- Манай улс 2020 оны төсөвт тусгасан үрэлгэн худалдан авалтаа царцааж, айл өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлэх бололцоо бий
- Азийн орнуудаас Япон, БНСУ иргэддээ бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэхээ хамгийн түрүүнд зарласан
Бизнесүүд хүндэрч, ашиг орлогын хэмжээ дэлхий даяар эрс буурлаа. Үүнээс үүдэн олон мянган хүн ажилгүй гэртээ суухад хүрч, COVID-19 цар тахал ядуурлын ул үндэс болж байна. Хувийн хэвшлүүд ажилтнаа цомхотгож, зарим нь тодорхойгүй хугацаагаар ээлжийн амралт өгч байна. Тэр тусмаа аялал жуулчлал, уул уурхай, худалдаа, нийтийн хоол, үйлчилгээ, агаарын тээврийн салбарынхан ажлын байраа хэдийн алдаж эхэлсэн. Хүмүүсийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, 2009 оны санхүүгийн хямралаас илүү их хохирлыг дэлхий нийт амсаж мэдэх шинжтэй болжээ. Улс орнууд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоосон нь ялангуяа, өдрийн орлоготой иргэдэд хүндээр тусах болов. COVID-19 цар тахал дэлхий дахинаа бүхнийг өөрчилж, хүмүүс санхүүгийн хүндрэлд өртсөөр байна. Тиймээс дэлхийн улс орнууд иргэддээ анхаарсан халамжийн бодлого хэрэгжүүлж, бэлэн мөнгөний санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсноо ар араасаа мэдэгдсээр байна. Засгийн газрууд асар их мөнгөн дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлж, өрхийн амьжиргааг унагахгүй байхад төр засгийн бодлогоо чиглүүлж эхэллээ. Ажлын байрууд устаж, хөл хорионы улмаас хүмүүс ашиг, орлогоо алдаж байгаа учраас зөвхөн төсөв, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулаад зогсохгүй ажлын байруудыг хадгалж үлдэхийн төлөө хүч нөөцөө харамгүй шавхах цаг иржээ.
Хувь хүнээс үл хамаарсан санхүүгийн хүндрэл өрхийн эдийн засагт үлэмж хохирол авчирч буй. Тиймээс айл өрхүүдийн орон сууцны цахилгаан, дулаан, усны төлбөрийг зарим нь чөлөөлж, ажилгүй болсон иргэдэд багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү тэтгэмж төрөөс нь олгож эхэллээ. Тухайлбал, ОХУ сар тутам 12,130 рублийн тэтгэмж олгохоо мэдээлсэн. Энэ нь 164 ам.доллар буюу 450 гаруй мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө. 2020 оны гуравдугаар сараас хойш хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн тус улсын ажилгүй байгаа иргэн бүр үүнийг авах эрхтэй аж. Хойд хөршийн Засгийн газраас хүндрэлийг даван туулж, ажил эрхлэгч, айл өрхийг дэмжих багц арга хэмжээнд 87.5 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. Алдагдал, ажилгүйдэл, ядуурал, сул зогсолт дэлхий даяар газар авч, хямралын шинж тэмдэг тод илэрч байна. Түймрийн аюулаас болж эдийн засаг нь ихэд муудсан Австрали улс гэхэд л COVID-19 цар тахлын үед ажилгүй, орлогогүй болсон иргэддээ мөн адил тэтгэмж олгохоо мэдэгдсэн. Азийн орнуудаас Япон, БНСУ иргэддээ бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэхээ хамгийн түрүүнд зарласан. Тодруулбал, Япон амьжиргаа муудсан, орлогогүй болсон, эмзэг бүлгийн өрхөд сард 300 мянган иен буюу 2760 орчим ам.доллар өгөхөөр төлөвлөж байна. БНСУ мөн адил COVID-19 цар тахалд нэрвэгдсэн Дэгү хотын сая орчим айл өрхөөс 640 мянгад нь 660 тэрбум вон санхүүгийн тусламж хэлбэрээр хуваарилаад байна. Энэ нь 517 сая ам.доллар болох юм. Дотоодын үймээнээс болж эдийн засаг нь багагүй алдагдал хүлээсэн Хонконг гэхэд л насанд хүрсэн хүнд нэг удаа 1200 доллар өгч буй бол Канад хөл хорионд орсон болон ажлын байраа алдсан иргэдэд олгох бэлэн мөнгөнд 10 тэрбум доллар зарцуулах гэж байна. АНУ нэг удаа нэг хүнд 1000 ам.долларын тэтгэмж олгож буй бол Шинэ Зеланд 2.8 тэрбум ам.долларыг эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэхээр шийдлээ. Бизнесийг дэмжихээс гадна хувь хүний амьдралын чанарт анхаарсан бодлогыг дэлхийн улс орнууд ийн урьтал болгож байна. Айл өрхүүд наад захын хоол, хүнсний хэрэгцээгээ төвөггүйхэн хангаж байх үүднээс дээрх дэмжлэгийг олгож байгаа юм. Манай улсын хувьд өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгж, хувийн хэвшилд чиглэсэн багахан арга хэмжээ хэрэгжүүлэх гэж байна. Харин иргэддээ хандсан, өрхийн амьжиргааг доройтуулахгүй байх санхүүгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх эсэх нь тодорхой бус, зарим шийдвэр нь албажаагүй байна. Тухайлбал, төсвийн энэ оны үрэлгэн худалдан авалтыг царцааж, үүнээс суларсан мөнгөөр өрхөд бодитой хувь нэмэр болох мөнгөн дэмжлэг дээрх орнуудын жишгээр үзүүлж яагаад болохгүй гэж.

Сэтгэгдэл