууд дахиад л давтагдсан билээ.

Б.Адъяахүү

Эх сурвалж: https://historylost.ru/2016/11/30/talvisota/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.