Манай улс “Цөмийн зэвсэггүй бүс” боловч “Цөмийн эрчим хүчгүй бүс” биш


Ногоон эрчим хүчний чиг хандлага тэргүүлж байгаатай уялдан ураны үнэ өсөж, зах зээл нь бэхжих цаг ирж байгаа бололтой.

2011 онд болсон Фукушимагийн газар хөдлөлтийн ослын дараа цөмийн эрчим хүчний реактороос үүссэн цацрагийн эрсдэлээс эмээсэн болон ураны зах дээрх нийлүүлэлтийн илүүдэл нь өнөөг хүртэл ураны арилжааны үнэд дарамт учруулж байсан.

Гэхдээ саяхан найдварын туяа ураны салбарт эргэж ирлээ хэмээн салбарын судлаачид олзуурхжээ. Дэлхий дээрх ураны гол тоглогчид болох Казахстаны Казатомпром болон Канадын Cameco  зэрэг томоохон үйлдвэрлэгчид ураны нийлүүлэлтээ бууруулсан нь түүний үнийн өсөлтийг бий болгосноор зах зээлд өөдрөг төсөөлөл бий болгоод байна.

Казахстан Улс нь ураны зах зээл дээр 2009 оноос урт хугацааны туршид тэргүүлж байгаа бөгөөд бусад орнуудаас хоёр, гуравдугаар байрт Канад, Австрали удаалж байна.

Дэлхийн цөмийн нийгэмлэгийн ураны олборлолтын талаарх хамгийн сүүлийн тайлангаас  үзвэл, Казахстан Улс нь 2019 оны байдлаар нийт 22,808 тонн уран үйлдвэрлэж, дэлхийн ураны нийлүүлэлтийн 43 хувийг бүрдүүлжээ. Түүний дараах ураны том үйлдвэрлэгч орон нь Канад Улс бөгөөд 2019 оны байдлаар дэлхийн ураны нийлүүлэлтийн 13 хувийг бүрдүүлж, 6,938 тонн уран үйлдвэрлэжээ. Өмнөх жилтэй нь харьцуулбал 7,001 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

Манай улс “Цөмийн зэвсэггүй бүс” боловч “Цөмийн эрчим хүчгүй бүс” биш

COVID-19 ба уран

Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Цөмийн энергийн агентлаг (Nuclear Energy Agency)-аас COVID-19 цар тахлын дараах уур амьсгалын зорилтод эрчим хүчний үзүүлэх томоохон шилжилтүүдийг эдийн засгийг сэргээх талаас нь ашиглахыг уриалжээ. Тус уриалгад “улс орнууд өөрсдийн эдийн засгийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг бий болгох үнэ цэнэтэй ажлын байрыг хөгжүүлэх, орчин үеийн, уян хатан дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Мөн цөмийн эрчим хүч нь нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, цахилгаан, дулааныг хямд үнээр үйлдвэрлэх чадвартай, орон нутаг болон үндэсний эдийн засагт олон тооны өндөр цалинтай ажлын байрыг бий болгодог бөгөөд цөмийн эрчим хүчний төслүүд нь судалгаа шинжилгээ, инновацийг бэхжүүлэхэд үнэ цэнэтэй дэд бүтцийг бий болгодог уриалгад дурджээ.

Түүнчлэн COVID-19 цар тахлын энэ үед цөмийн эрчим хүч нь тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дэлхийн эрүүл мэндийн хямралыг даван туулах, нийгмийн тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлж байна. Цөмийн эрчим хүч нь, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нөхөж, ачаалал даах горимд ажилласнаар эрчим хүчний системийн уян хатан байдалд чухал нөлөө үзүүлж цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж байна. Цөмийн эрчим хүчний реакторын шинэ төслүүд болон одоо ажиллаж буй реакторуудын ашиглалтын хугацааг уртасгаснаар COVID-19-ийн дараа эдийн засгийн сэргэлтэд цөмийн эрчим хүч гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзээд улс орнуудын Засгийн газруудаас цөмийн эрчим хүчний төслүүдэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй хэмээн тус агентлагаас зөвлөжээ.

Тэгвэл, Канад Улсын Камеко компани Cigar Lake ураны уурхайн үйл ажиллагааг 9 дүгээр сарын эхээр, БНФУ-ын Орано группын хөрөнгө оруулалттай Орано Канада компаниас McClean Lake боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын дундаас эхлүүлэхээр тус тус мэдэгдээд байна. Cigar Lake ураны уурхай, McClean Lake боловсруулах үйлдвэр нь ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 03 дугаар сараас засвар, үйлчилгээ хийхээр сул зогсолт хийсэн юм.

Камеко компани уурхайн засвар үйлчилгээнд 27.5 сая ам.доллар зарцуулаад байгаа бөгөөд шар нунтгийн зах зээлийн үнэ өссөн байгаа өнөө үед нээлттэй зах зээл дээрээс бүтээгдэхүүн худалдан авах нь өөрсдийнх нь олборлож буй үнээс өндөр байгаа аж.

Cigar Lake уурхайн олборлолт эхлүүлэхэд 2 долоо хоног шаардагдах бөгөөд ажиллах хүч, тэдний аюулгүй ажиллагаа, тогтвортой байдлыг хангах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ковид-19 цар тахлын нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсээс хамаарна гэжээ.

Казахстан Улсын үндэсний атомын компани “Казатомпром”-оос энэ сарын сүүл гэхэд уурхай дээрх ажилчдын тоог хэвийн хэмжээнд хүргэнэ гэжээ. 2020 оны II улирлын байдлаар тус компани 5,213 тонн уран буюу өмнөх жилийн мөн үеэс 5%-иар, оны эхний хагас жилийн байдлаар 10,434 тонн уран олборлосон нь 3%-иар тус тус буурсан бөгөөд 2020 онд 19,250 тонн уран олборлох төлөвтэй байгаа нь өнгөрсөн онд олборлосон хэмжээнээс 16%-иар бага юм.

Манай улс “Цөмийн зэвсэггүй бүс”  боловч “Цөмийн эрчим хүчгүй бүс” биш

2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-оо УИХ баталсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу бол 2017 онд эрчим хүчний станцаа дэд бүтцийн хамт байгуулчихсан байхаар тооцоолсон байдаг. Гэвч манай улсад цөмийн эрчим хүч ашиглах, Атомын цахилгаан станц  байгуулах эсэх тухай асуудал одоо ч асуултын тэмдэгтэй хэвээр байна.  Энэ салбарт хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, боловсон хүчнийг бэлтгэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хяналтын тогтолцоог бий болгох гээд дутуу зүйл байсан хэдий ч цөмийн хаягдалтай холбоотой нийтлэл гарснаар болгоомжлол үүссэн түүх бий. Түүний дараа жил нь Фукушимагийн Атомын цахилгаан станцад осол гарч дэлхий нийтийг айдас, болгоомжлолд оруулсан.

2012 оны сонгуулийн дараа энэ чиглэлийн үйл ажиллагаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороогүй  төдийгүй 2014 онд Цөмийн энергийн газар болох тохируулагч агентлагийг татан буулгасан. Тухайн үеийн агентлагын дарга нь  Н.Тэгшбаяр: Намайг унагахын тулд энэ салбарыг оролдох хэрэггүй хэмээн ярилцлага өгч байсан удаатай. "Хан ресорс" компанитай холбоотой олон улсын арбитрын шүүх дээр Засгийн газар ялагдсан, ураны хайгуул хийж байсан аж ахуйн нэгжүүдэд лиценз олгохгүй болсон гээд олон хүчин зүйлийн давхцал дор салбарын үйл ажиллагаа хүлээлтэнд ороод байсан нь үнэн юм.

ОУАЭА-ийн НҮБ-ын Цөмийн зэвсгийн байцаагчаар олон жил ажиллаж байгаа Ч.Жаргал гуай “Цөмийн эрчим хүч ба монголчууд бид” гарчигтай нийтлэлдээ, “Нэлээн сайн бодож, хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Шинжлэх ухаан, технологийн талаасаа ч, улс төр, санхүүгийн талаасаа өргөн хүрээнд тооцож, ард иргэдээрээ хэлэлцэж ч болох талтай асуудал. Цөмийн эрчим хүчний бус технологийг улс бүр хэрэглэж, ач тусыг нь хүртэх ёстой болохоос цөмийн эрчим хүчийг улс бүр заавал хөгжүүлэх ёстой биш гэж үзсэн байсан.

“Мэдээж юуны өмнө эрчим хүчний болон эдийн засгийн тооцоогоо хийх ёстой. Тэгээд аюулгүй байдлын баталгаагаа хангах ёстой. Гуравдугаарт, манай онцлогоос хамаарсан нэг юм бий. Энэ бол улс төрийн туйлбартай бодлого. Ингээд үнэхээр ашигтай байвал энэ чиглэлийн ажлыг эхлүүлэх цаг болсон” гэдгийг ч бас Цөмийн энергийн комиссын дарга хэлжээ.

Эдийн засгийн тооцоог яагаад онцлоод байна гэхээр цөмийн станц бол  урт хугацаанд ашиг нь гардаг томоохон гэхэд ч багадмаар нүсэр хөрөнгө оруулалт. Тэгээд 100 хувийн аюулгүй байдлын баталгаа байдаггүй гэдгийг ч онцолжээ.  Манай улс “Цөмийн зэвсэггүй бүс”  боловч “Цөмийн эрчим хүчгүй бүс” биш юм.

Цөмийн реакторын дийлэнх нь  урд хөршид баригдаж байна

Ураныг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах дэлхийн улс орнууд жагсаалтад нэмэгдэж байгаа нь байгаль орчинд хортой хий ялгарлыг их хэмжээгээр гаргаж буй нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд болон чулуужсан түлшний үйлдвэрээс аажмаар холдох боломжийг бий болгоод байна. Цөмийн энергийн салбар тогтвортой хөгжиж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд угсралтын янз бүрийн үе шатанд 50 гаруй  цөмийн реактор баригдаж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 18 улсад 54 реактор баригдаж байгаа ба тэдгээрийн гуравны хоёр нь Ази тивд ногдох бөгөөд дийлэнх нь БНХАУ-д баригдаж байна.

Анх удаа цөмийн эрчим хүчний станц барьж буй улсаар Арабын Нэгдсэн Эмират, Беларусь улсууд нь цөмийн эрчим хүчний реакторын барилгын ажлыг эхлүүлээд байгаа бол дэд бүтцээ хөгжүүлсэн Литва, Турк улсууд цөмийн эрчим хүчний реактор барих албан ёсны гэрээг байгуулаад байна. 1954 онд анхны цөмийн эрчим хүчний станц ажиллуулж эхэлснээс хойш 66 жилийн хугацаа өнгөрч, одоогийн байдлаар дэлхийн 31 улсад 440 гаруй цөмийн эрчим хүчний реактор (нийт 390.5 ГВт суурилагдсан хүчин чадалтай) ажиллаж, дэлхийн цахилгаан эрчим хүчний 10.3 хувийг хангаж байна.

 ОУАЭА-ийн тайланд, цөмийн эрчим хүч 2040 он гэхэд 50 хувиар өсч ойролцоогоор 590 ГВт болно хэмээн тооцоолжээ. Мөн оны үед дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэх чадал 11,200 ГВт болох бөгөөд Ази тив тэр дундаа БНХАУ-ын хувьд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 33 хувиар нэмэгдэнэ гэж үзжээ. Харин цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүч нь 11 орчим хувийг эзэлсэн хэвээр байхаар тооцоолсон байна.

Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн тэргүүлэгч улс болох АНУ нь 1960-аад оноос хойш цөмийн эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгч улс байсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсын 98 цөмийн реактор нь 99.8 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтайгаар улсынхаа эрчим хүчний хэрэглээний 20 хувийг хангаж байгаа бол БНФУ-ын хувьд нийт эрчим хүчний 72 хувийг, Украин Улсын 55 хувийг ЦЭХС- аар тус тус хангаж байна.

Сүүлийн жилүүдэд ЦЭХС-ыг барих ажлыг эрчимтэй явуулж буй БНХАУ-д цөмийн эрчим хүчний 47 реактор ажиллан, 45.7 ГВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм. Энэ нь тус улсын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 4.2 хувьтай тэнцэнэ.

 2020 оны байдлаар шинээр 12 реакторыг барьж байна. Цаашдаа цөмийн эрчим хүчний чадлыг 4 дахин нэмэгдүүлж, 42 реакторыг барихаар төлөвлөн, нэмж 170 реактор барихаар зорьж, суурилагдсан хүчин чадлыг 2030 онд 200 ГВт, 2050 онд 400 ГВт болгохоор төлөвлөөд байна.

Манай улс “Цөмийн зэвсэггүй бүс” боловч “Цөмийн эрчим хүчгүй бүс” биш\

 

Эх сурвалж: С.СУВД, EAGLE.MN
http://eagle.mn/r/76188

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.