Н.Номтойбаярын бүрэн эрх "намын бодлого"-оос хамаарна


 

Н.Номтойбаярын бүрэн эрх "намын бодлого"-оос хамаарна

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлээд байгаа.  48 цагийн хугацаанд шийдвэрлэх уг асуудалд УИХ хугацаа хожиж байна гэж болно. Учир нь өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий прокурор саналаа хүргүүлж, баасан гарагт Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Ингэхдээ асуудлыг хэлэлцэхэд Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байх ёстой гэсэн үндэслэлээр шийдвэр гаргалгүй, хойшлуулсан. Халдашгүй байдлын дэд хороог ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахалж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан. Н.Энхболд Ө.Энхтүвшин нарын парламентад хамгийн олон удаа сонгогдсон ахмад гишүүдээс бүрддэг. Тиймээс ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналын дүгнэлтийг энэ дэд хороо хамгийн эхлэн хуралдаж гардаг дэгтэй.

 

Ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа  Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Д.Лүндээжанцанг гадаад улсад айлчлалаар томилолттой явсан хойгуур хүргүүлжээ. Энэ нь цаашид Ерөнхий прокурор хэн нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхдээ Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүнийг бүрэлдэхүүнээрээ байгаа эсэхийг харгалзан үзэх шаардлагатай болж байна. Гэхдээ хуулиндаа Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнэээрээ хуралдаж шийдвэр гаргана гэсэн заалт байхгүй. Тиймээс хуулийн гадуурх тайлбар гэж бас болохоор.

 

Нөгөөтэйгүүр Ерөнхий прокурорын санал ирсний дараагаар хоёр дахь өдөр нь Ч.Улаан гишүүн гадаадад томилолтоор явсан байна лээ. Хуулийн хугацаатай асуудлыг бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэр гаргах ёстой бол УИХ-аас ч Ч.Улаан гишүүний томилолтыг цуцалж болох байсан.

 

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "Энэ асуудлыг дэд хороо бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэр гаргана. Хэн нэг гишүүний эзгүйд шийдвэр гаргавал, тухайн гишүүний санал зөрөлдөх магадлалтай. Тиймээс энэ сарын 19-нд Д.Лүндээжанцан гадаад томилолтоосоо ирнэ. Тэр үед Ч.Улааныг дуудаж ирүүлнэ” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн. УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Д.Лүндээжанцан нарын гишүүд гадаад томилолтоосоо ирж, даваа гаригт ажилдаа орж, "казинодсон”  сенсаацитай томилолтынхоо талаар эхнээсээ тайлбараа хийгээд байгаа. Харин хуулийн хугацаатай асуудал шийдвэр гаргалгүй тайлбар хийсэн Халдашгүй байдлын дэд хороо өнөөг хүртэл гадаадад яваа Ч.Улаан гишүүнээр шалтаглан хуралдаанаа товлоогүй л байна.

Басхүү УИХ-ын гишүүн  Н.Номтойбаярыг хуралдаанд биеэр оролцуулна гэдгийг Ц.Нямдорж сайд хэлсэн. Гэхдээ Н.Номтойбаяр гишүүд мөн эрүүл мэндийн шалтгаантай яваа юм билээ.

 

Ерөнхий прокуророос нууцлалын зэрэглэлтэй орж ирсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ийнхүү УИХ дээр шийдвэрлэгдээгүй, хүлээгдсээр байна. Парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилд эрх баригчид Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг ч хэвээр үлдээхээр "хамгаалах” бололтой гэж ажиглагчид харж байна.

 

Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-гийн асуудлаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ мөн л хамгаалж үлдсэн. Тухайн үед уг асуудлыг хэлэлцэхэд шалгагдаж  байгаа гишүүдийг бүгдийг хамтад нь оруулж ирэхийг үүрэгдэж байсан  билээ.

 

Н.Номтойбаяр гишүүн, намын дарга У.Хүрэлсүх нарын хооронд эрх ашгийн сөргөөцөлдөөн байдаг ч энэ удаад ирэх сонгуулийг угтсан "намын бодлого"-оор асуудалд хандах байх гэж  ажиглагчид үзэж байгаа юм.

Н.Энхлэн

 
Shuud.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.