Торны цаанаас сонгуульд өрсөлдөгчид


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа зургаан нэр дэвшигч ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдлаа. Тодруулбал, нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт нарыг цагдан хориод байгаа бол өнөөдөр (2020.06.18) С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэр гаргалаа.

Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг сонгуулийн үнэмлэхээ авахаас өмнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг худал мэдүүлэг өгсөн, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглаж мөрдөн байцаалтад нөлөөлөх гэж оролдсон, Засгийн газрын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэх гэм буруугийн асуудлыг шалгаж байгаа билээ. Ингээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр мөрдөн байцаагчийг дарамталсан гэх үндэслэлээр шүүхийн тахимаас хорих ангид саатуулсан юм. Түүнийг цагдан хорихоос суллах эсэхийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр (2020.06.17) болсон ч хойшилсон билээ. 
Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Эргэн сануулбал, өмнөх шүүх хуралдаанаар буюу энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар түүнийг шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр гаргасан. Гэвч тэрбээр уг мөнгийг байршуулаагүй учир шүүх хурлаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түр саатуулах шийдвэрийг гаргасан юм.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн билээ. 

Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ. Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр (2020.06.17) болсон ч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа.  

Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 8-нд товлогдсон цагаас хойш гурван удаа хойшлоод өнөөдрийг хүргээд байна. Хамгийн сүүлд тавдугаар сарын 29-нд өдөр товлогдсон шүүх хуралдаанд Х.Бат-Ялалтын бие өвдсөн гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж байсан юм.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод буй.

Сэлэнгэ аймагт С.Баярцогт АН-аас нэр дэвшиж байгаа билээ. Түүнийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах шийдвэрийг шүүхээс гаргалаа. Түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Дархан хотод Б.Бямбасайхан АН-аас нэр дэвшиж байгаа. Түүнийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах шийдвэрийг гаргалаа. Түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Хөвсгөл аймагт Да.Ганболд АН-аас нэр дэвшиж байгаа билээ. Түүнийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах шийдвэрийг шүүхээс гаргалаа. Түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Энэ бүх баривчилгааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Шүүх, прокурорыг сонгуулийн үеэр ашиглаад эхэллээ. Шүүх энэ хэргүүдийг өмнө нь яагаад шийдээгүй юм. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр баривчилж болохгүй гээд биччихсэн байхад заавал нэр дэвшигч нарыг бөөнөөр нь баривчилж, шүүх хурлыг нь хийж байгаа нь ямар учиртай юм.  Хоёр баривчилгаа боллоо. Дахиад ч гарах юм шиг байна" гэж ярьжээ.  

Т.Давааням 

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.