ХУУЛЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, байгууллагыг хэрхэн урамшуулах вэ?


Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр УИХ-аар шинэчлэн баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан билээ.

Анх таван бүлэг, 23 зүйл заалттайгаар 1997 онд батлагдаж байсан тус хуулийг өнгөрсөн онд шинээр найруулан батлахдаа найман бүлэг, 43 зүйл заалттай болгон нарийвчилсан юм.

Та бүхэнд энэ жилээс хэрэгжиж эхэлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна.

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭД, БАЙГУУЛЛАГЫГ ХЭРХЭН УРАМШУУЛАХ ВЭ?

Тус хуулийн Тавдугаар бүлэгт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог хангах хэлбэрийг тусгасан бөгөөд урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг хэрхэн урамшуулах тухай заажээ.

34 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд  идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах

  • 34.2.Иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэл нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол иргэнд тухайн шийтгэлийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.
  • 34.4.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргасан, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүнийг урамшуулах, төрийн болон Засгийн газрын шагналд тодорхойлох шийдвэрийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын саналыг харгалзан Зохицуулах болон Салбар, Дэд зөвлөлийн дарга гаргана.
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВЧ БОЛНО"

Тус хуулийн 35 дугаар зүйлд Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах тухай тусгасан байна.

  • 35.1.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах эрх бүхий байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.
  • 35.3.Гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, албан тушаалтан мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах үүрэгтэй гэж заажээ.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭД ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ВЭ?

Тус хуулийн Дөрөвдүгээр бүлэгт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ажлыг зохион байгуулах төрийн байгууллагууд болон урьдчилан сэргийлэх ажилд оролцогч иргэний эрх, үүргийн тухай тусгасан байдаг.

Тухайлбал, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн:

  • Гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх;
  • Гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах;
  • Гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх;
  • Хууль бусаар галт зэвсэг, хутга, зэвсгийн чанартай зүйл, тусгай хэрэгсэл олж авах, хадгалах, худалдах, биедээ авч явахгүй байх;
  • Үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх зэрэг үүрэг хүлээнэ.
"ИРГЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСНИЙ ТӨЛӨӨ ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ."

31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар:

  • Олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журам сахихыг бусдаас шаардах,
  • Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тавих, шаардах
  • Гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах;
  • Хуульд заасан үүргээ биелүүлсний төлөө учирч болох эрсдэлээс хамгаалуулах гэх мэт эрх эдэлнэ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Г.ӨЛЗИЙХУТАГ, IKON.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.