Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд $10 тэрбумыг хандивлаж байгаагаа Даваа гарагт зарлажээ.
“Уур амьсгалын өөрчлөлт бол манай гарагийн хамгийн том аюул. Бид бүгдийн амьдардаг дэлхийг энэ аюулаас аврахын тулд одоо мэдэгдэж байгаа арга замуудыг сайжруулах, шинэ арга замыг хайж олох хоёр чиглэлд би бусад хүмүүсийн нэгэн адил ажиллах хүсэлтэй байна” гэж тэр өөрийн сошиал хуудсанд мэдэгджээ.
Амазон компанийн 350 гаруй ажилтан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү их анхаарал тавихыг удирдлагуудаасаа шаардсан хөдөлгөөнийг өнгөрсөн сард онлайн орчинд өрнүүлж байсан юм. Тэдний шаардлагын нэг нь 2030 онд Амазон компани хүлэмжийн хий огт үйлдвэрлэдэггүй байгууллага болох зорилт байв.
Америкийн топ таван баяны дотроос Жэф Безос ганцаараа Giving Pledge (Өгөх амлалт) санаачилгад нэгдээгүй байгаа юм. Билл Гэйтс тэргүүтэй хүмүүсийн санаачилсан энэ хөдөлгөөнд нэгдвэл тэрбумтнууд амьдралынхаа турш олсон баялгийн 50-аас дээш хувийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зарцуулах үүрэг хүлээдэг ажээ.
Р.Төмөр
Эх сурвалж: Business Insider
Сэтгэгдэл