Зүрх мартахгүй…


Зүрх мартахгүй…

 

Намрын сэрүүхэн өглөө “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийг зүглэн алхав. Уулзах хүмүүсээ байгаа тасгийг сурагласаар эмнэлгийн хоёр давхарт гарахад “Мэс засал” хэмээн тод улаанаар бичсэн шилэн хаалга, тийш орсон нэгнээ чимээ чагнан хүлээж буй ар гэрийнхний дүр зураг угтав… Энэ үест шилэн хаалганы цаана бяцхан хүүхдийн уйлах чимээ цангинасаар удалгүй сураг чимээ алдрав. Хэдхэн хормын дараа 30 гаруй насны бүсгүй хос улаан домашки барьсаар гарч ирлээ. Гутланд уяатай хонх нь түүний алхаа бүрт хөлд орж буй хүүхдийн алхааг санагдуулан цангинавч бүсгүйн нүднээс нулимс мэлмэрэх аж.
Бүсгүй юуны учир ийн уйлж буйг уншигч та лав гадарласан биз ээ. Аминаас нь тасарч амь болон мэндэлсэн ангаахай үрээ мэс заслын ширээн дээр орхиод гарсан эхийн сэтгэлд юу эс өрнөх билээ? Нэг ой хүрээд хэдхэн хонож буй охиноо тарианы нөлөөгөөр унтах хүртэл хүлээж, хөхөөрөө хурайлчихаад эрчээрээ гарч ирсэн нь энэ аж.
Энэ бүхнийг харсны дараа сэтгүүлч миний бие эмчийн зөвшөөрлөөр мэс заслын өрөө рүү оров. Мэсийн ширээнээ дэндүү балчирдахуйц жаахан охин эмч, сувилагч нараар хүрээлүүлэн хэвтэж харагдана. Охины зүрх гурван төрлийн буюу Фаллотын гурвалсан гажигтай. Үүний улмаас уруул нь хөхөрч, гар нь байнга хөлөрч, хүйтэн байхын хажуугаар байсхийгээд л ханиад хүрдэг өвчлөлд өртөмтгийн дээр ханиад хүрсэн үедээ маш их амьсгааддаг ажээ. Төрсний дараах үзлэг, жирэмсний хяналтын явцад ямар нэгэн байдлаар илэрсэн өвчин байсангүй. Ингээд 8 сартайдаа туссан уушгины хатгалгаа өвчин нь ихэд хүндрэхэд охины эмээ байдал нэг л биш байгааг анзаарч, сумын эмнэлгийг зорьжээ. Охины цээж, зүрхийг эмч чагнаад тайван дөлгөөн зантай, тэр бүрийд уйлж ижий аавыгаа зовоогоод байдаггүй бяцхан охин нь зүрхний төрөлхийн гажигтай байж болзошгүй гэдэг зовлонт мэдээг дуулган, хот руу эмнэлэг бараадахыг зөвлөжээ.
Гэсэн ч олон хүчин зүйлээс шалтгаалан хотод шууд ирж чадсангүй, хоёр сарын дараа л улсын томоохон эмнэлгийг бараадсан аж. Энэ хооронд охины эрүүл мэнд хүндэрсээр байсан боловч тус эмнэлгийн эмч 6 сарын дараа дахин ир гэжээ. Улсын эмнэлгээс ийм хариу авсан тул “Зүрх мартахгүй” төслийг хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал, зүрхний мэс заслын хэмээн алдаршсан Б.Болдсайхан эмчийг зорьсон нь ёстой л тэнгэрийн умдаг атгасан мэт аз таарсан хэрэг болжээ. Учир нь охин яаралтай мэс засалд орох заалттай, эс бөгөөс нэгээс хоёр жилийн нас л түүнд үлдсэнийг 30 жилийн туршлагатай Б.Болдсайхан эмч нарын баг оношилж тогтоосон байна.
Монголчууд бид хүүхдийг нэг ой хүрэхэд хүн боллоо доо гэж билэгшээдэг бол зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүд энэ насандаа эсвэл 3-5 насандаа хорвоог орхих уйт хувь заяа тэднийг хүлээж байдаг. Тиймээс ч хагалгаа хийлгэх шаардлагатай 2500 хүүхдээс охиныг ийнхүү эхний ээлжинд хагалгаанд оруулжээ.
Зүрх бол цусыг бие эрхтэнд түгээн тарааж, буцаан хураах үүрэг гүйцэтгэдэг амин эрхтэн. Гэтэл охин зүрхний тосгуур хоорондоо 1.7 см буюу маш том хэмжээний цоорхойтойн улмаас цусны эргэлтэд өөрчлөлт орж, зүрхний хэмжээ томорсон байжээ. Энэ цоорхойг нөхчихвөл уушгины артерийн нарийсал, баруун ховдлын гарах хэсгийн томролт гэсэн охины төрөлхийн гажгууд цаашид засагдах сайн талтай аж.
Охины тосгуур хоорондын цоорхойг нөхөхийн тулд нээлттэй мэс засал хийж, зүрхийг хэсэг хугацаанд заавал зогсоох учиртай. Гэтэл хүний зүрх зогсоод таван хором өнгөрөх л юм бол цаашид амьдрах боломжгүй болно. Нээлттэй мэс засал хийхээр цээжний хөндийг нээх үед эсвэл нээж амжаагүй байхад ч төрөлхийн гажгийн улмаас арай ядан ажиллаж байсан бяцхан зүрх зогсож, амь нас нь эрсдэж болзошгүй. Тиймээс хүнд тархины үхэл үүсэхээс өмнө зүрх, уушги, бөөрний үйл ажиллагааг орлуулах Цусны зохиомол эргэлтийн аппаратыг ашигладаг. Энэ аппаратын тусламжтайгаар охины зүрхийг 20 минут зогсоож, тосгуурын цоорхойг нөхсөн юм. Цусны зохиомол эргэлтийн аппарат болон зүрхний нарийн мэргэжлийн мэс заслын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг суурилуулахад “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилд хийсэн байна.
Дэлхийн бусад оронд нярайн зүрхний төрөлхийн гажгийг засах мэс заслын дундаж зардал 50-170 сая төгрөг хүрдэг бол Монголд хамгийн бага буюу 15 сая төгрөг болдог. Хэдий дотоодод мэс засал хийлгэх зардал харьцангуй хямд ч гэлээ ихэнх гэр бүлд өнөөдөр энэ хэмжээний мөнгийг шууд гаргаад өгчих боломж байдаггүй аж.
 “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан:
Алслагдсан аймаг, сумдад сар бүр өөрийн биеэр очиж үзлэг хийж байна. Явах бүртээ 100-аад хүнд үзлэг хийхэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд илэрсээр л байна. Зарим хүүхдийн ээж, аав Улаанбаатар хот байтугай аймгийн төв ч орж үзээгүй байх нь бий. Эмнэлгийг хэзээ ч өөрөө зорьж ирэхгүй,  яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд байхад ч зарим хүн тоодоггүй. Энэ мэт олон шалтгаан бий тул 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байна.”
Дэлхий дахиныг хамарсан COVID-19 халдварын улмаас улс орнууд хилээ хааж,  гадны оронд мэс засал хийлгэх боломжгүй болсон. Олон улсын байгууллагаар дамжуулж хилийн чанадыг зорих гэж байсан олон хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн тэр үед үнэ төлбөргүй мэс засал эхлүүлж, бяцхан зүрхнүүдийг аварсан хүн нь Б.Болдсайхан эмч юм. Хэдий бяцхан зүрх бүрийг эрүүл цохилуулахыг хүсэвч нэг бүр нь 15 орчим сая төгрөгийн зардалтай,  15-20 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг оролцдог мэс засал хэдийг үнэгүй хийж дөнгөх билээ? Ийм л учраас “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг  хүүхдүүдийн зүрхний төрөлхийн гажгийг үнэ төлбөргүй эмчлэх санаачлага бүхий  “Зүрх мартахгүй” төслийг энэ оны 5 дугаар сард эхлүүлжээ.
Төслийг эхлүүлснээс хойш 7 сартайгаас 13 настай 40 гаруй хүүхдэд хагалгаа хийхэд нэр бүхий олон байгууллага, 700 гаруй хүн 5000 төгрөгөөс 30 сая төгрөг хүртэлх хандив өргөжээ. Тухайлбал, Голомт банк л гэхэд төслийг анх эхлэхэд Алтантүлхүүр хүүхдийн сангаараа дамжуулан гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхнүүд цоо эрүүл болсон бөгөөд төслийг үргэлжлүүлэн дэмжиж албан ёсны хамтрагч болж, санхүүжилт олгоод зогсохгүй амжилттай хэрэгжихэд шаардлагатай бүхий л үйл ажиллагаагаар дэмжин ажиллахаа илэрхийлээд буй.  Цоо эрүүл гэж онцолж буйн учир нь зүрхний төрөлхийн гажгийг засах мэс засал бүрэн амжилттай болдгийн дээр хүүхдүүд ирээдүйд спортоор хичээллэж, олон хүүхэд төрүүлж, өнөр өтгөн гэр бүл цогцлоох бүрэн боломжтой гэсэн сайхан ирээдүйг тэдэнд эмнэлгээс гарахад нь дуулгасаар иржээ. Голомт банкнаас гадна Петровис ХХК-ийн ажилтнууд хандив өргөсөн бол Анд Глобал, MLab компаниудын үүсгэн байгуулагч Ч.Анар, М-Си-Эс группийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин зэрэг олон хувь хүн болон байгууллага #ЗүрхМартахгүй челленжид нэгджээ.
Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд:
“Хүний амь, хүүхдийн амийг аврахаас илүү чухал зүйл гэж үгүй. Тиймээс олон жилийн турш харилцсаар ирсэн “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийг энэ төслийг анх хэрэгжүүлэхээр болсныг мэдээд дэмжиж ажиллахаар шийдсэн. Бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх гэгээн үйлсийг санхүүжүүлэхээр болсон нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хамгийн чухал ажил. Бидний хувьд дэмжлэгээ зөвхөн энэ жилээр зогсоохгүй, дараа дараагийн он жилүүдэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, илүү олон хүүхдэд амьдрал бэлэглэхэд туслах болно”
Голомт банк “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагч болох санамж бичиг байгуулах үеэр
2020 он дуустал хоёрхон сар үлджээ. Энэ хоёр сар, 60-хан хоногт зүрхний төрөлхийн гажигтай 70 хүүхэд мэс засалд орохоор хүлээж байна. Харин 2021 онд дахиад 100 хүүхдэд мэс засал хийхэд 800 сая төгрөг шаардлагатай.
Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд зүрхний төрөлхийн гажгийг засах мэс засал багтсан байдаг төдийгүй зардлын   75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өгч буй мэдээллээр, 2019 онд л гэхэд 29.4 мянган иргэнд 36.2 тэрбум төгрөг  зарцуулсан байна. Гэвч “Улаанбаатар Сонгдо” нь хувийн хэвшлийн эмнэлэг учир тэдэнд ногдсон санхүүжилт аль хэдийн дууссан байна. Учир нь улсын эмнэлэгтэй харьцуулахад хувийн хэвшлийн эмнэлэгт хэд дахин бага хэмжээний санхүүжилт олгох бодлого өнөөдөр манайд үйлчилж буй. Үүний үр дүнд тус эмнэлэгт зүрхний төрөлхийн гажгийн мэс засал хийлгэсэн хүүхдүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг ч төгрөг авч чадалгүй, нийгмийн халамж, хамгааллын бодлогын гадна үлдэж буй юм. Хэрэв цаашид Эрүүл мэндийн даатгалтай иргэн аль ч эмнэлэгт үйлчлүүлэхэд даатгалаа бүрэн ашиглаж чаддаг “нэг худалдан авагчийн тогтолцоо”-той болвол хүүхдүүд ЭМД-ын сангаар зардлаа даалгаж энэ асуудал шийдэгдэнэ гэж энэ салбарынхан үздэг.
Хэдийгээр мэс засалд орж байгаа хүүхдийн ар гэрийнхэн бүх зардлаа гаргаж дийлэхгүй ч гэлээ өөрсдийн хуримтлуулсан, бусдын хандивласан гэх зэргээр цугларсан мөнгөө “Зүрх мартахгүй” төслийг бүү зогсоосой хэмээн хандивладаг болохыг эмч нар хэлж байлаа. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн охины гэр бүл ч мөн цуглуулсан 2 сая төгрөгөө хүүхдүүдийг эрүүл болгох энхийн түүчээнд өргөсөн юм.
Төслийг амжилттай хэрэгжихэд хувь хүн, байгууллагууд сэтгэлийн хандиваа өргөсөөр байгаа боловч тусламж хэрэгтэй бяцхан зүрхний тоо түүнээс ч их байгаа нь харамсалтай. Тиймээс энэхүү нийтлэлийг уншиж буй иргэн таны, танай байгууллагын тус Бяцхан зүрхнүүдэд яг одоо хэрэгтэй байна. Та тэдэнд АЗ ЖАРГАЛЫН СОРВИ үлдээхэд туслах уу?
Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх “Зүрх мартахгүй” цахим хандивын аянд нэгдэх бол ЭНД дарна уу.
Хандивын данс:
Голомт банк
Хүлээн авагч: ЗҮРХ МАРТАХГҮЙ ТББ
Данс: 1415139507
Утга: Зүрх мартахгүй төсөл
Анхаарах зүйл: Нэрийг заавал бүтэн бичих

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.