Бизнесмэн, Засаг дарга хоёрын аль нь УИХ-д хэрэгтэй вэ


Бизнесмэн, Засаг дарга хоёрын аль нь УИХ-д хэрэгтэй вэЭнэ удаагийн УИХ-ын сонгуулиас харахад ерөнхийдөө төрийн албан хаагчид бизнесийнхэнтэй "учраа” таарах нь олон байна. Ялангуяа АН, МАН-ынхан намын дунд шатны удирдлагуудаа нэр дэвшүүлэхдээ хэн нэгэн архаг бизнесмэний аманд өгөөд "Чаддаг юм бол ялаад гараад ир” гэдэг боломжийг олгожээ. Сонгуулийн санал хураалт эхлэхэд гуравхан хоног үлдлээ. Одоогоор нийслэлийн хувьд хамгийн "халуухан” бөгөөд эв найртай өрсөлдөж буй тойргуудын нэг нь УИХ-ын 68 дугаар тойрог сонирхол татаж байна. Баянгол дүүргийн таван хороог хамарсан энэ тойрогт АН-аас НИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн Засаг дарга Дэмбэрэлийн Оросоо, МАН-аас "Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Жамбалын Ганбаатар нар гол өрсөлдөгчид болж буй. 


Энд дээр дурьдсан төрийн албанд ажиллаж байгаад улс төрийн албан тушаалд ирсэн хүн хийгээд хувийн бизнес эрхэлж байгаад УИХ-д нэр дэвшигч хоёрын ялгаа тод харагддаг. Засаг дарга хийж байгаад УИХ-д сонгогдоно гэдэг тун зөв зам гэдгийг өнгөрсөн 20-иод жилийн туршлагаас харж болно. Аймгийн ч бай, дүүргийн ч бай Засаг дарга хүн хэдэн хүний төлөө ажиллаж байсан байх вэ. Тэр хугацаанд баяжиж хөлжих боломж, тийм сөгөө, ёс суртахуун талаасаа тийм сэтгэлгээ бий юу. Нөгөө талаас Худалдаа үйлчилгээний төв байгуулаад түүнийхээ салбарыг тэлэх, ашигтай ажиллах, татвараа саадгүй төлөөд явж байсан хүн бүр УИХ-ын чуулганд сууж байх шаардлага юусан билээ. Гэхдээ хэн хэнд нь УИХ-д нэр дэвшин өрсөлдөх эрх нь нээлттэй. Харин сонголтын хувьд сонгогчид энэ талаар багагүй хаширлаж сурчээ. Тиймээс ч "дотооддоо алдартай” нэр бүхий их дэлгүүрүүдийн дарга нар сонгуульд өрсөлдөөд ялагдаж байсан хөөрхөн түүх бий. Ж.Ганбаатар 2012 онд Баянгол дүүргээс НИТХ-д өрсөлдөөд өвдөг шороодож байв.

2016 оны сонгууль эхлэхээс бүр өмнө "Оргил” худалдааны төвийн захирал Ж.Ганбаатар нэр дэвших нь, хүүхэд баярлууллаа, хөгшдийн гарыг цайлгалаа гэсэн гэнэхэн мэдээллүүд урссаар байв. Одоо бол орой бүр телевизээр урт удаан цагаар үргэлжилж өнөөх мэдээлэл нь бүр цунами болох шахаж өөрийн байтугай өрөөлийн тойргийнхон ундууцаж эхэллээ. Тамирчдынхаар бол "Бэлтгэл цөмөрнө” гэдэг шиг улстөрчдийнхөөр "сурталчилгаанд пологтох” гэж айхавтар алдаа гардаг. Аль аль нь амжилтыг баллана. Цөмөрсөн бэлтгэл тамирчнаа сульдаадаг бол пологтсон сурталчилгааны дүнд сонгогчид нэр дэвшигчээ сонсох, харахаас залхдаг. 

Сонгогчид жил ирэх тусам сонголтоо хийж чаддаг, эргээд хариуцлага нэхэж сурч байгаа. Тэд нэр дэвшигчдийг харьцуулж чаддаг болсон. Хийж бүтээснээр нь дүгнэж, юу хийж чадах эсэхийг тодорхойлохдоо бараг алддаггүй болжээ. Энэ дүгнэлтийг пропорциональтай холилдсон өмнөх сонгуулийн дүнтэй харьцуулах хэрэггүй л дээ. 

Жишээ нь Баянгол дүүргийн хувьд энэ харьцуулалт тун сонирхолтой. Ж.Ганбаатар 1996-2015 он гээд бараг арваад жил "Оргил” худалдааны төвийн захирлаар ажиллажээ. Дээр үеийнхээр бол "тогтвор суурьшилтай” гэдэг тодорхойлолт яах аргагүй зохино. Гэвч хувийнх нь бизнес юм чинь яалтай билээ. Энэ хугацаанд найман жил Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөхөөр ажилласан гэнэ. Худалдааны төвийнх нь байршдаг дүүрэгт ийм суудалд хүрэх ч чухал шүү. Мөн 2008-2012 дөрвөн жил НИТХ-д төлөөлөгчөөр ажилласан байна. Ингээд л боллоо. Харин НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа түүний компани "Энканто таун”-ыг барьсан 2.8 га газрыг авсан нь сонирхол татдаг юм. Ж.Ганбаатарыг НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах үедээ Баянгол дүүрэгт юу хийж бүтээснийг хүмүүс санадаггүй. 

Сайнтай ч, муутай ч дөрвөн жил Баянгол дүүргийн Засаг даргаар ажилласан Д.Оросоогийн хувьд өнөөгийн энэ суудалд хүрэхээс өмнөх яг арван жилийн турш хуульчаараа ажилласан. Голдуу олон улсын төслүүд дээр ажилласнаас гадна энэ хугацаандаа Хууль зүйн үндэсний төвийн Төрийн байгуулалтын секторын эрдэм шинжилгээний ажилтан, "Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн эмхэтгэл” төслийн багийн ахлагч, Хүний эрхийн үндэсний комисст Үндэсний зөвлөх, "JCI Монгол” ТББ-ын "JCI Лидер” салбарын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж эдүгээ УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байна. Үүнээс харахад тэр өөрийн нөөц бололцоогоороо, шат шатаар өгсөж яваа идэр насны хүн аж. 

Үндсэн хуульд заасан бүрэн бүтэн тодорхойлолтоор нь мэдэхгүй ч гэлээ УИХ бол хууль баталдаг газар л гэж иргэн ойлгодог. Тэгэхээр дэлгүүрийн эзэн хэрэгтэй юу, туршлагатай хуульч хэрэгтэй юу. Тэр тусмаа дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа хүн УИХ-д сонгогдвол наанадаж Баянгол дүүргийнхэнд, цаашилбал нийслэлчүүдэд, улс оронд юу тулгамддаг, түүнийг хэрхэн шийдвэрлэх ёстойг мэддэг. Дорнодын Засаг даргаас УИХ-д сонгогдсон Д.Одбаяр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад Дорнодчууд баярлаж бахархсан уу гэхээс гомдож үлдээгүй. Баянгол дүүргийн Засаг дарга С.Эрдэнэ мөн л "Баянгол дүүргийг хувьчлаад авчихлаа” гэж хэлүүлсэн хэвээрээ УИХ-д сонгогдсон. Баянголчууд улам ихийг хожсон уу гэхээс алдаагүй. Тэр ч байтугай Хотын даргыг Ерөнхий сайд болгоход тун боломжийн, сурцтай байдгийг яана.

Тэгвэл Д.Оросоо, Ж.Ганбаатар хоёрыг хийсэн бүтээснээр нь харьцуулж үзье. Үүний тулд зарим нэг кэйсийг харвал бүр сонирхолтой. Д.Оросоог Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүрэгтээ 7 шинэ цэцэрлэг барьж, 4 цэцэрлэгийг өргөтгөж байхад Ж.Ганбаатар Баянзүрх дүүрэгт "Энканто 2” хотхоноо барьж байлаа. Баянгол дүүргийг түүхэндээ анх удаа "Эмүжин” хүүхдийн эмнэлэгтэй болгож, өдөрт 700 хүнд үйлчлэх Эрүүл мэндийн нэгдэл, 150 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж, Хүүхдийн 2-р эмнэлэг, Ахмад настны нөхөн сэргээх төвийн барилгыг барьж дуусч байхад нь Ж.Ганбаатар Сүхбаатар дүүрэгт Оргил худалдааны төвийнхөө салбарыг нээж байв. Цаашилбал, Ж.Ганбаатарыг "Энканто оранж” хотхоны барилгын ажлаа Хан-Уул дүүрэгт эхэлж байхад Д.Оросоо дарга дүүрэгтээ Хүүхэд хөгжлийн төв, Залуучуудын хөгжлийн төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв байгуулчихаад 4500 орчим хүүхэд хүлээн авах боломжтой Баянгол хүүхдийн зуслан барьж байв гэхчлэн харьцууулаад байвал барагдахгүй. Гэхдээ хүлээсэн үүргийн дагуу боловч баянголчуудад Баянголынх нь Засаг дарга л хэрэгтэй зүйлийг нь хийж өгч, харин бизнесмэн Ж.Ганбаатарын хувьд зарчмаа дагаад ашиг хаана байна, тэнд явж байв.

Товчхондоо эндээс сонгогчид сонголтоо хийж эхлээд байгаа нь тодорхой болоод ирсэн. Тэдэнд хэн юу хийв гэдэг хамгаас чухал. Мөн юу хийх нь бүр ч чухал. Хуультай "ноцолдож” сурсан хуульч олон түмэнтэйгээ харилцаж сурсан нь сурталчилгааны уулзалтуудаас нь тодорхой харагдаж байна. Харин Ж.Ганбаатарын уулзалтаас харахад бизнесийн хүний түрэмгий, дээрэнгүй чанар гарын хөдөлгөөн, үгийн хатуугаас нь андашгүй ялгарч байсан юм. 

Хийх ажлын хувьд тэдний тойргийнхны дийлэнх нь орон сууцны хороолол, тэр тусмаа хуучны барилгууд олонтой тул Д.Оросоогийн эхлүүлсэн "Дулаан байр” хөтөлбөрийг дуусгачихвал хэрэгтэй байна гэх сонгогч олон таарсан. Мөн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгасан Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний тоог 70 хувиар бууруулах зорилт нь монгол хүн бүрийн хувьд, азай буурлуудын хувьд хүлээлт үүсгэж, итгэл өвөрлүүлсэн заалт болоод байна. Энэ бүхнийг хийх хүн бол Баянгол дүүргийн Засаг дарга Дэмбэрэлийн Оросоо эргэлзээгүй мөн. Ямартай ч, бизнесийн салбарынхан үүнийг хийхгүй. Ер нь ч, улс төр бизнес хоёр ангид байх учиртай. Тэгж гэмээн төр цэвэрших юм. Энэ бүхнийг гэгээн мэлмийдээ тунгааж, сонгогчид сонголтоо хийж чаддаг болсон. Бидний төрөө цэвэрлэх, төлөөллөө нэрлэх өдөр зургадугаар сарын 29. 

У.Оргилмаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.