Сингапур Улсын төсөв 2017 онд 9.6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Үүнээс таван тэрбум ам.долларыг дэд бүтцийн салбартаа хоёр орчим ам.долларыг 21-ээс дээш насны бүх иргэддээ хишиг хэлбэрээр тараах бол үлдсэн хэсгийг нь улсын төсөвтөө хадгалахаар төлөвлөсөн байна.
Жилд 21 мянга хүртэлх ам.долларын орлоготой сингапурчууд 230 ам.доллар авах бол 21-77 мянган ам.долларын орлоготой нь 150 ам.доллар, 77 мянгаас дээш ам.долларын орлоготой нь 75 ам.доллар авах аж. Нэгээс олон хөрөнгийн объекттой хүмүүс орлогоосоо үл хамааран 75 ам.доллар хүртэх юм байна. Засгийн газар төсөвлөснөөс их мөнгө, олж чадвал төсвийн илүүдэл үүсдэг, харин төсөвлөснөөс илүү их мөнгө зарцуулбал алдагдал хүлээдэг.
Өмнө нь Сингапурын Засгийн газар бэлэн мөнгийг нэг бус удаа тарааж байсан удаатай. 2011 онд л гэхэд жилийн 22 мянган ам.долларын орлоготой насанд. хүрсэн иргэд нь 610 ам.доллар авсан бол 77 мянгаас дээш ам.долларын орлоготой иргэд нь 76 ам.доллар авч байв. Мөн 2015 онд 25-аас дээш насны иргэн бүртээ 500 ам.долларын хадгаламж бүхий "Skills Future Credit" гэх хугацаагүй карт олгосон бол өнгөрсөн 2016 оноос 65 болон үүнээс дээш насны иргэн бүртээ орлогоос нь хамаарч гурван cap тутамд 300-750 ам.долларын "Silver Support" гэх мөнгөн дэмжлэгийг олгож эхэлсэн.
Уг хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжлэх юм. Мөн 2008 онд ч 100-700 ам.долларын тэтгэмж өгч байлаа. Сингапурын парламент дахь төсвийн илтгэлийн үеэр тус улсын Сангийн сайд Хэн Свей Кит "Бид ийм зүйл жил болгон тохионо гэж бодохгүй байна. Энэ бол бүтцийн илүүдэл биш, аз, ховор тохиол гэж үзэхээс өөр аргагүй. Манай урт хугацааны санхүүгийн төлөвлөлт ховор азанд үндэслэгдэж хийгдэх ёсгүй.
Энэ удаагийн ард иргэддээ олгож буй хишгийг 2.7 сая гаруй иргэн хүртэнэ. Энэ оны сүүлч гэхэд мөнгийг тарааж дуусгана” гэв. Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс хөөгдөж, өөрсдийн хүсээгүй тусгаар тогтнолыг олох үед ердөө л гуравдагч ертөнцийн буурай орон байлаа. Нэг хүнд ноогдох орлого нь 500 ам.доллар байсан нь тухай үеийн Гана Улсынхтай зэрэгцэж байв. Харин одоо Сингапур хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Өнгөрсөн онд Сингапур 9.6 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бол Гана Улс 8.4 тэрбум ам.долларын төсвийн алдагдалтай ажиллажээ.
Өнөөдрийн байдлаар Сингапурын нэг хүнд ноогдох орлого 500 ам.доллараас 55 мянган ам.долларт хүрч огцом цойлсон нь шинээр тусгаар тогтносон бусад аль ч орны хүрээгүй том амжилт юм. 1965 онд нялхсын эндэгдэл 1,000 төрөлт тутамд 35 байсныг 1985 он гэхэд 10.9 болгож бууруулсан нь бүх улс орнуудыг ардаа орхисон үзүүлэлт байв.
Нялхсын эндэгдэл багасаж энх тунх байх нь эргээд нийгмийн экосистем хэр сайжирч байгаагийн шууд тусгал болдог аж. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (QECD) гаргасан математик, шинжлэх ухааны бүх нийтийн суурь эрдмийн (Universal Basic Skills) төвшнөөр Сингапурын 15 настнууд дэлхийд чансаагаараа тэргүүн байрт ордог.
Нийгмийн бусад олон шалгуур үзүүлэлтээр Сингапур Улс дэлхийд тэргүүлдэг. Сингапур Улсын иргэдийн 90 хувь нь өнөөдөр өөрсдийн өмчилдөг орон сууцанд амьдарч байна. Энэ үзүүлэлтээрээ мөн л дэлхийд тэргүүлж байгаа. Цаашилбал орлогоороо нийгмийн доод 20 хувьд багтдаг айл өрхүүдийн 80 хувь нь өөрийн орон сууцанд амьдарч байна. Нийгмийн халамжийн төв сангийн (Central Provident Fund) тусламжтайгаар хурдацтай өссөн цалин хөлс, заавал төлөх ёстой нийгмийн даатгалын хадгаламжаа ашиглаж байр авах боломжоор хангасан тогтолцооны дүнд өөрийн байртай айл өрхийн тоо ер бусын өндөр хэмжээнд хүрчээ.
Түүнчлэн Сингапур саятнуудын тоогоороо Азид тэргүүлдэг. Бостоны Дэлхийн баялгийн тайланд дурдсанаар арван өрх тутамд нэг саятан ноогддог байна. 250 мянгаас дээш орлоготой иргэдээс 20 орчим хувийн татвар авдаг нь дэлхий дээрх хамгийн бага татварын систем юм. Далайн боомт нь дэлхийн баячуудын усан онгоцоо тавих аюулгүй орчинг бүрдүүлдгээс гадна татварын таатай орчин дэлхийн хөрөнгөтнүүд Сингапурын иргэншилтэй болохыг эрмэлздэг. Мөн Сингапурын амжилтын бас нэг чухал зарчим бол эдийн засгийн хөгжлийн үр шимийг ард иргэддээ шударгаар хуваарилах явдал гэдэг.
Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
Сэтгэгдэл