Сүхбаатар, Багануурын 59 дүгээр тойрогт өрсөлдөгчид


Нийслэлийн Сүхбаатар, Багануур дүүргийн 59 дүгээр тойрогт нэр дэвшигчдийг энэ удаад онцлов. Энэ тойрогт Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороо хамрагдаж буй. Одоогоор тус тойрогт нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигч­дийг танилцуулж байна.

59 дүгээр тойрогт МАХН-аас тус намын нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй улстөрч, анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Н.Удвал нэр дэвшихээр болжээ.

Харин АН-аас Худалдаа хөгжлийн банк­ны ерөнхийлөгч Б.Мэдрээ, МАН-аас Барилга хот байгуу­лалтын сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар нэр дэвших юм байна.

Тэгвэл Тусгаар тогтнол, эв нэгдэл эвс­лээс Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн байна. Мөн бие даан нэр дэвшихээр Б.Мөнхсоёл бүртгүүлжээ. Тэрээр Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн ч гэлээ нам нь сонгуульд оролцохгүй тул бие даан нэрээ дэвшүүлж байгаа юм. Харин Иргэний хөдөлгөөний намаас Б.Бясал, Бүгд найрамдах намаас Г.Тэмүүжин нар Сүхбаатар, Багануурын 59 дүгээр тойрогт нэр дэвших аж.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан анхны эмэгтэй улстөрч Н.Удвал, сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, томоохон арилжааны банкны эзэн Б.Мэдрээ, сүүлийн хэдэн сонгуульд оролцож буй зураач Ц.Мөнхжин, улс төрд анхлан хөлж тавьж буй залуу улстөрч Б.Мөнхсоёл, мөн Б.Баясал, Г.Тэмүүжин нар Сүхбаатар, Багануурын 59 дүгээр тойрогт нэр дэвших гэж байна. Тэдний хэнд нь итгэл үзүүлж УИХ-ын гишүүнээр сонгох эсэхийг Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хорооны иргэд, сонгогчид шийдэх юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.