Ш.Алтантуяагийн хэргийн талаар Нажиб Разак сүмд тангараг өргөсөн нь зохимжгүй үйлдэл гэж Исламын шашны удирдагч мэдэгджээ


Өнгөрсөн сарын 20-ны өдөр Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак өөрийгөө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аллагад буруугүй гэдгээ харуулахын тулд Исламын сүмд сүсэгтнүүдийн өмнө ам тангараг өргөсөн билээ. Аллагыг үйлдсэн хэрэгт цаазын ялтай хоригдож байгаа Азилах Хадри захиалагчийг Нажиб болохыг илчилж, хэргээ дахин шүүлгэх хүсэлт гаргасан нь экс ерөнхий сайдыг ийм үйлдэл хийхэд хүргэсэн юм.

Тэгвэл Малайзын Исламын Намын дарга, исламын шашны томоохон зүтгэлтэн Абдул Хади Аванг өчигдөр FMT (Free Malaysia Today) сайтад ярилцлага өгөхдөө Нажибын үйлдлийг буруу гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүний хэлснээр сүмд тангараг өргөх энэ заншил нь зөвхөн гэр бүлийн хоёр нэг нэгнийгээ хуурсан үгүйгээ батлахын тулд хийдэг үйлдэл гэнэ. Гэхдээ тэр сүмд тангараг өргөх ёсонд ямар нэг хязгаар, хориг байхгүй гэдгийг мөн хэлжээ. “Хэрвээ буруутгагдаж байгаа хүнд ямар ч гэрч байхгүй бол чимээгүй байсан нь илүү дээр” гэж Хади ярьсан байна.

Нажиб Разак хоёр дахь удаагаа Исламын сүмд тангараг өргөсөн тохиолдол энэ юм. Тэрээр 2008 онд мөн Ш.Алтантуяагийн хэрэг ид яригдаж байх үед энэ хэрэгт холбоогүйгээ батлахын тулд тангараг өргөж байжээ. Сүүлд түүнийг хоёр дахь удаагаа тангараг өргөсний дараа Малайзын чөлөөнд гарсан генерал Мохамед Аршад Ражи “Исламын шашны зан үйлийг доромжлохгүй байхыг” Нажибаас шаардаж байв.

Э.Сэмүүн

Эх сурвалж: StraitsTimes

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.