УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очир нар өөрийн "М-Си-Эс" компаний ажилчдыг олноор нь санал өгүүлэхийн тулд орон нутаг руу шилжилт хийлгэсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ. Үүнийг үгүйсгэсэн мэт тайлбарыг М Си Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр гэдэг хүн хийжээ. Харамсалтай нь Л.Гантөмөрийн тайлбар нь Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нарт тус биш ус болохоор агуулгатай байлаа. Л.Гантөмөр: "Компаниас шилжүүлэг хийсэн зүйл байхгүй. Энэ жилийн наадмын амралт олон хоног үргэлжлэх болсон, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, нутаг орноороо аялах сонирхол ихээхэн нэмэгдсэнтэй холбоотойгоор хувиараа орон нутагт шилжүүлэг хийлгэсэн ажиллагсад байхыг үгүйсгэхгүй. " гэжээ. Өөрөөр хэлбэл компаний удирдлага л уг асуудлыг биечлэн хийгээгүй болохоос ажилчдаа санал өгүүлэхээр шилжүүлээгүй гэж хэлж чадаагүй байна. Мөн 7 сарын 10-нд эхлэх наадмаар олон хоног амрах гэж буй "М-Си-Эс"-ын ажилтан залуус 6 сарын 29-нд болох сонгуультай холбоотой шилжүүлэг хийлгэж буйн шалтгаан юу юм бэ гэх асуултыг ч тавихад хүргэж буй юм. Юутай ч "М-Си-Эс"-ын гүйцэтгэх захирлын мэдэгдэл агуулгын маш ноцтой алдаатай байгааг хэн бүхэн анзаарч буй биз ээ.
Ч.Марал
Сэтгэгдэл