УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт зургаан нам, дөрвөн эвслээс 23, бие даан долоон хүн нэр дэвшжээ. 178.9 мянган хүн амтай тус дүүргээс гурван хүн УИХ-д “сууна”. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Болд нар сонгогдож байв.
29 дүгээр тойрогт нэр дэвшигч найман эмэгтэйн нэг, МАН-аас “илгээсэн” хүн бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. Тэрбээр МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн захирал, ерөнхий редактораар ажилласан, ТВ 5 телевизийн захирал бөгөөд анх 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүний хамт МАН-аас Хас банк, Хөгжлийн банкны захирал асан, их зохиолч Б.Ринчен гуайн зээ хүү, бизнесмен Г.Амартүвшин нэр дэвшсэн бөгөөд Америк, Нидерландын иргэншилтэй гэх мэдээлэл тарсан юм. Гэхдээ Монгол Улсын иргэн болох, гадаад дахь консулын газраар тус улсынх биш гэдэг тодорхойлолтоо Г.Амартүвшин танилцуулав. МАН-аас нэр дэвшигч гурав дахь хүн нь Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан. Санхүүч мэргэжилтэй тэрбээр УИХ-ын Тамгын газар, Төсвийн байнгын хорооны зохион байгуулагч, Сангийн яаманд зөвлөх, “Орон сууцын санхүүжилтийн корпорац”, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
АН-аас хуульч Ч.Өнөрбаяр, эдийн засагч Т.Энхсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, бизнес эрхлэгч Б.Түвшин нарыг сойсон байна. Хууль зүйн доктор, дэд профессор Ч.Өнөрбаярыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байснаар нь мэдэх хүн олон. Тэрбээр Оксфордын их сургуулийн хуулийн факультетэд уригдан, зочин профессороор ажиллаад ирсэн гэнэ. Харин эдийн засагч Т.Энхсайхан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эсрэг нэлээд тэмцэлдсэн нэгэн. Түүний хувьд өмнөх сонгуулиар Төв аймгаас нэр дэвшсэн ч өвдөг шорооджээ. Санхүүч, эдийн засагч мэргэжлээр төгсөж, Зам, тээврийн хөгжлийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байсан аж. Харин Б.Түвшин нь Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, АПУ компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан, одоо Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч гэнэ. Түүний хувьд шинэ, залуу бизнес эрхлэгчдийг дэмжин, хамтран ажилладаг, олон компанид хувьцаа эзэмшдэг гэдгээр нь уг салбарынхан илүүтэй таньдаг. Харин Монголын ногоон нам (МНН)-аас М.Нямгэрэл, Д.Энхболд, Зон олны нам (ЗОН)-аас Ж.Оюунжаргал, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН)-аас С.Үүрцайх, Ард түмний олонхын засаглал нам (АТОЗН)-аас О.Лхагвадорж, А.Дугармаа, Н.Эрдэнэцэцэг нарыг сойжээ. Тэдний талаар мэдээлэл олдсонгүй. МНН-ын М.Нямгэрэл 10 саяар үнэлэгдэх газартай, Д.Энхболд нь жилд мөн тооны орлоготой юм байна. ЭЧХН-ын С.Үүрцайх 12 компанийн 60 хүртэлх хувийг эзэмшигч бол ЗОН-ын Ж.Оюунжаргал нь 215 саяар үнэлэгдэх орон сууцтай, 150 сая төгрөгийн өртэй хэмээн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурджээ.
“Та, бидний эвсэл”-ээс эдийн засагч Т.Баярхүү, МАХН-ын дэд дарга, хуульч Ц.Оюунбаатар, сэтгүүлч, зохиолч Б.Наминчимэд нарыг “уралдуулжээ”. Т.Баярхүүгийн хувьд өмнөх сонгуулиар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс одоогийн тойрогтоо нэр дэвшин, ялагдсан юм. Түүний хамт нэр дэвшигч Б.Наминчимэд өмнөх сонгуулиар Говь-Алтай аймгаас өрсөлдөж, өвдөг шороодсон удаатай. Тэрбээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн бөгөөд “Аугаа эрин” цуврал боть зэрэг олон ном, зохиол хэвлүүлсэн. Ц.Оюунбаатар нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооны ерөнхийлөгч бөгөөд нэг сая төгрөгийн орлоготой гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичжээ.
“Шинэ” эвслээс нэр дэвшиж буй хүмүүс бол УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Э.Түвшин, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн, эдийн засагч, Удирдлагын академийн багш Л.Ариунаа нар. Л.Болдын хувьд өнгөрсөн сонгуулиар АН-аас тус тойргоос нэр дэвшин УИХ-д сонгогдсон бөгөөд Ж.Батзандан гишүүний хамт намаасаа гарч, ШИНЭН-ыг байгуулсан. Тэрбээр 2008 оноос хойш УИХ-д “сууж” ирсэн, Батлан хамгаалахын сайдаар гурав, Гадаад харилцааны сайдаар хоёр жил ажиллажээ. Э.Түвшин нь өмнөх орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон аж. Л.Ариунаа цахилгааны инженер, эдийн засагч мэргэжилтэй юм байна.
“Зөв хүн электорат” эвслээс Т.Доржханд Г.Жавхлантөгс, Б.Мөнхцэлмэг нарыг тус тойрогт илгээжээ. Т.Доржхандын хувьд ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч бөгөөд Сангийн яаманд мэргэжилтэн, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд зохицуулагчаар ажиллажээ. Харин Б.Мөнхцэлмэг нь “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг санаачлагч. Тэдний хамт нэр дэвшигч Г.Жавхлантөгс нь АНУ-ын Режентийн их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирал аж. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс Б.Гэрэлтцолмон нэр дэвшиж буй бөгөөд мод, цаас хэмнэх үүднээс сурталчилгааны хуудас ихээр хэвлүүлэхгүй, голчлон цахимаар явуулна гэж мэдэгджээ.
Зургаан бие даагчаас хамгийн онцлох нэр дэвшигч нь Н.Номтойбаяр. Тэрбээр хорих ангид саатуулагдаад буй бөгөөд сурталчилгааг нь түүний аав Б.Нямтайшир төлөөлөн явуулж буй юм. МАК-ийн гэх тодотголтой тэрбээр өмнө нь Дорнод аймгаас сонгогдон, ХНХ-ын дэд болон сайдын алба хашиж байсан. Түүнээс гадна УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, хуульч Ж.Эрхэмбаатар, “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн, доктор Д.Басандорж, эрхзүйч Т.Бат-Оргил, эдийн засагч Г.Батжаргал, А.Галбадрах нар бие даан нэр дэвшиж байна. Тус тойрогт хуучин хүмүүсээс гадна эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй олон залуу нэр дэвшжээ.
Б.Уянга
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл