Шинэ коронавирусний вакцин 2021 оны эцсээс өмнө бэлэн болохгүй байж магадгүй гэж Швейцарын “Roche” эм үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал Северин Шван лхагва гарагт мэдэгджээ. Дэлхий даяар судлаачдын олон баг коронавирусний вакциныг гарган авахын тулд цагтай уралдан ажиллаж байгаа юм. Гэсэн хэдий ч С.Шваны мэдээлснээр, вакциныг бүрэн туршиж, үйлдвэрлэж, түгээхэд 12-18 сарын хугацаа шаардлагатай ажээ.
"Бид ирэх оны эцсээс өмнө вакцинтай болох магадлал бага байгаад санаа зовниж байна" гэж С.Шван сэтгүүлчдэд цахимаар ярилцлага өгөх үеэрээ хэлээд, 18 сар бол маш идэвхтэй, хөдөлмөрч байх цаг хугацаа юм гэж нэмж хэлсэн байна. Түүний хэлснээр, хүмүүс 2021 оноос өмнө хэвийн амьдралдаа эргэн ороход вакцинаас илүү эсрэг биетийн шинжилгээ нь ач холбогдолтой ажээ. “Roche” компани хүмүүсийг коронавирусний халдвар авсан болон эсрэг биет үүссэн эсэхийг тогтоодог цусны шинжилгээг ирэх тавдугаар сард гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Харин зарим судлаач вакциныг энэ онд гарган авна гэж найдаж байна. Оксфордын их сургуулийн вакцины судалгааны ахлагч Сара Гилбертийн мэдээлснээр, түүний багийн вакцин ирэх есдүгээр сар гэхэд бэлэн болж магадгүй ажээ. Тэрээр өөрсдийнхөө бүтээж буй вакциныг амжилттай болно гэдэгт 80 хувь итгэлтэй байгаагаа “The Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэд вакцинаа энэ долоо хоногоос хүний биед туршиж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Э.Хулан
Сэтгэгдэл