Баабарын магтаалтай “тэрсэлдэх” өөр өнцөг
Нийтлэлч Баабарын “Ха дарга” хэмээх “халзан” Да.Ганболдын тухай магтаал-хөргийг уншлаа. Нэгэнт үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ардчилал авчирч, Үндсэн хуулиар баталгаажуулсан болохоор эгэл жирийн сэтгүүлч би ч гэсэн тантай “барьцаж” үзэл бодлоо илэрхийлэхээр шийдэж, үзэг цаас нийлүүлэв. Ямар ч кино хийхэд эхний 15 минутанд заавал сонирхол татах эффект оруулах ёстой гэдэг бичигдээгүй хууль байдаг шиг таны нийтлэл ч эхнээсээ л Да.Ганболд найзыгаа өндөг шиг өөгүй, цэвэрхэн хүн гэдэг ойлголтыг уншигчдад (сонгогчдод) төрүүлэхийг оролджээ. Магтаж болно. Гэхдээ бусдын гавьяатай дүйцүүлж магтсан нь арай л биш санагдав. Та бичихдээ “Хараарай, зуун жилийн дараа манай өнөөгийн үеийнхнээс цөөхөн хэдэн хүний л нэр үлдэнэ, тэдний нэг нь манай Ха дарга даа. Шинэ үеийн Монголын түүхэнд түүн шиг ихийг бүтээж мөрөө үлдээсэн хүн ховор л байх. Энэ олон гавъяатууд чинь тэмдэгтэйгээ хамт алга болно. Учир нь түүх, цаг хугацаа хүнийг үлдээсэн мөрөөр нь хэмждэг болохоос падуушгин дээрх паалантай төмрөөр нь үнэлдэггүй юм” гэж улс, түмэндээ чин сэтгэлээ зориулсан агуу хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг зүгээр л шүлс шиг нулимаад хаячихаж. Хэдийгээр та “шинэ үеийн Монголын” гэж тодотгосон ч агуулга, үнэлэмжийнхээ хувьд алдраа хүртсэн үе үеийн цуутай хүмүүст хамаатай мэт ойлгогдохоор байна. Миний төрсөн нутаг Говь-Алтай аймагт эцэж цуцахаа мэдэхгүй ажилсаг хүмүүс олон байлаа. Халиун суманд нэгдлийн даргаар ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар Гомбын Лодойхүү агсан мөрөө үлдээгээгүй хүн үү? Энэ хүн бол ерөөсөө л ажлын төлөө төрсөн хүн байсан. Өвөл ч, зун ч үүр цайгаагүй байхад байхад түүний ажил эхэлдэг байсан бөгөөд хөдөө аж ахуйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь аймаг орон нутгаар хэмжээд зогсоогүй. Тэр хүний ачаар мөн ч олон хүн ажлын дөртэй болж, амьдралын ухаанд суралцсан даа. Тийм ч учраас Хөдөлмөрийн баатар гэдэг алдрыг хүртээсэн хэрэг. “Лодойхүү баатар шиг хүн л үгүйлэгдэх юм” гэж ам дамжин ярьдаг нь таны амаа олохгүй магтдаг өмч хувьчлалаас ч үнэ цэнтэй сонсогдоно. Тэр хүн мөрөө ингэж үлдээсэн юм.
Миний бие Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн далимд 2019 оны 7 дугаар сарын 5-нд Зүүнхараа хотод очиж, Атрын I, II аяны анхны шанг татаж байсан 20 гаруй ахмад тариаланчидтай уулзаж байлаа. Энгэр дүүрэн одон медалтай тэдгээр алдартнууд яаж ажиллаж хөдөлмөрлөж байсан талаараа бараг л домог хүүрнэнэ. Бүтэн жарантай тэнцэх нөр их ажил хөдөлмөрийн түүхийг бичилцсэн хүмүүсийн үлдээсэн мөр өнөөдөр ч арилаагүй байна.
Асгаруулсан хөлс нь дэвжээн дээр нь хатаж амжаагүй шахам агуу тамирчид бол улс орныхоо нэрийг тив, дэлхийд тамгалсан яах аргагүй тод мөртэй алдартнууд. Толгойгоо эргэтэл, хөлөө солбитол олон цагаар зогсч, хүнд мэс заслын ард гардаг эмч нарын үлдээсэн хамгийн тод мөр бол эдгэрээд инээгээд гарч байгаа тэр л баяр жаргалтай хүмүүс. Төрд шургалж хулгай хийгээгүй, зүгээр л гавьяа зүтгэлийнх нь үр дүн харагддаг, үлддэг учраас хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийг төр үнэлж, энгэрт нь шагнал зүүж өгдөг юм. Тэр паалантай төмөр /таны хэлснээр/ нь эзэнтэйгээ хамт мартагдахгүй л дээ. Тэгж ярьвал танд ч гэсэн “Төрийн соёрхолт”-ын “паалантай төмөр” байгаа биз дээ? Тийм учраас л “Энэ олон гавъяатууд чинь тэмдэгтэйгээ хамт алга болно” гэдэг үг чинь “шорвог” байна гэж хүмүүс ундууцав. 100 жилийн дараа Да.Ганболдыг магтах,эсэхийг та ч, би ч харж чадахгүй. Басамжилж байгаа ч юм шиг “Хараарай” гэж ирээд агсам тавьж /өөрийн чинь хэлснээр/ байгааг чинь яаж ойлгох уу? Тэгээд ч 100 жилийн дараах сайхан амьдралыг харах гэж өнөөдөр бид ядарч явах ёстой юм уу?
“Ха дарга Монголын түүхэн дахь хамгийн мундаг Засгийн газрын орлогч дарга нь байлаа. Бямбасүрэнгийн Засгийн газар. Зөвхөн зах зээлийн тогтоц руу шилжлээ гэсэн шийдвэр нь ямар аугаа түүхэн алхам байсан гэж санана! Зөвлөлт холбоот улсын үед шүү дээ! Ердөө ганц энэ шийдвэрийнх нь төлөө Бямбасүрэн гуай, Ха дарга хоёрт мөнхийн гэрэлт хөшөө босгууштай.“ХХ зууны хроник” гэсэн дэлхийн хэл хэлэнд орчуулагдсан төө шахам зузаан номонд Монголын тухай хоёрхон баримт орсон байдаг. Нэг нь 1921 оны 7-р сарын 10-нд Монгол улс зөвлөлт маягийн засаглалтай боллоо гэжээ. Нөгөө нь 1991 оны 5-р сарын 21-нд Монголд өмч хувьчиллаа гэсэн байна. Нэгийг нь муулах өнгөтэй, нөгөөг нь сайшаах маягтай бичжээ дээ. Тэр сайныг нь Бямбасүрэн гуай, Ха дарга хоёр гардан удирдаж хийсэн юм. Өмч хувьчлалын 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж тэр үед тэр хавиар юухан шуухан хийж, бичиг цаас, цай пэчээнь зөөж явсныг нь төр засаг өндрөөр үнэлж одон тэмдгээр овойж оцойтол нь пялайлгасан боловч Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Өмч хувьчлалын комиссын дарга Да.Ганболд, нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун гурвыг ядахнаа баярын хурал, будаалгандаа ч урьсангүй. Гэхдээ түүх хожим санана л даа.
1990-1992 оны хооронд богино хугацаанд тогтож байсан тэр Засгийн газрын шийдвэр болгон нь Монголын хувьд цоо шинэ, тэр хэрээрээ тус бүр нь аугаа байлаа” гэж Да найзынхаа хэрэгжүүлсэн өмч хувьчлалыг Монголыг мандан бадралын ганц зөв замд оруулсан аврал мэтээр та хэт гоёчлон магтжээ. Зах зээлийн тогтолцоог мэдээж хувийн өмчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ улс нийгмийн өмчийг бусдад тарааж өгөх “хувьсгал” чинь алдаатай, буруу арга замаар хэрэгжсэнийг нотлох нэртэй эдийн засагчид олон.
Академич Т.Намжим бол 1990-ээд оноос хойших Монголын эдийн засгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийсэн толгой эрдэмтдийн нэг байлаа. Т.Намжим гуайн “Тухайн үеийн эрх баригчид хувийн өмчийн хэвшлийг бүрэлдүүлэх талаар бодлого чиглэл боловсруулаагүй, шууд л улсын өмчийг хувьчилж, хувийн өмчийн хэлбэрийг мехнаник аргаар бий болгох гэж хэт яарсан нь аргазүйн хувьд оновчтой бус байсан бөгөөд ихээхэн хохирол учруулсан үйл явц бий болсон” гэдэг дүгнэлттэй олон эрдэмтэн санал нийлдэг. Онол номыг нь үзээд, практик судалгаа хийсэн эдийн засагчдаас гадна дугаар хорооны иргэн ч өмч хувьчлал хуудуутай явагдсан талаар дутахгүй өнгөтөөр ярина даа. Өмчийг хувьчилсан шийдвэрээс өөрт нь юм наалдаагүй юм чинь аргагүй ш дээ. Хамгийн харамсалтай нь 70 жилд бүтээн байгуулсан үйлдвэрүүдийг өмч хувьчлал нэрээр тараагаад хаячихсанаас болоод бүхэл бүтэн ажилчин анги гэдэг нийгмийн давхарга үгүй болж, тэр олон үйлдвэр, үйлчилгээний зориулалттай обьектууд “Буян”-гийн Жаргалсайханы хэлснээр зүгээр л склад болоод хувирчихсан. Баялаг бүтээдэг салбар, түүнд ажиллах боловсон хүчин ямар хэрэгцээтэйг одооноос илүү ойлгож, ярьж байна. Өмч хувьчлал үнэхээр зөв явагдсан бол бүх айл өрх бага ч гэсэн хувийн өмчтэй болох ёстой байлаа. Баян, хоосны ялгаанд ингэтлээ зөрүү гарахгүй байлаа. Лав л “Гутлын үйлдвэрүүдийг хувьчлаад устгачихлаа гэж халаглаад байдаг хүмүүст хэлэхэд хувиараа гутал хийж байгаа хүмүүс тэр орон зайг нөхсөн” гэж ардчиллын анхдагч эрхэм хээв нэг яриад сууж байхгүй л байсан байх.
Хэрэв тухайн үед хуваарилалт тэгш, шударга өрнөж чадсан бол хэрэгжүүлсэн хүмүүст нь гэрэлт хөшөө босгоход ч багадна. Та болохоор “Өмч хувьчлалын үр дүн муу гарсан гэж байгаа бол дараагийн дөрвөн жилд нь таг зогсоосон хүмүүсийн буруу” гэж мэлзжээ. Энэ чинь л өмч хувьчлал буруу явагдсаны нотолгоо юм биш үү? Тэгээд ч таг зогсоох гэж л хувьчилж авсан хүмүүсийн буруу болохоос дараа нь гарч ирсэн төр засгийн буруу гэж юу байхав дээ.
Д.Лхагвадорж
Эх сурвалж: sonin.mn
Сэтгэгдэл