Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ


Аливаа эдийн засаг, санхүүгийн хямралын төлөв байдлыг таамаглаж, гэтлэх арга замыг боловсруулахдаа өмнөх түүхэн өгөгдлийг ашигладаг. Дэлхий нийтийг цочроож байгаа коронавирусийн цар тахал нь урд өмнө тохиож байгаагүй шинэ төрлийн хямрал юм. Учир нь эрүүл мэндийн болон санхүүгийн систем давхар хямарч байсангүй. Таваарын үнэ унаж, хөгжиж буй зах зээлийн эмзэг мэдрэмтгий байдал нэмэгдэн, гадаад худалдаа зогсч, улс хоорондын капиталын урсгал саарч, валютын зах зээлд дарамт үүсч эхэллээ. Хүн төрөлхтөн ийм олон эрсдэл нэг дор давхацсан хямралтай анх удаа нүүр тулж байгаа нь энэ.

Манай улсад эдийн засгийн хямралыг даван туулах туршлага байна уу. Өмнө нь ийм асуудал тулгарахад хэрхэн шийдвэрлэж байсан талаар эргэж харцгаая.

Эдийн засгийн хямралыг ингэж туулж иржээ

1990 оноос өмнө манай улсын эдийн засаг, санхүүгийн бүхий л асуудлыг ЗХУ шийдвэрлэж иржээ. Бүхэл бүтэн жарны турш дэлхий нийтийг түгшээж явсан агуу гүрэн салж сарнихдаа Монгол Улсыг “Үнсэнд хаясан шалз” мэт орхисон юм. Зарим нөхдийн ярьдагчлан “ардчилал гээч мангас” гарч ирээд хамаг юмыг нь орвонгоор нь эргүүлээд хаячихсан зүйл огт биш. Хүссэн, эс хүссэн ч Монголын эдийн засгийг бүхэлд нь тэтгэж байсан ЗХУ бусдад “копеек”-ийн дэмжлэг үзүүлэх чадамжгүй, нөөцөө шавхчихсан байв. Ингээд 1991 онд ОУВС-гийн гишүүнээр элсэн орохоос өөр сонголт Монгол Улсад үлдээгүй юм. Энэ үеэс эхлэн эдийн засаг хүндрэхэд “хойд хөршдөө” бус ОУВС-д хандаж “алгаа тосдог” болжээ. ОУВС-аас 1991-1992 онд 54 сая, 1997-2000 онд 45 сая, 2001-2004 онд 37 сая, 2009-2010 онд 229.2 сая ам.долларын зээл олгосон байдаг. Мөн зээлээс арай зөөлөн нөхцөлтэй “Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамруулсан нь 1991 (13.75 сая ам.доллар) ба 2009 онууд (229.2 сая ам.доллар). 2017 оны эхээр Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт (EFF) дахиад л хамрагдлаа. Нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэхээс ОУВС-гаас 430 гаруй сая, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, БНСУ зэрэг донор орнуудаас гурван тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх томоохон хөтөлбөр одоо хэрэгжээд дуусах шатандаа оржээ. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн 30 орчим жилийн ихэнх хугацаанд хямралын анхны шинж мэдрэгдмэгц ОУВС-гийн ивээлд орж, “толгой”-гоо мэдүүлж ирсэн түүхтэй.

Эрх баригчид ийм “тэжээвэр” байдалд тогтмол шахам ордог шалтгаанаа элдэв хямралтай холбон тайлбарласаар иржээ. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн жолоо атгагчдад ямар нэгэн буруу ердөө байхгүй. Өөрөөр хэлбэл, хямрал гэх “хадны мангаа” үе үе цухуйх бөгөөд түүнийг зөвхөн олон улсын санхүүгийн байгууллага, донор орнууд шийдэж чадна. Өөр ямар ч гарц байхгүй гэх ойлголтыг эрх баригч хүчин нийгмийн сэтгэхүйд гүн баттай суулгаж өгчээ.

Ойр ойрхон хямраад байгаа учрыг оношлох ч амархан. Манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай учраас л тэр гэнэ. Тиймээс солонгоруулах ёстой гэж сэтэртэй болгон номлоод удаж байна. Харин уул уурхайн мөчлөг дагасан орлого нэмэгдэх тусам, улам данхайж буй төсвийн зардал манай эдийн засгийг сөхрүүлж, хямралын үндэс суурь болж байгаа талаар хэн ч дурссангүй. Өөрөөр хэлбэл сонгогчдод таалагдах зорилгоор “хамгийн хэрэггүй хөрөнгө оруулалтад, хамгийн их мөнгө цацах” уралдаан зарлах нь байдаг л үзэгдэл мэт. Хуримтлал нь хүрэхгүй тохиолдолд өндөр хүүтэй гадаад зээл авах шиг амархан арга үгүй. Дараа нь галав юүлсэн ч тэдэнд “падлийгүй”. Ийнхүү өдгөө “Монгол хүн бүр 28 сая төгрөгийн өртэй” болсон бөгөөд энэ дүн ч цаашид тасралтгүй өсөх нь. Сонгогч бид ч тэдэнд “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх” боломжийг хангалттай өгчээ.

Өнгөрсөн 30 жилийн төсвийн статистик үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийхэд ийм л харамсалтай дүр зураг бууна. Энэ нь аливаа хямралд эдийн засгийн тэргүүлэх салбар нь буруутан бус, харин эрх баригч улс төрийн хүчний эрүүл бус хандлага л буруутай юм. “Түүхий эдийн үнэ, төсвийн орлого өсөх бүр Засгийн газар төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлж байгаа нь төсөв, санхүүгийн томоохон хямралын эхлэлийг тавьж байна” гэж Дэлхийн Банкнаас маш тодорхой дүгнэсэн удаатай.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхай ДНБ-ний 24 хувь, үйлдвэрлэлийн салбарын 72 хувь, экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг бүрдүүлдэг. 2019 оны байдлаар уул уурхайн салбарын орлогын хэмжээ 2.9 их наяд төгрөгөөс давж, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 25 хувь буюу дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлж байна. Монгол Улс гаднаас олдог 10 ам.доллар тутмын ес нь эрдэс бүтээгдэхүүнд, тэр дундаа найман ам.доллар нь зэсийн баяжмал, нүүрсэнд ногдож байна. Энэ хоёр түүхий эдээс олох орлогын хэмжээ манай улсын эдийн засгийг тодорхойлж байна. ОУВС-аас “царай алдсан” жилүүд нь зэс эсхүл нүүрсний дэлхийн зах зээлийн ханш унасантай холбогддог.

Гэвч ОУВС-гүйгээр хямралыг давсан жишээ бас бий. Тэр нь 2012-2016 он. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөл хагарч, манай эдийн засгийн өсөлт саарсан үе. Зэсийн борлуулалтын орлого хоёр дахин буурч, нүүрсний үнэ 3-4 дахин унав. Ийн экспортын орлогын хомсдол үүсэхэд Монгол Улсын эдийн засаг агшиж, ДНБ-ний хэмжээ буурч, ажилгүйдэл эрс нэмэгдэж 300 орчим мянган ажлын байр алдах бодит аюул нүүрлэсэн юм. 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.доллар байсан бол 2012 оны эхний хагаст 1.9 тэрбум ам.доллар хүртлээ буурлаа. 2012 оны хоёрдугаар улиралд өмнөх оноосоо таван хувиар унасан эдийн засгийн өсөлт цаашид үргэлжлэх нь тодорхой боллоо. Тэр үеийн эрх баригчид анх удаа гаднаас тусламж эрэлгүй гурван жилийн хугацаатай хямралын төлөвлөгөө боловсруулсан байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурах мөчлөг багадаа гурван жил үргэлжлэх нь гэдэг тооцоо хийсэн нь хамгийн зөв алхам байлаа. Энэ таамаглалдаа тулгуурлан хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн нь “бай”-гаа оносон гэж өнөөдрийн өндөрлөгөөс тодорхой харагддаг.

Зөвлөгөө нэг: Хямрал үргэлжлэх хугацааг зөв тодорхойл

Хямрал эхлэхтэй зэрэгцэн уг хямралын үргэлжлэх хугацааг зөв зүйтэй тоймлох нь амин чухал. Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг ОУВС болон Америк, Герман, Франц зэрэг хэд хэдэн орны удирдагчид арав гаруй жил үргэлжилсэн Америкийн Их хямралаас (англ. Great Depression) илүү далайцтай гэж мэдэгдсэн нь санамсаргүй явдал огт биш. Дэлхийн олон оронд өнөөгийн хямрал, түүний нөлөө урт хугацаанд үргэлжлэх нь гэж тооцоод урд өмнө сонсч байгаагүй “их хэмжээний мөнгөн дүнтэй” санхүүжилтийг төлөвлөж байна. Харин манайхны гаргаж буй шийдвэрүүдийг нэг харчих. 3-6 сар үргэлжлэх хугацаатай байгааг анзаарав уу. Эдийн засаг ганц нэг улирал саарахыг хямрал гэж нэрлэхгүй л дээ. Хямралын нөлөөлөл улс орны эдийн засагт үргэлжлэх хугацааг улирлаар тооцдоггүй. Грекийн “гадаад өр”-ийн хямрал 10 гаруй жил үргэлжилсэн. Хоёр жилийн өмнөөс л тогтворжих тийшээ хандаж байна. Венесуэлийн эдийн засгийн хямрал 10 дахь жилдээ үргэлжилж байгаа. Төгсгөл нь хэзээ ямар үр дүнтэй дуусахыг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс ганц хоёр улирал үргэлжлэх юм гэсэн тооцоололд тулгуурлаж асар их хэмжээний хөрөнгө мөнгө үрэн таран хийх нь Засгийн газар хямралтай тэмцэх “бай”-гаа оноогүйгээр барахгүй эдийн засгаа сүйрүүлж болохыг Венесуэлийн өнөөгийн байдал маш ойлгомжтой харуулж байгаа бус уу.

Иймээс Засгийн газрын хамгийн эхний хийх алхам бол: Хямрал үргэлжлэх хугацааг зөв тодорхойлох явдал юм.

Зөвлөгөө хоёр: Дараагийн алхам

Хямралын шуурганд хамгийн анх өртдөг хүмүүс бол бага дунд орлоготой иргэд, цалингаараа өдөр хоногоо өнгөрөөж буй төрийн албан хаагчид юм. 2012 онд уул уурхайн бүтээгдэхүүний ханш унахад манай улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал дөрвөн тэрбум ам.долларт хүрснээр (ДНБ-ний 40 хувь) валютын ханш суларч, улмаар инфляц хөөрөгдөх аюул бий болсон.

Иймээс бага дунд орлоготой иргэдийн халаасыг валютын ханш болон инфляцад “идүүлэхгүй” байх, ядуурлын түвшинг нэмэхгүйн тулд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өндөр байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнэ хэд хэдэн удаа буурсан. Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханш хэвийн хэмжээнд байсныг өдгөө статистик үзүүлэлтүүдээс харж болно. 2010-2012 онуудад инфляц 13.0 хувь, 10.2 хувь, 14.0 хувь буюу тогтмол хоёр оронтой тоонд байжээ. Ялангуяа инфляцын 1/3-ийг хүнс, махны үнийн өсөлт бүрдүүлж байсан. 2010-2012 онд зөвхөн махны үнэ жил бүр дунджаар 34 хувиар, 2012 онд 44 хувиар өсөв. Энэ нь бага, дунд орлоготой иргэдийн орлогын 20-80 хувийг ховх сорж байсан гэсэн үг. Хэрэв “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг яаралтай хэрэгжүүлж шийдвэртэй арга хэмжээ аваагүйсэн бол нийгмийн дундаж давхарга эмзэг, ядуу бүлэг рүү унах аюул бодитоор нүүрлэж байв. Хөтөлбөрийн үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляц гурван жилийн дотор тэг (0.0) болсон. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц гурван жилийн дотор 14.0 хувиас 1.9 хувь хүртэл буурч иргэдийн бодит орлогыг хадгалж чадсан.

Өнөөдөр дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээнүүд яг л үүнтэй төстэй байгааг харж болно. Тухайлбал, Америк, Австрали, Солонгос... зэрэг олон улс оронд мөнгө нь илүүдэд иргэддээ тарааж байгаа юм биш, эрх баригчид нь сонгуулийн шоу хийж эдийн засгаа сөхрүүлж буй асуудал ч огт биш. Эдгээр халамжийн хөтөлбөр ганц л зорилготой. Төр татварын бааз суурийг бүрдүүлэгч дундаж давхаргаа хамгаалж байгаа нь тэр. Маш энгийн логик.

Засгийн газрын авч хэрэгжүүлэх ёстой хоёр дахь чухал арга хэмжээ нь: Бага дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалах явдал юм.

Зөвлөгөө гурав: Ажлын байрыг хадгалах замаар эдийн засгийн шокийг зөөлрүүлж, хямралыг хазаарладаг

Аливаа хямралыг хохирол багатай даван туулахын тулд Засгийн газар, банк, санхүүгийн систем болон эдийн засгаа хамгаалах, хямралаас гарах хүндрэлийн ачааллыг иргэдэд үүрүүлэхгүйн тулд “санхүүжилт босгох”-оос ажлаа эхэлдэг. Хэрэв хуримтлал байвал тун сайн. Гадаад өрөө нэмэхгүйгээр хүнд байдлаас гарах боломж байна гэсэн үг.

2012-2016 оны хямралын өмнө, эдийн засаг 17 хувийн өсөлттэй байхад Монголын төр хямралд зарцуулах хуримтлал босгох бүрэн боломжтой байсан л даа. Монгол Улсын эдийн засагт эргэлтийн цэг болсон 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь, урд өмнө байгаагүйгээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ. Харамсалтай нь, гэнэт олдсоны хэрээр төсвийн зардлаа өсгөж, үрэн таран хийх бодлого хэрэгжиж байсан үе. 2010 онд төсвийн зардал 70 хувь, 2011 онд бараг хоёр дахин нэмэгдэв. Экспортын орлого огцом өсөлттэй жилүүдэд Чалкод 350 сая ам.долларын өр тавьж, Евро бонд босгож байжээ. Мөн 2011-2012 онд Хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулжээ. Бараг хоёр Чингис бондын хөрөнгө хуримтлуулах боломж байсан гэсэн үг. Чухам энэ үед эрх баригчид ямаанд мөнгө өгөх шийдвэр гаргаж байсан. Ийнхүү түүхий эдийн ханш унаж, хямрал эхэлсэн үед гадны сөрөг шокийг зөөлрүүлэхэд зориулж болох санхүүгийн нөөц боломжийг үгүй хийж байгаа талаар олон улсын санхүүгийн байгууллагууд ч эрх баригчдад анхааруулж байсан байдаг. Улс орны ирээдүйг хорлосон ийм бодлогыг эрх барьж буй аливаа хүчин дахин давтах ёсгүй.

2012 оны дунд үеэс мэдрэгдсэн хямралын эхэнд хуримтлалгүй, өртэй Засгийн газарт тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд гадаад ертөнцөөс санхүүжилт босгохоос өөр сонголт байсангүй. Ийнхүү 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгож, Төв банкнаас ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн гурван жилийн хугацаанд 86 мянган өрх шинээр байранд орж, 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад дагавар салбаруудын өсөлтийг дэмжиж, 3,405 км хатуу хучилттай зам барьж, хатуу хучилттай замaa 2.2 дахин өсгөжээ. Эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувиар нэмэгдэж, уг салбар анх удаа ашигтай ажилласан байдаг. Дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулснаар 60,000 орчим хүн шинээр ажилтай болсон билээ. Ийнхүү хэрэгжүүлсэн тусгай хөтөлбөрүүд ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох замаар хямралыг “зөөлөн газардуулж” чадсан түүхтэй.

Засгийн газар: Ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь хямралын шокийг зөөллөдөг.

Төгсгөлийн оронд

Хөгжиж буй орнуудын хувьд цар тахлын үүдэлтэй эдийн засгийн хямрал тун хүндээр тусах нь. Гадаад зах зээл дэх эрэлт буурсантай холбоотой, капиталын урсгал саарч, түүхий эдийн ханшийн уналтаас ихээхэн хохирол хүлээж магадгүй байна. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэгийн зөвлөгөөг маш сайн анхаарах хэрэгтэй. Хөгжиж буй орнууд төсвийн зарцуулалтын бүтцээ өөрчилж, элдэв төсөлд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтээ эрэмбэлэн ялгаж, зөвхөн хямралын аюулыг гэтлэх арга хэмжээнд зориулах ёстой. ОУВС-аас хөгжиж буй орнуудад дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд: төсвийн шаардлагатай бус санхүүжилтээ эргэн харах, гадаад өрийн хэмжээг нэмэхгүй байх, эдийн засгаа дэмжихийн тулд сангийн болон мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын чухлыг сануулж байна.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

Эх сурвалж: inews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.