Я.Содбаатарыг сольж, шинэ менежментээр ажиллая, Ерөнхий Сайдаа


Я.Содбаатарыг сольж, шинэ менежментээр ажиллая, Ерөнхий Сайдаа

 

Дэлхийд коронавирусын тохиолдол анх бүртгэгдсэнээс хойш 10 орчим сарын дараа Монгол улс цар тахлын халдварыг дотооддоо алдлаа. Халдвар алдсанаасаа эхлээд л Улсын Онцгой Комиссын үйл ажиллагааны хариуцлага яригдана. Учир нь "ЭнхСаран" сувилал муу ажилласан байж болох ч түүнд нь хяналт тавих үүрэг бүхэлдээ Улсын Онцгой Комисст хадгалагдаж байсан юм. Учир нь тусгаарлах байранд халдвар хамгааллын зэргийг дээд зэргээр ханган ажиллуулах, үүнд нь хяналт тавихыг Улсын Онцгой Комисс бүрэн хариуцах тогтоолтой. Улсын Онцгой Комиссын дарга нь Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар. Яаж ч бултаж, булзаж болохгүй үнэн бол энэ.
 
Уг нь коронавирусын халдвараас манай улс маш сайн сэргийлж чадаж байлаа. Цар тахлын халдварын оргил үе болох 2020 оны 1 сараас эхлээд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд байсан Ө.Энхтүвшин чухам л ийм үүргийг хүлээн, хариуцсан ажлаа ч нягт нямбай гүйцэтгэж байв. Тэр бүү хэл УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин тусгаарлах байрнуудын бэлэн байдалтай өөрийн биеэр танилцан, хяналт тавьдаг байжээ.
 
3 сарын 16-нд тэрээр Европын зарим улс орнуудаас захиалгат нислэгээр ирэх иргэдийг байршуулах тусгаарлах байрны бэлэн байдалтай танилцах үеэрээ : "Тусгаарлах байранд дээд зэргийн дэг журмыг сахих ёстой. Тусгаарлах байрны журмыг сахиж чадахгүй хүн тухайн улсдаа үлдсэн нь дээр. Өдрийн гурван хоолтой, 14 хоногийн хугацаанд өөр хоорондоо уулзахгүй, өрөөнөөсөө гарч орохгүй байх тийм л шаардлагыг хангах тусгаарлах байруудыг бэлтгэж байна" хэмээн өгүүлж байлаа.
Гэвч УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газарт Ө.Энхтүвшингийн оронд нь Я.Содбаатарыг Монгол Улсын Шадар сайдаар томилсон юм.
Я.Содбаатар Монгол Улсын Шадар сайд болсоноосоо хойш Улсын Онцгой Комиссын даргын хувиар : "Гадаадын дипломатуудыг хилээр нэвтрүүлэх талаар судлахыг үүрэг болгосон, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулах албан даалгавар гаргуулах, хилийн боомтуудын гарцыг нэмэгдүүлэх, гэрийн тусгаарлалтын 14 хоногийн хугацааг цуцлах, маскаа зүүе, гараа угаая аяны сурталчилгаа хийх, Цагаан нуур, Боршоо боомтыг нээх" шийдвэрийг тус тус гаргажээ.
Хэрэв Улсын Онцгой Комиссын Дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангахын тулд "Цар тахлыг дотооддоо алдсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн бараа түгээлтийг хэрхэн зохион байгуулах вэ? хүнсний хангамжийг хэрхэн хийх вэ? Цар тахлыг дотооддоо алдсан тохиолдолд иргэдийн хөл хөдөлгөөн, тээврийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ? Цар тахлыг дотооддоо алдсан тохиолдолд иргэд, ААН-үүдтэй холбоотой цахим бүртгэлийг хэрхэн хийх вэ? болон түүнтэй холбоотой төсөв, зохион байгуулалттай холбоотой асуудлыг судлах, төлөвлөх үүрэг өгч ажилласан бол Нийслэлчүүд бид нөөцийн мах авах, хотоос гаргах бүртгэл хийх зэрэгт олноороо шахалдан дугаарлаж, ажилдаа яаж явах вэ? гэдэг асуудлыг 10 хоног судлах, шийдэхгүй л байх байлаа.
 
Шуудхан хэлэхэд 7 сард ажлаа хүлээн авсан Я.Содбаатарт цар тахлыг дотооддоо алдвал яах вэ? гэдэг төлөвлөгөө тун тааруу байсан нь хэн бүхэнд ил болчихлоо.
 
Ийм эгзэгтэй, ээдрээтэй цаг үед Я.Содбаатарыг сольж, шинэ менежментээр ажиллах болсон юм биш үү? Ерөнхий Сайдаа.
Тэр бүү хэл Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хариуцлагатай, зоримог улс төрчийн хувьд, нөгөөтэйгүүр онцгой байдлын салбарыг хариуцаж байсны хувьд өөрөө Улсын Онцгой Комиссыг биечлэн удирдсан нь зөв гэсэн санал ч мэргэжлийн хүрээнд яригдаж буйг таньд дайх нь зөв болов уу?
 
Э.Мягмар
http://www.sonin.mn/news/politics-economy/116749

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.