Цаашлаад дэвшигчид дунд нэр цэвэр хүн ховор. Тэгсэн атлаа нэг л их хийж гийгүүлсэн, хэлмэгдэж, ядарсан хүмүүс ихтэй. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд сонгогчид нь бүү хэл хэвлэлийнхэн ч танихгүй хүн олон байна. Намтар түүх нь ч тодорхойгүй тэдгээр хүмүүсийг сонгогчид хэдхэн хоногийн дотор таньж мэдээд УИХ-ын эрхэм сэнтийд залруулчих юм гэнэ.
Нөгөөтэйгүүр намтар түүх, гарал угсаа, ааш аягийг нь таньсан гэх улс төрчдөө дахин сонгохыг хүсэхгүй байгаа олон нийт ч цөөнгүй бий. Тэгэхээр энэ удаагийн сонгууль яахын аргагүй тааварлашгүй, сонирхол татахуйц болох магадлал өндөртэй.
Бид нэр дэвшигчдийн талаарх цуврал материалынхаа хүрээнд энэ удаад Дорнод аймагт нэр дэвших эрхмүүдээс нэрлэж байна.
Дорнод аймаг, 14-р тойрог: Х.Болорчулуун М.Зоригтыг амлан авч, Ж.Энхжаргал шавар хаана
Дорнод аймгийн 14-р тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дэвших бол АН-аас ЗТЯ-ны сайд М.Зоригт, харин МАХН-аас Ж.Энхжаргал нар өрсөлдөхөөр болсон.
УИХ-д бие даан сонгогдсон Х.Болорчулууны хувьд сонгуулийн өмнөхөн МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Өөрөөр хэлбэл, "... ... эргэж долоосон" гэсэн үг. Түүнийг намд элссэнд нь алга ташсан МАН-ын удирдлагууд ийн Дорнод аймагт тойрог өгсөн нь түүнд аз завшаантай хэрэг болсон гэхэд хэлсдэхгүй.
Х.Болорчулуун Дорнод аймагт нэр дэвших сургаар түүнтэй хамт өрсөлдөх гэж буй М.Зоригтын зүгээс "УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнодоос нэр дэвшинэ гэж сонслоо. Х.Болорчулуун өнгөрсөн дөрвөн жил юу хийж хэрэгжүүлсэн юм. Ирэх дөрвөн жилд тэгж Дорнод аймгаар тоглуулахгүй. Тиймээс би ирэх сонгуульд Дорнодоос нэр дэвшинэ" хэмээн мэдэгдэж байсан. Харин Х.Болорчулууны хувьд МАН-д элсэхээсээ өмнө "Энэ 76 гишүүн дотор хоёрхон нам бус хүн байгаа нь Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр. Өөрөөр хэлбэл, гэрлээгүй ганц бие залуус шиг. Тийм учраас манай гэрт ороод ирээч гэж гол намынхан сэтгэлийн үг захиа, мессеж ирүүлсэн" хэмээж байсан юм. Тэгэхээр түүнд МАН-ын зүгээс эл тойргийг амалсан бололтой.
Юутай ч Ц.Нямдорж гишүүний хэлснээр УИХ-ын гишүүн Х.Болорчулууны "кнопын наймаа" Монголросцветметийг дампууралд хөтөлсөн гэгддэг ч тэрбээр энэ удаад сонгогчид өөрт нь итгэл хүлээлгэнэ гэж найдаж буй бололтой.
Харин өрсөлдөгчөө 5:0-дох хүсэлтэйгээр М.Зоригтын тухайд ангийнхаа дүрсгүй хөвгүүдийн тоонд зүй ёсоор багтана. Түүний хувьд байсхийгээд л хачин жигтэй зураг хөрөг даруулж фэйсбүүк хуудастаа байршуулдаг нь зарим хүнд нүдний баясал авчирдаг байж болох ч ихэнх хүмүүсээс шүүмжлэл хүртдэг.
Улстөрч хүнд байж боломгүй авир гэж ахмадууд ярих нь ч энүүхэнд. Улстөрийн ажил гэхээсээ илүүтэй "Twitter" болон "Facebook" хуудсаа хором мөч алдалгүй хөтлөхийг эрмэлздэг М.Зоригт гишүүн садар самуун зураг, үг үйлдлээрээ олны дургүйцлийг хүртэж, "намжсан". Тэрбээр одоо төлөвшсөн хүний дүрээр өөрийгөө илэрхийлж буй.
Юутай ч 2004-2008 онд уг аймагт нэр дэвшиж байсан хашир туршлагатай мань хүн энэ удаад тойргийнхоо иргэдийн саналыг санаандаа хүрэхүйц авч чадах болов уу. Энэ бүхнийг харах л үлдлээ.
АН, МАН-ын нэр дэвшигчидтэй өрсөлдөхөөр гуравдахь улс төрийн хүчин болох МАХН-аас "Насны зам" компанийн захирал Ж.Энхжаргалыг сойжээ. Энхжаргал 2012 онд "Замтайгаа ирлээ" хэмээн Дорнод аймагт нэр дэвшсэн ч ялагдаад буцахдаа замаа "аваад" явчихсан нөхөр гэдгийг Дорнодын хэвлэлүүд онцолжээ. Дорнодод очих замыг замхруулсан гэж экс ерөнхий сайд Н.Алтанхуягаас томоохон зэмлэл сонсож явсан тэрбээр хэр өрсөлдөгч байж чадах юм бол доо. Ёстой л Дорнодчууд л үүнийг хэлж чадах биз ээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл