Та хүүхдээ ирээдүйд хэн болгон гэж бодож байна амьдралдаа аз жаргалтай , амжилттай , бусдын дунд өөрийгөө зөвөөр илэрхийлж ойлгуулж чаддаг , өөртөө итгэлтэй, бусдыг ойлгодог , ажил мэргэжилдээ карьертай хүн болгохыг хүсэж байна уу тэгвэл мэдээлэл технологийн хөгжлийн энэ зуунд EQ чадвар өндөртэй хүн энэ бүгдийг бий болгож чаддаг байна. Эцэг эх байх хариуцлагын нэгээхэн хэсэг нь та хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэхийг дэмжих юм. Мэдээжийн хэрэг академик боловсролыг хүүхэддээ чанартай олгохыг хүн бүр анхаардаг боловч тэдгээрээс гадна нэн чухал энэ төрлийг орхигдуулж болохгүй. Тэгвэл "10-13 насны хүүхдэд EQ чадвар хамгийн өндөр хөгжих магадлалтай” гэж үздэг байна.
Хүүхдийг хэрхэн сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй болгон өсгөх вэ?
Та гэртээ хүүхдэдээ хэрхэн EQ чадварт сургах вэ? дараах 5 зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй.
1. Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг танин мэдэх, мэдрэмжийн тухай ярилцах
Ямар төрлийн сэтгэл хөдлөл мэдэрч байгаагаа хүүхэд таньж мэдэх хэрэгтэй. Иймд, хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг тухай ярилцаж таниулах:
Таны хүүхэд ямар нэг тоглоом тоглоод хожигдсон, ууртай үед нь "Чи ууртай байх шиг байна, тийм үү?” Хэрэв гунигтай харагдвал "Өнөөдөр чи эмээ өвөө дээрээ очоогүйдээ гуниглаад байгаа юмуу даа…?” гэх мэтчилэн.
Сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үгнүүд болох "ууртай”, "гомдолтой”, "ичих”, "санаа зовох” нь мэдрэмжээ илэрхийлэх үгсийн санг баяжуулж байдаг. Мөн эерэг сэтгэл хөдлөлүүд болох "баяр хөөр”, "талархал”, "итгэл найдвар” гэх мэт үгнүүдийг зааж өгөхөө мартав аа.
2. Эмпати – бусдыг ойлгох
Таны хүүхэд ууртай, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг сөрөгөөр илэрхийлэх үед түүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэмжийг бууруулах тийм ч амаргүй. Гэхдээ хүлээн зөвшөөрсөн үгнүүд нь өөрийнхөө буруу үйлдлийг ойлгоход дөхөмтэй байдаг.
Хэдийгээр түүний уур бухимдлын учир шалтгааныг ойлгохгүй байсан ч гэсэн хэрэглэж болох үр дүнтэй хувилбар нь түүний мэдрэмжийг баталгаажуулан эмпати үзүүлэх юм. Хэрэв таны хүүхэд "гэрээ цэвэрлэхээс нааш гадаа тоглох боломжгүй” гэж хэлсний төлөө уйлж байвал, "Би ч гэсэн хүссэн зүйлээ хийж чадахгүй бол уур минь хүрдэг юм. Амармаар санагдсан ч ажиллах хэрэгтэй болвол надад бас хэцүү байдаг” гэж хэлэх жишээтэй.
Түүний дотор юу болж байгааг нь таныг ойлгож буйг мэдмэгцээ өөрийн үйл хөдлөлөөр мэдрэмжээ илэрхийлэх гэж хүчилхээ зогсоодог. Уйлж, орилж, чарлаж танд уурласанаа илэрхийлэхээс илүү, тэдний ууртай байгааг та хэдийн ойлгосон гэдгийг мэдрүүлбэл тэд амархан тайвширдаг.
3. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ гадагшлуулах аргуудыг үлгэрлэ.
Хүүхэд олон нийтийн дунд мэдрэмжээ хэрхэн илэхийлэхээ мэддэг байх хэрэгтэй. "Миний сэтгэл өвдөж байна” гэж үгээр илэрхийлэх, эсвэл гунигтай царай зурж үзүүлэх гэх мэтчилэн. Харин эсрэгээрээ хашгирах, юмсыг шидлэх зэрэг үйлдэл нь зохимжгүй.
Мэдрэмжээ илэрхийлэхийг хүүхэддээ заах хамгийн зөв арга нь өөрөө үлгэрлэх юм.
Мэдрэмжийг ялгах үгсийг өдөр тутмын харилцан яриандаа ашиглах, тайлбарлан ярилцаж давтах. Жишээ нь: "Гадаа тоглож байгаа хүүхдүүд сахилагагүй, буруу үйлдэл гаргавал миний уур хүрдэг” эсвэл "Манай гэрт найзууд маань зочлон ирэхэд би маш их баяртай байдаг”.
Судалгаануудаас харахад, сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй ээж аавуудын хүүхдүүд мөн адил өндөр үзүүлэлттэй байдаг. Тиймээс хүүхдүүддээ уг ур чадварыг суулгахын тулд өөрийн сэтгэл хөдлөлийн оюун ухааны чадвараа байнгын давтамжтайгаар дээшүүлэх зуршил бүтээх хэрэгтэй.
4. Харилцааны эерэг чадваруудыг суулгах
Хүүхдүүд нэгэнт мэдрэмжээ ойлгож эхэлмэгц, тухайн мэдрэмжийг хэрхэн эерэгээр даван туулахыг суралцах хэрэгтэй. Өөрийгөө хэрхэн тайвшруулах, өөрөө өөрийгөө баярлуулах гэх мэт.
Тодорхой ур чадваруудыг зааж өгөх. Жишээ нь: Ууртай үедээ хэд хэдэн удаа гүнзгий амьсгал авах нь хүний биеийг бүхэлд нь тайвшруулдаг. Хүүхдэд ойлгомжтой байдлаар хамраараа гүнзгий амьсгал аван амаараа удаанаар гаргах гэх мэт үр дүнтэй аргуудыг зааж өгөөрэй.
Мөн та хүүхэддээ мэдрэмжээ зохицуулах аргачлалуудыг бүтээж өгч болно. Үүнд: буддаг ном, өөрийн дуртай үнэртэй тос түрхэх, тайвшруулах дуу сонсох зэрэг эерэг мэдрэмжээ ашиглан сөрөг мэдрэмжийг дарангуйлах аргууд байж болно. Шаардлагатай зүйлсийг өөрийнх нь чимэглэж хийсэн хайрцагт байршуулан, сөрөг мэдрэмжээ гаргасан тохиолдолд тайвшруулдаг хайрцаг руугаа очихыг зөвлөх гэх мэт.
5. Асуудал шийдэх чадварыг нь хөгжүүлэх
Сэтгэл хөдлөлийн оюун ухааны нэг хэсэг нь асуудлаа хэрхэн шийдэхэд суралцах юм. Мэдрэмжээ тодорхойлж, зохих аргыг хэрэглэж сурсны дараа тухайн болж буй үйл явдал буюу асуудлыг хэрхэн шийдэхэд суралцана.
Магадгүй таны хүү видео тоглоомоор тоглож байхад нь охин дүү нь саад болоод байж болох юм. Уг асуудлыг шийдэж болохуйц 5 төрлийн арга олоход нь хүүдээ туслаарай. Аргууд нь заавал оновчтой байх шаардлагагүй. Эхний ээлжинд зөвхөн толгойгоо ажиллуулахад хангалттай.
Боломжит 5 хувилбарыг сонгомогц тэдгээрийн эерэг болон сөрөг үр дагаварыг ярилцаж болно. Ингэсний дараа хамгийн зөв болоод оновчтой аргыг өөрөөр нь сонголт хийлгээрэй.
Хэрэв таны хүүхэд алдаа гаргавал, тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд юу юуг өөрөөр хийж болох талаар ярилцах ба асуудлыг өмнөөс нь шийдэж өгөхийн оронд дасгалжуулагч маягаар чиглүүлж өгөх хэрэгтэй. Хэрэгтэй үед нь зааварчилгаа өгч болох боловч хүүхдэд өөрөө асуудлыг үр дүнтэйгээр шийдэх боломж байгааг нь харуулаарай.
Эх сурвалж:Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн
Сэтгэгдэл