АНУ-ын цэргүүд коронавирусний халдварыг анх тараасан байж болзошгүй гэх мэдээлэлд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тайлбар хийжээ. Тэрээр уг мэдээллийг “шударга бус” гэж мэдэгдээд, “манай цэргүүд коронавирусийг хэнд ч халдаагаагүй” хэмээсэн байна. Коронавирусийг АНУ-ын цэргүүд анх Уханьд авчирсан байж магадгүй гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь гуравдугаар сарын 12-нд твиттерт бичжээ. Тодруулбал тэрээр АНУ-д томуугаар нас барсан хүмүүсээс нас барсных нь дараа коронавирус илэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Роберт Редфилдийн твиттерт бичсэн мэдээлэлд сэтгэгдэл үлдээх хэлбэрээр жиргэжээ.
"АНУ-д анхны тохиолдол хэзээ бүртгэгдэв? Хэчнээн хүн халдвар аваад байна вэ? Яг үнэндээ Америкийн цэргүүд анх тахлын халдварыг Уханьд авчирсан байж болзошгүй. АНУ коронавирусний халдвар авсан хүмүүсийн талаарх мэдээллийг нийтэлж, бүгдийг тайлбарлах ёстой" гэж тэрээр бичсэн байна.
Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчийг ийм зүйл бичсэний дараа өдөр нь АНУ-д суугаа тус улсын Элчин сайд Цуй Тянькаяаг Төрийн департмент дуудаж, үндэслэлгүй мэдээлэл тараасанд эсэргүүцлээ илэрхийлжээ. Өнгөрсөн оны сүүлчээр Ухань хотод бүртгэгдсэн шинэ коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд хүлээн зөвшөөрсөн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, коронавирусний халдвар дэлхийн 160 гаруй улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 190 мянгад хүрсэн бол 7000 гаруй хүн нас барсан байна.
Д.Жаргал
Сэтгэгдэл