“Covid-19” нь амьсгалын замын эрхтнүүдээр халдварлаад зогсохгүй мэдрэлийн тогтолцоонд халддаг аж. Уг вирус нь олон өвчтөний мэдрэлийн тогтолцоонд халдаж байгааг судалгаа харуулжээ.
Коронавирус мэдрэлийн эсүүдэд хэрхэн яаж нөлөөлдөг нь хараахан судлагдаагүй хэдий ч үүнд ямар нэгэн холбоо бий гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна. Түр хугацаанд амтлах болон үнэрлэх мэдрэмжээ алдах нь “Covid-19” халдварын өвөрмөц шинж тэмдгүүд болохыг 3 дугаар сарын дундуур тодорхойлсон юм.
Үүнээс гадна вирус хамрын хөндийгөөс тархинд шууд нэвтрэх боломжтой бөгөөд энэ нь аливаа эрхтэний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хэд хэдэн хүндрэлийг дагуулж болзошгүй.
Коронавирустай хавсардаг өвчнүүдийн жагсаалт маш урт. Үүнд хоол боловсруулах эрхтэн, судасны бөглөрөлөөс гадна зүрхний дутагдал, энцефалит буюу тархины эдийн үрэвсэл зэрэг янз бүрийн өвнүүд багтаж байна.
Барьцгүй вирус
Цар тахал дэгдэж эхэлснээс 4 сар өнгөрөөд байгаа хэдий ч эрдэмтдийн “SARS-CoV-2” вируснээс үүдэлтэй өвчний талаар хийгээд энэ өвчин нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг нь нимгэн хэвээр байна.
Халдварт өвчний талаарх ерөнхий дүр зураг дэлхийн эмч нарын коронавирусний халдвар авсан өвчтөнүүдээ хэрхэн яаж эмчилсэн талаарх туршлагаа хуваалцсан нийтлэл төдийхнөөр харагдаж байгаа.
Ийм ерөнхий дүр зураг байгаа учраас “Covid-19”-өөр халдварласан үед илэрч болзошгүй шинж тэмдгүүдийн жагсаалт өргөжсөөр байгаа юм. Түүнчлэн вирус өөр ямар эрхтэнүүдэд халдварлаж, ямар хүндрэл үүсгэж болзошгүй талаарх бидний ойлголт нэмэгдсээр байна.
Халдварын үед төв мэдрэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдах тохиолдол олон удаа тэмдэглэгджээ. Тодруулбал, коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийн гуравны нэгээс илүүд нь мэдрэлийн тогтолцоотой холбоотой шинж тэмдгүүд ямар нэгэн хэлбэрээр илэрч байгааг Франц, Хятадад хийсэн судалгаа харуулжээ.
“Covid-19” халдварт өвчний хүндрэлийн үед илэрч болзошгүй өвчнүүдийн жагсаалтад ходоод гэдэсний өвчин, зүрхний өвчин, цус бүлэгнэлтийн өөрчлөлтүүд багтжээ.
Харин төв мэдрэлийн тогтолцоонд вирус янз бүрээр халдварлаж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, амтлах, үнэрлэх зэрэг мэдрэмжээ түр хугацаанд алдахаас илүү аюул дагуулж болзошгүй.
Тухайлбал, “Covid-19” халдвартай дагалдаж энцефалит, Гийена-Барре хам шинжийн хэд хэдэн тохиолдол тэмдэглэгджээ. Гийена-Барре хам шинжийн үед булчин сулрах, хүндэрсэн үед саажилтын шинж илэрдэг байна.
Нью-Йорк муж улсад гэхэд л сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийн дунд тархины цус харвалтын 5 тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэлд Америкийн эмч нар сэтгэл түгшиж байна.
Гэсэн хэдий ч мэдрэлийн гаралтай өвчнүүд нь голдуу хүнд өвчтөнүүдээс илэрч байгаа нь ажиглагджээ. Эдгээр шинж тэмдэг зарим тохиолдолд өвчтөн эдгэрсний дараа ч илэрч байжээ.
Хүндрэлүүд яагаад янз бүрээр илэрч байна вэ?
Вирус мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг шууд болон дам байдлаар алдагдуулах магадлалтай юм. Үүнийг “Covid-19”-өөр халдварласны улмаас нас барсан хүний цогцосноос олж илрүүлжээ.
Тодруулбал, вирусний тоосонцрууд халдварын улмаас нас барсан хүний тархинаас илэрсэн байна. Халдвар үнэрлэх рецепторуудаар дамжин тийшээ нэвтэрсэн байж болзошгүй гэх хувилбарыг дэвшүүлээд байгаа аж.
Гэсэн ч зөвхөн коронавирусний халдварын үед ийм тохиолдол гардаггүй. Ханиад, улаан бурхан тусах нь маш ховор тохиолдолд мэдрэлийн гаралтай өвчин үүсэхэд хүргэдэг байна.
Вирус цусаар дамжин аль ч эрхтэн рүү тэр дундаа тархинд нэвтрэх боломжтой. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн мэдээллээр, халдвар авсан хүмүүсийн тал орчим хувь нь элдвийн шинж тэмдэггүй байжээ.
Энэ өвчин яагаад зарим нэгэнд нь огт мэдэгдэхгүй байдлаар илэрч байхад заримд нь ийм хүнд байдлаар илэрч байгааг ойлгохын тулд Их Британийн эрдэмтэд хэдэн мянган ихрүүдийг судалгаанд хамруулжээ.
Урьдчилсан мэдээллээр, өвчний хүндрэл, янз бүрийн шинж тэмдгүүд хийгээд халдварлах магадлал генетикийн хүчин зүйл буюу удамшлын хүчин зүйлээс ихээхэн хамааралтай байж болзошгүй аж.
Э.Аянзаяа
Сэтгэгдэл