“Аэросити” хот төсөл нь Улаанбаатарын эдийн засгийн том боломж


Нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон Олон улсын нисэх буудал шинээр ашиглалтад орж байгаатай холбогдуулан дагуул хотуудыг хөгжүүлэхээр болсон. Тэгвэл Хөшигтийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох “Аэросити” хотыг Япончуудтай хамтран хөгжүүлэх боломжийг судалж буй. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд “Аэросити” хотын хэтийн зорилт болоод ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.  Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Аэросити” хот төслийг Улаанбаатарын эдийн засгийн томоохон боломж гэж харж байгаа. Бид дагуул хотуудыг хөгжүүлж, тэндээ эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, түүндээ түшиглэн хөгжлийн шинэ шатанд гарах гарц гаргалгааг эрэлхийлж, төлөвлөгөө боловсруулж байгаа. Цаашдаа бид зөвхөн төсвөө харж, төсөвтөө найдаж суух бус амьдрах арга ухаанаа өөрчлөх ёстой.

Ингэхийн тулд “Аэросити” хотод олон улсын хөрөнгө оруулалтыг татаж,  хувийн хэвшлийнхний үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Олон мянган залуус ажлын байртай болох нь бидний эрхэм зорилго. Энэ бүхэнд Японы тал хамтарч, томоохон байр суурьтай оролцоно гэдэгт итгэж байна” гэлээ. Мөн уулзалтын үеэр талууд шинэ төмөр замыг даган бий болох “Аэросити” хотыг  Зүүн хойд азийн тээвэр логистикийн төв болох бүрэн боломжтой хэмээн санал нэгдэж байлаа.

“Аэросити” хот нь олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, ложистикийн сүлжээний байгууламжуудыг байгуулна. Тодруулбал, энд Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв бий болох юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.