Хөрөнгө оруулалтын барометр бараан байна


Гадаадын хөрөнгө оруулалт зогсох эрсдэлүүд

Сандал дөрвөн хөлтэй тул илүү тогтвортой байна. Үүнтэй ижилхэн аливаа зүйл тогтвортой байхын тулд олон тулгуур хэрэгтэй. Тэгвэл Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчинг бүхэлд нь нэг хөлтэй сандалтай зүйрлэж болох юм. Учир нь, манай улсын хөрөнгө оруулалтыг уул уурхай, Оюутолгой, Канад, БНХАУ гэдэг дөрвөн үгээр илэрхийлж болно. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын дүн 21.2 тэрбум ам.доллар байна. Үүний 70 хувь нь Оюутолгой төслийнх. Тэгвэл ГШХО-ын 50 гаруй хувийг Канад болон БНХАУ бүрдүүлжээ. Тэр ч утгаараа аливаа эрсдэлд өртөмтгий. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал “Монголд гадаадын хөрөнгө оруулалт зогсоно” гэхэд худал болохгүй. Учир нь Монгол Улсад ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт зогсох эрсдэлүүд шил дараалан үүсэж байна.

Эрсдэл 1.

Монгол Улсын хөрөнгө оруулалтын 70-80 хувийг “Оюутолгой” төсөл эзэлдэг. Харин “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтаа буруулахаа толгой компани нь мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, “Turquoise hill re­sources” компанийн зүгээс “Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшлох юм. Босоо ам 2-ын бүтээн байгуулалтын явцад геотехникийн болон бусад хүндрэл гарах магадлалтай эрсдэлийн 8 сарыг тус хугацаанд оруулж тооцсон болно. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна” хэмээн мэдээлсэн. Ингэж хойшилсноор ирэх онд орж ирэх хөрөнгө оруулалт хумигдах юм.

Хөрөнгө оруулалтын барометр бараан байна

Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр дүн оны эхний 10 сарын байдлаар 1.56 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оноос 6 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Манайхтай ижил түвшний бусад улстай харьцуулбал, ДНБ-д эзлэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1.2 орчим хувьтай тэнцдэг. Манай улсын хувьд 15-16 хувьтай байна. Гэхдээ эндээс “Оюутолгой” төслийг хасаад үзвэл дээрх улсуудтай үндсэндээ адилхан л болж байгаа юм. Тэгэхээр нэг салбараас манай эдийн засаг хэт хамааралтай байна.

Хөрөнгө оруулалтын барометр бараан байна

ИБУИНВУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Малон

“Оюутолгой” төслийг эс тооцвол бусад гадаадын хөрөнгө оруулалт маш бага байна. Ер нь бол Оюутолгой бусад хөрөнгө оруулалтыг Монгол Улсад дагуулна гэж үздэг.

Эрсдэл 2.

УИХ-ын ээлжит сонгууль 2020 онд болно. Энэ үеэр гадаадын хөрөнгө оруулалт тасалдах эрсдэлтэйг эдийн засагчид онцолж байгаа юм.

Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах улсынхаа улс төрийн нөхцөл байдлыг харна. Харин манай улс парламентын сонгуулиа хийх гэж эхний зургаан сараа өнгөрөөнө. Тэр хугацаанд нь хөрөнгө оруулагчид УИХ-ын сонгуулийг дуусгаад гэж хойшлуулна. Дараа нь УИХ, Засгийн газар бүрдэх хугацааг хүлээнэ. Маш энгийн, ерөнхий шалтгааныг тооцоход ийм байна. Үүний цаана хөрөнгө оруулалтын хугацаа шаардсан олон шалтгаанууд бий. Сануулахад, 2016 онд хөрөнгө оруулалт хасахтай байсан үе бий. Магадгүй энэ нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшаас шалтгаалсан гэдэг ч зарим судлаач УИХ-ын сонгуулийн нөхцөл байдлыг холбон тайлбарлах нь бий.

Хөрөнгө оруулалтын барометр бараан байна

Эдийн засагч О.Дөлгөөн

2020 оны сонгууль ойртож байгаа нь хөрөнгө оруулалт татрах, хөрөнгө оруулагчид Монголоос дөлөх дараагийн шалтгаан.

Эрсдэл 3.

Хөрөнгө оруулалт бол мөнгө биш харилцаа. Тиймээс итгэлцэл дээр тогтдог. Ингэхээр яах аргагүй “саарал жагсаалт” эрсдэл дагуулна.

Монгол Улсыг аравдугаар сарын 18-нд ФАТФ-ын “саарал жагсаалт”-д оруулсныг албан ёсоор зарласан. Энэ нь “Монгол бол санхүүгийн орчин эрсдэлтэй улс” хэмээн зарласан гэсэн үг. Эдийн засагч Б.Мөнхсоёл “Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол хамгийн том эрсдэл нь гаднын хөрөнгө оруулалт юм. Үүний дараагаар гадаад худалдааны хэмжээ саарах зэрэг эрсдэлийг дурдаж болно” гэсэн юм.

Мөн аравдугаар сарын 24-нд Дэлхийн банкнаас гаргасан “Бизнес эрхлэлтийн индекс 2020” судалгаагаар Монгол Улс байр ухарсан нь ч хөрөнгө оруулалтыг үргээнэ. Тодруулбал, тус судалгаагаар Монгол Улс өнгөрсөн онд 81 дүгээр байрт жагсаж байсан бол энэ онд 7 байраар ухарчээ. Ингэхээр хөрөнгө оруулалт татдаг дотоодын компаниудад хүндрэл үүсэх нь мэдээж. Учир нь дотоодын хувийн хэвшлүүд бол гадаадын хөрөнгө оруулалтыг угтаж авдаг анхдагч нэгж нь.

Ийнхүү Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын барометр бараан байхаар байгаа юм. Энэ нь ирэх онд төлөх төрийн болон хувийн хэвшлийн өр, түүхий эдийн үнийн уналттай зэрэгцээд төлбөрийн тэнцэлийг алдагдалд оруулах нь дамжиггүй. Төлбөрийн тэнцэлийн энэ алдагдал нь эргээд иргэдэд ам.долларын ханшийн өсөлтөөр дамжин нөлөөлнө. Тиймээс цаашид Монгол Улс хөрөнгө оруулалтынхаа тулгуурыг олон, бат бөх болгох бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Ингэхийн тулд одоогийн байгаа хөрөнгө оруулалтаа хамгаалах нь зүйн хэрэг юм. Учир нь, хөрөнгө оруулагчдыг дагаж хөрөнгө оруулагч орж ирдэг.

Хөрөнгө оруулалтын барометр бараан байна

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн

Австрали улс уул уурхайн салбартаа түшиглэж, чанартай хөрөнгө оруулалтуудыг татсан. Нэг ёсондоо манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамааралтай байдаг. Тиймээс бид маш тогтвортой бодлоготой, гэрээндээ үнэнч байдаг. Миний ажиглаж байгаагаар Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалт авахад бэлэн байна гэж хэлчихээд үйлдэл дээрээ тэрийгээ биелүүлж чадахгүй байна.

Б.Болор-Эрдэнэ

Эх сурвалж: eagle.mn 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.