Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ
Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх таван өрхөөс дуудлага ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан байна. Сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтийн хувьд төвийн зургаан дүүргийн 321 цэгт Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын 1014 төрийн албан хаагч хяналт тавьж 24 цагаар ажиллаж байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.
Харин өнгөрсөн долоо хоногт иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой хяналт шалгалтаар утааны шүүлтүүрээ ажилуулаагүй 11 аж ахуйн нэгж, шүүлтүүр суулгаагүй түүхий нүүрс түлж байсан 10 аж ахуйн нэгжүүдийг илэрүүлж зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Мөн тээврийн товчоодуудад 1793 автомашинд хяналт шалгалт хийхэд 39 тээврийн хэрэгсэл түүхий нүүрс тээвэрлэж явсныг таслан зогсоожээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хяналт шалгалт тогтмол үргэлжилнэ. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд байнга хяналт тавина” гэв. Агаарын чанарын хувьд эрс сайжирсан ч агаар дахь хүхэрлэг хэмжээ нэмэгдэх шинжтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр дуулгалаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл