Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа.
Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна. Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ. Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч энэ үеэр онцгойлон санууллаа.
Эрүүл мэндийн алба хаагчдын хамгаалах хэрэгслийн нөөцийн мэдээллийг сонсоно
Одоогийн байдлаар хотын 8 товчоонд 128 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг маргааш нээхтэй холбоотойгоор нэмэлтээр 73 алба хаагчид ажиллана гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр танилцуулсан юм. Эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөц ямар байгаа тухай нэгдсэн мэдээллийг маргааш нийслэлийн Онцгой комисст мэдээлэхийг энэ үеэр даалгалаа.
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдааны төгсгөлд хотын Захирагч “Ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийж, элдэв зөрчил дутагдал гаргаагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг маргааш нээнэ. Энэ нь гуравдугаар сарын 10-ны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудад хамаатай. Гэхдээ ариутгал, халдваргүйтэлийн ажлыг цаашид ч орхигдуулж болохгүй. Мөн иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ. Гэвч ингэлээ гээд иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналтаа сайтар тавих ёстой” хэмээн үүрэг болголоо.
Сэтгэгдэл