УИХ-ын 2016 оны сонгуулийн 63-66 тойрог Чингэлтэй, Налайх дүүрэгт харьяалагдаж буй. Өмнөх сонгуулиар Чингэлтэйнхэн томсгосон нэг тойрогт хоёр хүнийг УИХ-д илгээсэн. Харин энэ удаад дөрвөн тойргоос дөрвөн мандат хотын хойд хэсэгт ногдож буй билээ. Түүхээс харахад Чингэлтэйнхэн ардчиллынхныг сонгох дуртай.
Тухайлбал, 2004 онд Чингэлтэй дүүрэгт Б.Батбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Батаа нар "Эх орон Ардчилал” эвслээс нэр дэвшиж, бүгд сонгогдож байжээ. Харин 2008 онд тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж болон залуу гишүүн Г.Баярсайхан нарыг Ардчилсан намаас сонгож байсан. 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор нөхөн сонгууль болоход МАХН-аас Д.Зоригт гишүүн сонгогдож байлаа. Харин 2012 онд Чингэлтэйчүүд УИХ-д АН-аас Г.Баярсайхан, "Шударга ёс” эвслээс Г.Уянга нарыг өөрсдийгөө төлөөлүүлэхээр илгээсэн юм.
Тэгвэл 2016 оны сонгуулиар Чингэлтэй Налайх дүүргийн сонгогчид хэнд, хэрхэн саналаа өгөх вэ.Ерөнхийдөө Чингэлтэй дүүрэгт аль аль намаас хэн нь ч гарч мэдэхээр эн тэнцүү өрсөлдөгчид хоорондоо таарчээ.
Чингэлтэйд МАН илүү хүчтэй юу
Ингэж хэлэхийн учир тус дүүргийн 65 дугаар тойрогт УИХ-ын гишүүн, МАН-ын хашир, туршлагатай гишүүдийн нэг Ө.Энхтүвшин нэр дэвшиж байна. Мөн 64 дугаар тойрогт МҮОНРТ-ийн захирал асан М.Оюунчимэг, 63 дугаар тойрогт МАН-ын залуу үеийн төлөөлөл Т.Аюурсайхан нар дэвшиж байгаа юм.
Т.Аюурсайханы хувьд МАН-ын шинэчлэлийн хорооны тэргүүнээр ажиллаж байсан. Намаа зоригтойхон шүүмжилчихдэг, тус намын залуу үеийн төлөөлөл. Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар жил гаруй хугацаанд ажиллаж, 2015 оны сүүлээр ажлаа хүлээлгэж өгсөн. Харин М.Оюунчимэгийн хувьд мэдээж олон нийтэд танигдсан, Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг. Үндэсний олон нийтийн телевизэд сэтгүүлч, тоймчоос эхлэн ММ агентлагийн дарга, цаашлаад Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар хүртэл ажиллаж байсан. Энэ утгаараа М.Оюунчимэг Чингэлтэй дүүрэгт хүчтэй өрсөлдөгч байх боломжтой.
Мэдээж Ө.Энхтүвшин нэгэн цагт МАН-ын даргаар хүртэл ажиллаж байсан. МАН-ын туршлагатай, тулхтай улстөрчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. МАН-ынхан энэ сонгуульд хотын тойргуудад хүч хаяж буйгийн нэг болж Ө.Энхтүвшин Хөвсгөлийн тойргоо орхиж, нийслэлд хүрэлцэн ирсэн билээ. Дээрх гуравтай хамтаарЧингэлтэйн 66 дүгээр тойрогт тус дүүргийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга н.Ганболд нэр дэвшээд байна.
Г.Баярсайхан, С.Дэмбэрэл нар Чингэлтэйд АН-ыг хамгаалах нь
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хувьд энэ сонгуулиар АН-д элсэж, тус намын өмнөөс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд байна. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гурав дахь удаагаа төрөлх Чингэлтэй дүүрэгтээ өрсөлдөхөөр ирлээ. Тэд Чингэлтэй дүүрэгт АН-аас өрсөлдөх хүчтэй өрсөлдөгчид яах аргагүй мөн юм. Тодруулбал, Г.Баярсайхан 64 дүгээр тойрогт, С.Дэмбэрэл 63 дугаар тойрогт АН-ыг төлөөлж байгаа.
Тэгвэл 65 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, 66 дугаар тойрогт Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган нар АН-ыг төлөөлөхөөр болоод байна. О.Эрдэнэбулган АН-ын залуу үеийн төлөөлөл. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүн гэгддэг. Эдийн засагч мэргэжилтэй. Харин Б.Мөнхтуяа 1996-2000 онд АН-аас УИХ-д сонгогдож, тухайн үедээ цөөн хэдхэн хоног Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр хүртэл ажиллаж байсан.
Гэвч 2000 оноос хойш дахин УИХ-д сонгогдож чадаагүй нэгэн. Энэ утгаараа улс төрд "мартагдсан” байх магадлалтай. Гэхдээ л түүний хувьд Ардчилсан намаас сонгогдож, магадгүй Монголын анхны эмэгтэй Ерөнхий сайдаар ч ажиллаж байсан гэхэд болно. Энэ утгаараа Чингэлтэйд бас л хүчтэй өрсөлдөгч байж чадах юм.
ИЗНН-ынхан "өс санав”
ИЗНН-аас Чингэлтэй, Налайх дүүргийн 63 дугаар тойрогт Б.Амартүвшин, 64 дүгээр тойрогт Ц.Ганхуяг, 65 дугаар тойрогт Д.Дашпүрэв нар өрсөлдөхөөр болоод байна. Тус намынхан энэ тойрогт харьцангуй хүч хаяж, намын шилдгүүдээ сойсон нь мэдээж экс дэд дарга С.Дэмбэрэлтэй холбоотой. Тодруулбал, С.Дэмбэрэлийн өрслөдөж буй 63 дугаар тойрогт ИЗНН-аас Б.Амартүвшин гэх залуу өрсөлдөх гэж байна. Нэр дэвшигчдээ тодруулах хурал дээр ИЗНН-ынхан С.Дэмбэрэлийг тойрогт нь очиж, дарах хэрэгтэй хэмээн ихээхэн шүүмжлэлтэй хандсан гэх.
Б.Амартүвшин, Д.Дашпүрэв нарын тухайд ИЗНН-ын нарийн бичгийн дарга нар. Харин Ц.Ганхуяг намын дэд даргын албатай. Энэ утгаараа ИЗНН-ын харьцангуй хүчтэй өрсөлдөгчид Чингэлтэйд ирсэн гэж үзэж болох. Гэхдээ л Чингэлтэй, Налайх дүүрэгт өрсөлдөх АН, МАН-ын шилдгүүдийг ИЗНН-ынхан давахад бэрх болов уу.
Чингэлтэй, Налайх |
Ардчилсан нам |
Монгол ардын нам |
ИЗНН |
МАХН |
63 |
С.Дэмбэрэл |
Т.Аюурсайхан |
Б.Амартүвшин |
А.Даваасүрэн |
64 |
Г.Баярсайхан |
М.Оюунчимэг |
Ц.Ганхуяг |
Ц.Эрдэнэчулуун |
65 |
Б.Мөнхтуяа |
Ө.Энхтүвшин |
Д.Дашпүрэв |
|
66 |
О.Эрдэнэбулган |
Н.Ганболд |
|
Ж.Батбаяр |
Сэтгэгдэл