Иргэд "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааныхаа 30 хувийг Улсдаа зарах боломж нээгдсэнээс хойш хоёр долоо өнгөрч байна. Энэ хугацаанд иргэд арилжааны банкуудад хандан, тусгай маягт бөглөх замаар хувьцаагаа зарах хүсэлтээ гаргаж, эхнээсээ хоёр дахь ээлжийн мөнгөө авчихаад буй. Засгийн газрын зүгээс дотооддоо бондын зээл гаргах хэлбэрээр 350-400 тэрбум төгрөг босгон, иргэдээс хувьцааг нь авч байгаа.
Ингэхдээ зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор хувьцааны мөнгийг гурав хуваан олгож буй. Эхний долоо хоногийн даваа, мягмар гаригуудад хүсэлт гаргасан иргэд энэ өдрүүдэд хоёр дахь ээлжийн мөнгөө авч байна. Үлдсэн мөнгө нь Улсын баяр наадмаас өмнө дансанд нь байршина. Хувьцаагаа зарах боломжтой 1.657.000 иргэн байгаагаас 1.3 сая орчим нь зарах хүсэлтээ албан ёсоор гаргасан. Зарах хүсэлтээ хараахан гаргаж амжаагүй иргэдийн хувьд хүсэлтээ хэзээд гаргасан ч эрх нь нээлттэй.
Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг. Ирээдүйд Тавантолгой төсөл хөдөлж, нэгж хувьцааны үр өгөөж нэмэгдэж ирэх цагт иргэд Улсдаа зарсан хувьцаагаа эргүүлэн худалдаж авах боломжтой. Ингэхдээ анхны нэрлэсэн үнээр нь авах зохицуулалт "Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөлд тусгагдсан. Монгол Улсын иргэдийн эзэмшдэг хувьцааны хэмжээ нь Тавантолгой төслийн нийт хувьцааны 10 хувьтай дүйцдэг. Уг 10 хувийн хувьцааг төр өөртөө татан төвлөрүүлэх замаар Тавантолгой төсөл дэх нөлөөллөө гүнзгийрүүлэх, цаашлаад гадныханд хувьцааг ихээр нь алдахгүй байх зорилго ч энд явж буйг онцлууштай.
Хувьцааг төр худалдан авах үйл явц эхэлснээс хойш сонгуулийн сурталчилгаа, бэлэн мөнгө тараах үзэгдэл мэтээр сөрөг пи ар ихээр явагдсан. Гэсэн хэдий ч эдийн засаг хүндэрч, иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний урсгал эрс буурсан энэ үед хувьцааны мөнгө дансанд байршсанаар худалдан авалт сэргэх хандлага ажиглагдаж буйг худалдаа эрхлэгчид онцолж байна. Олон нийтийн дунд сонгуулийн өмнө "100 мянган төгрөгийг нь өгөөд, зогсоочих юм байна. Сонгууль зориулсан шоу болох нь” гэх хардлага байсан ч мөнгөний олголт нь зогссонгүй. Тэгэхээр хувьцаагаа зарах хүсэлтээ гаргасан иргэд мөнгөө асуудалгүй авах нь тодорхой болж байна.
Энэ удаагийн хувьцаагаа худалдах эрхэд хүүхдүүд хамрагдахгүй байгаа. Захиран зарцуулах эрхтэй болсон үедээ өөрөө шийдвэрээ гаргах боломжийг нээлттэй орхисон хэлбэр юм. Өөөрөөр хэлбэл, хүүхдүүд иргэний үнэмлэх авсан хойноо хувьцаагаа улсдаа зарах уу, чөлөөт эргэлтэд оруулах уу гэдгээ өөрсдөө шийдэхээр зохицуулалт хийж өгсөн. Ийнхүү засгийн газраас сонгуулийн өмнөхөн хэрэгжүүлсэн уг арга хэмжээ "сонгуулийн шоу” нэр зүүсэн ч амжилттай хэрэгжиж, ямар нэгэн байдлаар санхүүжилт гацсангүй. Арилжааны банкууд зохион байгуулалт сайтай ажилласнаар сүйдтэй ачаалал ч үүссэнгүй. Иргэд харин хувьцааны мөнгөө хэрхэн зарцуулах, юунд үрж зарах нь хувь хүний эрхэд хамаарах асуудал билээ.
Г.ИТГЭЛ
Эх сурвалж: medee.mn
Сэтгэгдэл