Японд саатуулагдсан аяллын хөлгөөс коронавирусийн халдвартай 10 хүн илэрчээ


Даваа гарагт Японы Йокохама хотын боомтод 3,700 хүнтэй “Diamond Princess” аяллын хөлөг ирэхэд коронавирусийн халдвар тарсан байж болзошгүй үндэслэлээр хөл хорио тогтоосон юм.

Тус хөлгөөр аялаад өнгөрсөн сард Хонг Конгт бууж үлдсэн хүнээс халдвар илэрсэн тул Хонг Конгийн эрх баригчид Японы талд мэдэгдсэний үндсэн дээр ийм арга хэмжээ авчээ.

Японы тал хөлгийн зорчигчдыг буулгалгүй хорьж, өчигдрөөс эхлэн үзлэг шинжилгээ хийж эхэлсэн юм. Тэгвэл зорчигчдын дотор коронавирусийн халдвартай 10 хүн илэрсэн тухай Японы эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ. Дөнгөж эхний 273 хүнийг шалгахад ийм үр дүн гарсан байна.

Зорчигч, багийн гишүүн нийт 3,700 хүн хөлөг дээр байгаа юм. Цаг хэмнэх үүднээс зөвхөн халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг эхний ээлжинд үзлэгт хамруулж байгаа гэнэ.

“Diamond Princess” аяллын хөлөг нь Британи-Америкийн оператор компанийн Япон дахь салбарын эзэмшил юм байна. Хөлөг Йокохама хотоос хөдөлсний дараа Кобе хотын боомтод зогсох хуваарьтай байсан нь коронавирусийн асуудлаас болоод цуцлагджээ. Сүүлийн байдлаар Японд шинэ коронавирусийн халдвартай 20 хүн бүртгэгдээд байгаагийн 17 нь өвчний голомт болсон Хятадын Ухань хотоос ирсэн байжээ.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.