
Эхний ээлжинд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороонд утасгүй интернэтийн бүс бий болгон туршилтаар ажиллуулж байгаа бөгөөд 2016 оны 6 дугаар сард багтааж дээрх 155 цэгийг бүрэн хамруулахаар төлөвлөжээ. Иргэд өөрийн амьдарч буй хорооны утасгүй интернэтийн бүсэд холбогдсоноор төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, мэдээ мэдээллээр хангагдах мөн өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо нийслэлийн удирдлагад шууд илгээх боломжтой болно.
Хотын үнэгүй, утасгүй интернэтэд холбогдохын тулд иргэд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг төхөөрөмжөө ашиглан "UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь цахим газар өмчлөл, цахим зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэн хандаж байсан бол тухайн бүртгэлийн мэдээллийг ашиглан утасгүй интернэтэд нэвтрэн орох боломжтой.
Энэхүү сүлжээнд холбогдсоноор иргэд нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах www.ulaanbaatar.mn, Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн иргэний цахим нэг цонх www.citizen.ulaanbaatar.mn, газар өмчлөлийн цахим систем, www.land.ulaanbaatar.mn, иргэдийн оролцоотой Улаанбаатар хотын газрын зураглалын нэгдсэн сан www.manaikhoroo.mn, өөрийн амьдарч буй хорооныхоо эрүүл аюулгүй байдлын индексийн талаар мэдээлэл авах боломжтой www.eabi.ub.gov.mn, нийслэлийн нээлттэй өгөгдлийн портал www.data.ulaanbaatar.mn, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn зэрэг төрийн үйлчилгээний цахим сайтуудад өндөр хурдтайгаар холбогдож, төрийн үйлчилгээг авахаас гадна интернэтийн орчинд хүссэнээрээ аялах боломжтой.
Улаанбаатарыг утасгүй интернэтжүүлэх төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрсэн Ухаалаг хот болох нэг том алхам юм.
Сэтгэгдэл