Миний дайсан “Моносын Л.Эрдэнэчимэг”


Миний дайсан “Моносын Л.Эрдэнэчимэг”Монголчуудын олонх нь над шиг саяхныг хүртэл Л.Эрдэнэчимэгийг таньдаггүй байсан биз. Хүнийг танина гэдэг нэг талаар үнэлж дүгнэхийн нэр. Би Л.Эрдэнэчимэгт дургүй хүмүүсийн нэг. Бүр үзэн яддаг гэхэд ч болно. Бусдын л адил түүнийг улстөрч гэдгээр нь мэддэг.
 
Яг үнэндээ УИХ-ын гишүүн болонгуут нь таньдаг болчихсон юм биш. Архи, тамхитай тэмцэж эхлэнгүүт нь л Л.Эрдэнэчимэгийг анх олж харсан юм. Архи, тамхи ер, нь аливаа зүйлийг хуулиар хорьж цагдсанаар асуудлыг шийдэхгүй гэж бодож явдгийн хувьд түүний хийхээр зүтгэсэн, зүтгээд зогсохгүй бүтээчихсэн үйл хэргийг шүүмжилсэн өгүүлэл, нийтлэл ганцаар тогтохгүйг бичжээ.
 
Одоо ч би байр суурин дээрээ зогсож байгаа. Цаашдаа ч хамгаална. Анхны сэтгэгдэл тийм ч амархан хувирдаггүй хойно Фэйсбүүк, Твийтэрт Л.Эрдэнэчимэгийн талаар олон сэтгэгдэл оруулжээ. Бенз машинаа гайхуулсан, биелэгээ хийсэн, туулай агнасан гээд боломж олгох тоолонд нь түүнийг шоолсон. Гэхдээ доромжилж байсангүй, егөөдөж ёжлох бол наад захын асуудал.
 
"Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн төсөл барьчихсан гүйж явахад нь сэтгүүлчийн хувиар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй уулзах гэж хүсэлт тавиад бүтээгүй. Хожим хууль батлагдсан хойно танилцаж, хуучлах боломж гарлаа. Хүсэл, хясал хоёроос бүтдэг дээ, амьдрал.
 
Анх уулзахдаа дотроо халгаж л байлаа. Харин мэндийн зөрүүгүй "Энэ нөгөө сэтгүүлч үү? Хаалгаа цоожилчих, хутгаа гаргаад ир. Одоо янзлаад хаячихъя” гэхэд нь дотор уужирч билээ. Ямартай ч хоёр нүүргүй хүн юм гэдгийг нь ойлгосон. Улмаар танилцаж амьдрал ахуйг нь сонсож суухдаа Л.Эрдэнэчимэгийн тухай бичихэд болохгүй нь юу билээ гэж бодсон.
 
Өгсөж уруудаагүй, алдаа оноогүй хүний тухай бичих юм үнэндээ олддоггүй юм. Зүгээр л "Өндөг шиг өөгүй” гэчихэд хаваасаг. Энэ бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн намтар биш. Харин Л.Эрдэнэчимэг хэмээх бүсгүйн түүх гэвэл зохилтой эд. За, ингээд олон үгээ татъя, нүүр тулсан миний дайсантай танилц.
 
"Хар Цогоо”-ийн гавьяа
 
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ширүүн өрсөлдсөн. Монголчууд хоёр хуваагдлаа. Нэг хэсэг нь Ц.Элбэгдоржийг, нөгөө нь Н.Энхбаярыг дэмжиж байгаа нь гэж ухамсараа гээтэл хэрэлдэж, уралцсан даа.
 
Энэ үеэр "Шударга сонгууль” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэл "АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж БНСУ-ын шашны байгууллагаас мөнгөн хандив авсан” гэдэг бичлэгийг телевизийн олон сувгаар цацсан юм. Ц.Элбэгдоржийн солонгосчуудтай хийсэн уулзалтын орчуулгыг илт гуйвуулсан бичлэг хэл ам таталсаны дараа АН-ын Сонгуулийн ерөнхий менежер Д.Эрдэнэбат шүүхэд гомдол гаргаж асуудал үнэн мөнөө олжээ.
 
Б.Цогтгэрэлийн "Шударга сонгууль” ТББ 2008 оны УИХ-ын сонгуулиар мөн л энэ мэт гүтгэлгийн мэдээлэл тарааж нилээд гаршсан бас амташсан байсан ч энэ удаа шүүхээс ял сонсов. 2008, 2009 оны сонгуулиар "Шударга сонгууль” ТББ МАН-ын талд ажиллаагүй гэдэг хэдий ч хэрэг явдлын дараа Б.Цогтгэрэл МАН-д гишүүнээр элсэж улмаар МАН-ын Мэдээллийн технологийн хэлтэсийн даргын албан тушаалд суужээ.
 
"Мэдээллийн технологийн хэлтэс” нь учиргүй технологисоод байх ч юмгүй, шинэ тутам хүчээ авч байгаа интернэт орчинд ажиллах ухаантай. Тэр нь товчхондоо хэдэн сайт гэсэн үг л дээ. Энэ үеэс түүнийг улс төрийн хүрээнийхэн, сэтгүүлч нөхөд нь ч "Хар Цогоо” гэх болжээ.
 
Төрөлхийн бор царайгаар нь дайруулсан хоч түүний зан араншинг л тодорхойлж байлаа. FM радиогийн хөтлөгч байсан залуу ийнхүү улс төрд орж ирэв. Тэрээр 2013 оны Орон нутгийн сонгуулиар "АН-ын төлөөлөгч ялалтын баяраа тэмдэглэж яваад хүний аминд хүрэв” гэдэг худал мэдээлэл тараасныхаа хариуд дахин шүүхийн хаалга татлаа. Харин мань эрийг Ганц худагт хоригдож байхад АН-д элсээд удаагүй байсан УИХ-ын гишүүн Ц.Арвин батлан даалтаар гаргаж авсан байдаг.
 
Б.Цогтгэрэл батлан даалтаар гараад нэг их удалгүй Сонгины аманд байдаг Mongolica амралтын газар Н.Номтойбаяр нарын МАН-ын залуустай явж байгаад Л.Эрдэнэчимэгтэй таарчээ. Гоо сайхны мэс засалд ороод удаагүй Л.Эрдэнэчимэг хүнд танигдахгүй санаатай нарны шил зүүсэн ч Б.Цогтгэрэл түүнийг дор нь таньж.
 
Таниад ч зогссонгүй харсаар байтал энд тэндээс зургийг нь баахан авлаа. Лангууны араас, өөрсдийнхөө суудал дээрээс, хажуугаар нь хэргээр өнгөрөхдөө... Зураг авах нь илт мэдэгдээд байхад л баахан зураг дарсан аж. Л.Эрдэнэчимэг тэр өдөр арван жилийн ангийнхаа залуутай хамт явж байсан тул "нууц амраг” гэдэг сэдвээр "алж” болно гэж тооцжээ.
 
Ердөө маргааш нь mass.mn сайтад нөгөө амралтын газрын гадаа зогсож байгаа Л.Эрдэнэчимэгийн машины зургийг оруулсан байна. "УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн зугаалга” нэртэй хэдэн өгүүлбэр бүхий энэ мэдээ бол түүнд өгч байгаа дохио юм. Ийм мэдээ сайтад гарсан тохиолдолд "хэргийн эзэн” өөрөө тухайн хэвлэл рүү утсаар ярьж "хуудуутай” мэдээллээ мөнгө төлж авахуулдаг ёс тогтоод удаж байгаа юм.
 
Яг энэ тогтсон аргаараа Л.Эрдэнэчимэгээс мөнгө салгах гэсэн хэрэг. "Таны тухай ийм мэдээлэл гарчихаж, мөнгө төлбөл цааш нь дэлгэрүүлж гаргахгүй аргалж өгье” гэж "Хар Цогоо” өөрөө утсаар ярьсан байна.
 
Гэтэл зөрүүд Л.Эрдэнэчимэг зүгээр л түүнийг цагдаад өгчихөв. Мэдээ гарсан сайтын эзэн Амаржаргалыг цагдаа дуудаж байцаахад бүр сонин явдал болжээ. Шантааж хийж мөнгө олох энэ ажиллагаанд "Монос”-ын ажилтан залуу холбоотой болж таарав.
 
Л.Эрдэнэчимэгийн сонгуульд ажиллаж байхдаа өрөөсөн дугуйнуудаа олсон залуу ажилтай, мөнгөтэй болгосон хүнээсээ ахиж мөнгө шантаалах санаатай байж. Ингээд сурсан аргаараа мөнгө олж чадаагүй Б.Цогтгэрэл Л.Эрдэнэчимэг гэдэг мөнхийн дайсантай болоод авах нь тэр. Үүнээс хойш "Хар Цогоо” Л.Эрдэнэчимэгийг гутаан доромжлох ажлыг дагнан гүйцэтгэсээр өнөөдрийг хүрэв.
 
Л.Эрдэнэчимэгтэй холбоотой нэр хоч бүхэн 2013 оноос эхтэй байдгийг хэдэн сайтын мэдээ шүүгээд тодорхой харж болно. Энэ бүхэн "Бенз” машинаас эхтэй. 2013 оны 11 дүгээр сарын 02-нд "УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Бенз S500 машинаа магтав” гэдэг мэдээ ugluu.mn сайтад гарлаа.
 
Түүнийг Твийтэр, Фэйсбүүкт оруулж ирснээр Л.Эрдэнэчимэг хэл амны бай болов. Үүнээс хойш "Туулай агнасан”, "Түймэр унтраасан”, "Биелэгээ хийсэн” гээд мэдээ тасарсангүй. Хаана ч өөрийнхөөрөө байдаг Л.Эрдэнэчимэгийн үйлдлүүд ч үүнд мэдээж бэлээхэн олз болж байлаа. Ингээд "Моносын” гэдэг овог нь "Эргүү, тэнэг” болж хувирлаа.
 
Үргэлжлэл бий..
 
Д.Батбаяр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.