АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч Кети Миллер өнгөрөгч баасан гаригт “COVID-19”-ийн халдвар авсан болох нь тогтоогдсон билээ. Түүний өөр нэг хэвлэлийн төлөөлөгч Девин О'Мэлли ням гаригт “Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Тиймээс тэрээр өөрийгөө тусгаарлахгүй. Ажлаа үргэлжлүүлэн хийнэ” гэж мэдэгдсэн юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр ирэх өдрүүдэд дэд Ерөнхийлөгч богино цагийн хуваариар ажиллах аж. Мөн Цагаан ордонд халдвар хамгааллын дэглэм тогтоох, урьдчилан сэргийлэх протоколыг сайжруулан ажиллаж байгаа бөгөөд Кети Миллер болон халдвар авсан Цагаан ордны бусад ажилчидтай ойрын хавьталд орсон албан тушаалтнуудад өөрийгөө тусгаарлах зөвлөмж хүргүүлсэн байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хувьд Вашингтоноос хэрэгжүүлж буй цар тахалын эсрэг хариу арга хэмжээ авах комиссыг тэргүүлж байгаа юм. Тэгвэл уг комиссын шинжлэх ухааны гол зөвлөх, АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн тэргүүн, доктор Энтони Паучи халдвар авсан Цагаан ордны албан хаагчидтай ойрын хавьталд орсон байх эрсдэлтэй гэж үзсэний улмаас өөрийгөө тусгаарлах болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Кети Миллертэй ойрын хавьталд ороогүй ч дэд Ерөнхийлөгч Майк Пенстей ойрын хавьталд орсон талаараа мэдэгдсэн. Мөн өнгөрөгч пүрэв гаригт Доналд Трампад үйлчилдэг Цагаан ордны цэргийн албан хаагч “COVID-19”-ийн халдвар авсан болох нь тогтоогдсон юм. Тэрээр Ерөнхийлөгчийн өдрийн хоолыг зөөх, хувцсыг нь бэлдэх зэрэг үүргийг гүйцэтгэдэг байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх үедээ амны хаалт зүүх, халдвараас урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээг огт хэрэгжүүлдэггүй байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр Доналд Трамп өдөр бүр коронавирусийн оношилгоонд хамрагдаж байгаа бөгөөд түүний шинжилгээний хариу сөрөг гарсаар байгаа аж.
Мөн Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба коронавирусийн оношилгоонд хамрагдаагүй хэнийг ч түүнд ойртуулахгүй байх тушаал авсан байна. Цагаан ордон дахь эх сурвалжуудын мэдээлснээр ордны ажилчид болон албан хаагчид тэр дундаа баруун жигүүрт оффис нь байрладаг цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах комиссын гишүүд нэлээд санаа зовнисон байдалтай, стресстэй байгаа гэжээ. Сэтгүүлчид Доналд Трампаас Цагаан ордон “COVID-19”-ийн халдварын голомт болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар асуухад, тэрээр “Бидний хийж чадах зүйл бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд бид өөрсдөөсөө шалтгаалах чадах бүхнээ хийх ёстой” гэсэн юм.
О.Мөнхбат
Эх сурвалж: CNN, BBC
Сэтгэгдэл