2020 оноос мэдээллээ ил тод болгосон байдлыг бус, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг илүү үр дүн талаас
Төсвийг хэмнэлттэй, хариуцлагатай , хуулийн хүрээнд зарцуулсан талаарх мэдээллээ төрийн байгууллагууд, яамд болон аймгууд шилэн дансандаа хэрхэн байрлуулж ил тод байдлаа хангасныг төсвийн хяналтын чиглэлээр ажилладаг “Үнэн хатамж” ТББ “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр мониторинг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын 60 орчим хувь шилэн дансанд хугацаандаа аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажлаа мэдээлсэн бол 40 хувь нь мэдээлээгүй байна. 2018 оны долдугаар сарын 1-ний байдлаар төрийн байгууллагуудын 74 хувь нь мэдээллээ ил тод болгосон бол 2019 оны долдугаар сарын 1-нд дээрх тоо 24 хувь болж буурсан гэж тус ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа танилцуулсан юм. Судалгааны үр дүнд, УИХ-ын харьяа байгууллагуудаас Үндэсний статистикийн хороо хугацаандаа, бүрэн гүйцэт мэдээллээ байршуулж, зөвлөмжийг 99.8 хувь хэрэгжүүлсэн нь сайн жишээ гэдгийг онцлов. Судалгааны үр дүнгээс товч дурдвал, төсвийн ерөнхийлөн захирагчдаас Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар 2018, 2019 онд аудитын тайлан ба холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд ил тод болгоогүй. Мөн Засгийн газрын харьяа байгууллагуудын 44 хувь нь хугацаандаа мэдээллээ оруулсан. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нар 2018 онд мэдээллээ ил тодоор байршуулсан ч хавсралтыг оруулаагүй тул мэдээлэл бүрэн авах боломжгүй гэж үзсэн. Мөн энэ онд мэдээллээ хугацаандаа багтаж оруулаагүй байна. Орон нутгаас Хөвсгөл, Говь-Алтай аймгууд жил бүр мэдээллээ цаг тухайд нь оруулдаг. Бусад аймаг цаг хугацаандаа оруулдаггүй хангалтгүй гэж ажиглагджээ.
Шилэн биш аймгуудыг зарлалаа
Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон зарим хуулийн байгууллага 2018, 2019 онд аудитын тайлан ба холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд ил тод болгоогүй талаарх судалгааны дүнг өчигдөр судлаач Ж.Сайнзаяа танилцууллаа.
Аудитын байгууллагаас тухайн төрийн байгууллагыг аудитын хүрээнд шалгаад зөрчлөө арилгах, хуулиа хэрэгжүүлэх зөвлөмж өгдөг. Харин зөвлөмж өгөөгүй тохиолдолд хуулийн хүрээнд ажиллаж байна гэж үздэг юм байна. Энэ жил орон нутагт хийсэн аудитын тайлангаар Хөвсгөл аймаг санхүүгийн аудитын тайлангаар нэг ч зөвлөмж аваагүй нь санхүгийн зөрчилгүй хэмээн үзэж бусад аймгуудаас шилэн дансны хуулиа сайн хэрэгжүүлдэг аймаг гэж тодотгож байв.
Харин Ховд 51, Сэлэнгэ 42, Увс 40, Орхон 41, Дундговь 36, Дорнод 29, Завхан, Баянхонгор тус бүр 25, Дархан-Уул 21, Говь-Алтай, Говьсүмбэр, Булган тус бүр 24, Архангай, Сүхбаатар, Өвөрхангай, Дорноговь тус бүр 19, үлдсэн аймгууд тус бүр 6-12 орчим зөвлөмжийг Аудитын газраас шалгалтаар хүргүүлсэн аж. Зөвлөмжийн дагуу зөрчлөө арилгах арга хэмжээ авснаа шилэн дансанд мэдээлэх үүрэгтэй. Зөвлөмжийн биелэлтийг энэ сарын 23-ны байдлаар шилэн дансанд байрлууснаар нь мониторинг хийжээ. Ингэхэд хамгийн их зөрчилтэй дээрхи аймгууд зөрчлөө арилгаж биелэлтээ ил тод болгоогүй байгаа нь анхаарал татаж байсан юм. Харин санхүүгийн зөрчил багатай аймгууд зөрчлөө арилгаж хийсэн ажлаа ил тод мэдээлсэн гэв. Тухайлбал, Орхон аймаг таван зөвлөмжийг 100 хувь ил тод болгож төлбөрөө барагдуулжээ.
Зөвхөн санхүүгийн аудитын тайлангийн биелэлтийг хэрхэн мэдээлсэнээр хяналт хийхэд ийм байна. Санхүүгийн зөрчил төлбөрийн акт зэргийг барагдуулах нь хялбар ч бусад нийцлийн болон гүйцэтгэлийн аудитын тайлангийн зөвлөмжийн биелэлтийг хангуулах нь асуудалтай байдаг аж. Үүнд улс төржүүлсэн гэсэн шалтгаанаар иж бүрнээр нь хэрэгжүүлдэггүй гэж судлаачид ярьж байв.
Төрийн байгууллагуудын аудитын тайлангийн зөрчилд хариуцлага тооцох механизм байдаг ч хэрэгжилт хангалтгүй байдаг.Харин аж ахуйн нэгжүүдэд ялангуяа төсвийн хөрөнгө оруулалттай тендерийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийж, зөрчил арилгах зөвлөмж хүргүүлсэн ч хариуцлага тооцох боломж хуульд сул байдаг.
Иймд хариуцлагыг чангатах талаар хуульд өөрчлөлт оруулахаар саналаа хүргүүлсэн хэмээн Нийслэлийн аудитын газрын нийцлийн аудитор У.Оюунхүү мэдээлэлдээ онцолсон. Түүнчлэн энэ удаа зөвхөн аудитын зөвлөмж дүгнэлтийн хэрэгжилтийг ил тод болгосон байдалд тус ТББ ажиглалт , судалгаа хийсэн. Ингэснээр иргэд тухайн байгууллага, аймгуудын веб сайт руу нэвтэрч зөвлөмжөөр өгсөн зөрчлийг дэлгэрүүлэн харах боломжтойгоос гадна төсөвтөө хяналт тавих үүргээ биелүүлж байгаа гэсэн үг гэв. Гэхдээ иргэн болон иргэний нийгмийн байгууллагуудад шилэн данснаас л мэдээлэл авах эрх нь байдаг. Харамсалтай үүнд тавьсан мэдээлэл тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангадаггүй хэмээн “Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын төлөөлөл П.Цэрэнпүрэв ярьж байлаа.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл