Япон судлаач, орчуулагч, “Электорат” хөдөлгөөний гишүүн Д.Төмөрбаатартай ярилцлаа.
-УИХ-ын ээлжит сонгууль болж байгаатайгаар холбоотойгоор өнөөдрийн Монгол Улсын улс төрийн нөхцөл байдлын талаар таны байр суурийг сонсъё. Таны хувьд “Электорат”-ын гишүүдийн нэг. Хөдөлгөөний зүгээс энэ удаагийн сонгуульд ямар үүрэг, оролцоотой оролцож байна вэ?
-“Монголчууд туулах ёстой замаа л туулж байна” гэж зарим хүн ярьдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд болсон үйл явдлыг байх ёстой зүйл мэт үздэг хүмүүс байна. Нэгэн ард түмний амьдрал бүү хэл нэг хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг. Алдсан оносноосоо суралцсаар туршлагажиж, ажил амьдралаа сайжруулаад явдаг нь үнэн. Гэхдээ монголчууд бид мориндоо мордон ардчилсан хувьсгалыг амжилттай өрнүүлсэн хэрнээ мориноосоо буугаад амьдралаа төвхнүүлэхдээ маш их алдаа гаргалаа. Үүнийхээ төлөө өнөөдөр асар их үнийг төлж байна.Улс эх орныг буруу замаар явуулаад байна гээд л сонгуулиар өөр эрх баригчдыг сонгож гаргаж ирдэг. Харин сонгууль ч бас жирийн иргэдийн хүсэл зорилгоос үл хамаарсан үр дүнд хүрдэг болчихлоо. Хуулиараа бие даагчид сонгогдох боломжтой боловч улс төрийн намууд л парламентад суух хүмүүсийг дэвшүүлж гаргаж ирдэг, тэр хүмүүс нь сонгогчдын хүсэн хүлээсэн хүмүүс биш, бүр эсрэгээрээ, өнгөрсөн 30 жилийн алдаанд хамаатай хүмүүсийг дэвшүүлдэг болчихлоо.
Аливаа юманд хөгжил дэвшил байх ёстой. Харин манай сонгууль хэдхэн хувилбар дотор эргэлддэг, эрх барьж буй улстөрчид нийтийн эрх ашгийг дээдэлсэн сонгуулийн дэвшилттэй хувилбар санаачилж гаргаж ирэхгүй байна. Ийм учраас л “Электорат” хөдөлгөөн гарч ирсэн юм шүү дээ. Улс төрийн намуудаас ард түмэнд “тулгасан” хэдэн нөхдөөс л бид сонголт хийх болчихоод байна. Яах ч аргагүй учраас ядах нь ээ энэ хүмүүс дотроос нам харгалзахгүйгээр зөв хүнийг нь сонгоцгооё, гэсэн санаа бол “Электорат” хөдөлгөөний зорилго л доо.
-Зөв хүмүүсээ та бүхэн олж харж, гаргаж ирж чадсан уу. Танай хөдөлгөөн хэр амжилттай ажилласан гэж бодож байна вэ?
-Би дээр хэлсэн, сонгууль явуулж буй үйл явцад шинэлэг, дэвшилттэй юм байхгүй боллоо гэж. Нөгөө л хэдэн нам, нөгөө л хэдэн нөхдүүд. Гэхдээ энэ жил бие даагчид, зарим нэг намууд шинэ хүмүүсийг дэвшүүлсэн ололттой тал харагдлаа.
“Электорат” хөдөлгөөний хувьд “боловсрол мэдлэг, хөрөнгө мөнгө, цол хэргэм биш тухайн хүний мөн чанар, эх орон орон ард түмээ гэсэн сэтгэл чухал юм байна шүү” гэсэн санааг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, бүх талаараа “зөв хүн” байх ёстой юм байна гэдгийг онцолсон л доо. За тэгээд, бид зөв хүний эрэлд гарцгаалаа. Яг үнэнийг хэлэхэд, та бидний хүндэлж найдаж, хүлээж байдаг хүмүүс тэр бүр нэрээ дэвшүүлдэггүй юм байна, сонгуулиас зугтдаг юм байна. Манай хөдөлгөөнөөс “Зөв хүн Электорат” эвсэл гарч ирсэн. Мөн бид ярилцаж байгаад нам эвслүүдээс болон бие даан нэр дэвшсэн хүмүүсээс тодорхой хүмүүсийг дэмжихээр шийдсэн. Тодруулбал, сонгогчдод “шинэ хүн, зөв хүн”-ийг анзаарч хараарай гэсэн санааг л дэвшүүлж байна.“Зөв хүн Электорат” эвсэлд багтаж буй Хүн нам, Зүй ёс намын залуу дэвшигчдийн санал болгож буй “Монгол хүний хөгжил дэвшилд хөрөнгө оруулах”, “хүүхэд залуусын боловсрол, төлөвшил”-ийн талаарх хөтөлбөрийг дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Үнэндээ Монгол Улс хэдэн тэрбум ам.долларын өр зээл, хар саарал жагсаалт, ийм тийм мега төсөл, газрын баялгаа ухаж зөөх, амралтын өдрүүдээ нэмэх, ирээдүйд ийм болно, гэх мэт юм ярьсаар л, иргэд бухимдаад ирмэгц жаахан халамж цацчихаад л өдөр хоногийг өнгөрөөж байна шүү дээ. Монгол хүн өөрөө өөрчлөгдөх ёстой, боловсрол мэдлэг сэтгэлгээ хандлага, бүх зүйлээ өөрчлөх хэрэгтэй байна. Энэ бол маш чухал асуудал болоод байна.
Сонгууль дуусахаар “Электорат” хөдөлгөөн тарна, цаашдаа үйл ажиллагаагаа явуулахгүй. Бидний үйл ажиллагаа бол Монголын сонгуульд оруулж буй шинэ уур амьсгал гэж хэлэх үү дээ, энэ бол өөрөө амжилт.
-Дөрвөн жилийн дараа дахиад л сонгууль болно. Зорилгынхоо үр дүнг үзэж, улам чамбайруулахад анхаарахгүй гэж үү?
-Энэ жилийн хувьд ингээд тарна гэж хоорондоо тохирцгоосон. “Электорат” хөдөлгөөн бол дэвшүүлж дэмжсэн хүн нь гишүүн болохоор тэрэнтэйгээ зууралдаад л, “ашиг шимийг нь хүртэх” гээд л байдаг улс төрийн нам биш шүү дээ. Хэрвээ бидний дэмжсэн дэвшигчид гишүүн болвол цаашдаа бидэнд ердөө хамаагүй байх юм, улс төрийн замналаа өөрсдөө мэдээд явна.
Сонгуулийн үр дүн хүмүүст юм бодуулна биз. Ямар ч л байсан хуучнаараа байж болохгүй нь гэдгийг залуус ойлгоод эхэллээ. Улс төрийн нам бүхнийг шийдээд байдаггүй байж болох шинэ хэлбэр хэрэгтэй гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа байх.
-Манай сонгууль дэлхий дахинд коронавирусийн халдвар дэгдсэн хүндхэн үед болж байна.Япон улсын тухайд энэхүү цар тахлын дэгдэлттэй хэрхэн тэмцэж байгаа талаар сонирхуулаач.
-Цар тахал гэнэтийн зүйл байлаа. Дэлхий нийтээрээ бэлэн биш байсан. Япончууд газар хөдлөлт гэх мэт байгалийн гай гамшигт ямагт бэлэн байдаг. Хууль журам нь ч, хүмүүс өөрсдөө ч бэлэн байдаг. Япончууд дүрэм журмыг ягштал баримталдаг. Харин коронавирусийн тахал эхэлмэгц яахаа мэдэхгүй сандарсан, шинэ нөхцөлд баримтлах дүрэм журам нь байсангүй, эхний үед цаг алдсан. Хүн ам их, эдийн засаг бизнес нь дэлхийгээр сүлжилдэн тархсан улс орны хувьд манайх шиг бүх зүйлийг хааж хорих боломжгүй байдаг бололтой. Харин одоо ерөнхийдөө барьж тогтоосон, гэхдээ л байдал амаргүй байгаа. Нэг япон хүн халдвар тархах талаар “Арван мянган хүн дотор хоёр хэнэггүй хүн байхад л хангалттай аюултай юм байна” гэж хэлж байсан. Европоос ирсэн оюутнууд халдвартайгаа өөрсдөө мэдэхгүй караокегоор явж байгаад халдвар тараасан асуудал гарч байсан.
-Саяхан хөл хориогоо цуцалсан байсан. Эдийн засгаа унагахгүйн тулд ингэж шийдсэн байх тийм үү?
-Хөл хорио цуцалсан ч гэсэн хоёр дахь давлагаа ирэхэд бэлэн байна. Хөл хорио цуцалсан нөхцөлд баримтлах дүрэм журмын талаар Засгийн газар нь иргэддээ байнга сануулж байгаа. Улсынхаа эдийн засгийг, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж нөөцийн сангаасаа хөрөнгө гаргаж байна. Коронавирусийн дараах дэлхий, Япон ямар байх вэ, өмнөх шиг нөхцөл байдал эргэж ирэх үү, бид шинэ нөхцөлд яаж дасан зохицож амьдрах вэ, гээд л ярилцаад л бэлтгээд эхэллээ.
Гэхдээ л коронавирусийн тархалтын амаргүй үед иргэд нь Засгийн газраа маш муу ажиллаж байна гэж үзэж байгаа. Саяхны судалгаагаар Японы Засгийн газрын чансаа 27 хувь хүртэл унасан байна лээ.
-Гадныхан Монголыг коронавирусийн тархалтын үед маш сайн ажиллаж байна гэж дүгнэж байгаа гэх. Таныхаар коронавирусийн тархалтын нөхцөлд сайн ажиллаж чадсан уу?
-Өнөөдөр бид сайн ажиллаад, тэд тааруухан байна гэж хэлэх, харьцуулах боломж байхгүй. Бүх зүйл харьцангуй. Өнөөдрийн Монголын хувьд цар тахлыг даван туулах талаар Засгийн газраас явуулж буй бодлого, арга хэмжээ зөв байх. Иргэд ч ам сайтай байх шиг байна. Гэхдээ л “өнөөдрийн Монголын хувьд” шүү дээ. Олон монгол хүн надтай санал нийлэхгүй байж магадгүй, гэхдээ би зориглоод хэлье.Би Монгол орон, монголчууд өнөөдрийнх шигээ байгаасай гэж хүсэхгүй байна. Тэмцлээс зугтсан, халамж хүлээсэн, “бид чадахгүй” гэдэгтээ итгэчихсэн, эрүүл байвал яваандаа болно биз гэсэн идэвхгүй, санаачилгагүй, ирээдүйдээ санаа зовдоггүй Монгол байхыг хүсэхгүй байна.
Япончууд, европчууд, солонгосчууд яагаад яльгүй л халдвар багасмагц сургууль соёлоо нээх гээд л, бизнесээ хийх гээд л байна вэ. Тэд шинэ нөхцөлд дасан зохицож амьдрахыг хүсэж байна, тэд эдийн засаг бизнесээ зогсоохыг хүсэхгүй байна, тэд тэмцэж амьдарч байна. Дахин хэлэхэд, өнөөдөр бид дотооддоо халдваргүй, зөв яваад байгаа юм шиг боловч коронавирусийн дараах ертөнцөд яах вэ. Бас л бусдаас хоцорсон хэвээр, вакцин, эм гуйсан, тусламжаар эм олж ирсэн нэгнийгээ магтан дуулаад л, түүнд саналаа өгсөн хэвээр л байх уу.
Монголд өнөөдөр хүүхдүүд хамгийн их хохирч байна. Хүүхдийн боловсрох үйл явц, төлөвшил байнга, зогсолтгүй явж байх ёстой. Олон сар хичээлдээ яваагүй хүүхдийг “Ээж ээ, би багшийнхаа царайг санахгүй байна” гэж хэлэхэд нь бид инээлдэж байна. Энэ бол инээдэм биш. Өөрийнхөө насандаа үзэх ёстойгоо үзээгүй, мэдэх ёстойгоо мэдээгүй хүүхдийн төлөвшилд маш том ангал үүснэ. Энэ бол нүдэнд харагддаггүй хохирол. Япончууд вирусийн тархалтаас сэргийлэн, хүүхдүүдийг хооронд нь зайтай суулгахын тулд гадаа саад цэцэрлэгт суулгаж байгаад хичээл хийлгэж байна. Энэ бол боловсролын үйл явцыг таслахгүйн тулд янз бүрийн арга хайж байгаа хэлбэр. Тэгэхээр бидний явж буй зам хамгийн зөв зам мөн үү гэдэг талаар дор бүрнээ бодож үзээрэй.
-Халамжинд дассан монголчууд бид амьдралын төлөө тэмцэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Бидний ирээдүй болсон хүүхдүүддээ анхаарах нь ч юу юунаас илүү чухал. Тэгвэл энэ цаг үед бид хүүхдийнхээ төлөвшилд хэрхэн анхаарах вэ?
-Энэ аюулт өвчин алга болж, Монголд хүүхдийн хичээл есдүгээр сарын 1-нд эхлээсэй. Зун ч гэсэн аав ээжүүд хүүхдүүдээ ном уншуулж, хичээлийг нь хийлгэж байх хэрэгтэй. Уг нь боловсрох үйл явцыг үргэлжүүлэх янз бүрийн арга хэлбэр хайх хэрэгтэй л байсан юм. Өнөөдөр хүүхдийн сургалтын төвүүд ч хичээллэхгүй байгаа шүү дээ.
Манайхан хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Сүүлийн үед аав ээжүүд бага багаар ойлгож эхлээд л байгаа. Мэдлэг чухал, гэхдээ мэдлэгийг “чулуу болгох” чадвар, төлөвшил маш чухал болоод байна. Манайхан хүүхдүүдээ бараг л эрдэмтэн болгочих гээд л өндөр үнэтэй сургуульд сургаад л, сургуулийн аварга, тэргүүний хүүхэд болгох гээд л байдаг боллоо. Ийм хүсэлд нь тааруулаад зарим сургууль, сургалтын газрууд медаль цомоор бөмбөгддөг болжээ. Гэтэл хүүхэд насанд хүрч, том болохоороо бие дааж амьдарна. Сургуулиа төгсөөд “хаашаа явахаа” мэдэхээ байсан хүүхэд Монголоор дүүрэн байна. Хүүхдэд яаж амьдрахыг нь зааж өгч төлөвшүүлэх сургалт үгүйлэгдэж байна. “Хүүхэд бол мэдээллээр дүүргэх ёстой сав биш, бадраах ёстой бамбар” гэж сурган хүмүүжүүлэгчид ярьдаг. Хүүхдийг мэдлэг рүү тэмүүлдэг болгох ёстой л доо. Ийм тэмүүлэлтэй болсон хүүхэд аав ээж, багш нарынхаа шахалт шаардлагагүйгээр өөрөө эрдэм ном, шинжлэх ухаан, амьдралын учрыг олоод, хуучныг засаад шинийг санаачлаад явчихдаг.
Монголд өнөөдөр сургуульд өчнөөн төчнөөн төгрөгийн компьютер бэлэглэж нэр хүндээ өсгөж буй улстөрчид биш, хүүхдийн бодож мөрөөдөж буйг өөрийн биеэр мэдэрдэг, мөнгө эд баялгаас илүү боловсролыг шүтэгч эрх баригчид хэрэгтэй байна. Тийм учраас сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хөтөлбөрийг хараарай, хэний хөтөлбөрт хүүхдийг хүүхдээр нь байлгах, хүүхдийн төлөвшилд анхаарах талаар, хүүхэд амьдрах сурахад аюулгүй орчин бий болгох талаар шинэлэг санаа байгаа эсэхийг сайн ажаарай.
О.Ариунцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл