“Алтай холдинг” группын үүсгэн байгуулагч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн нэр хүндэд халдсан, илтэд ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг албан бус хэн дуртай хувь хүн мэдээлэл оруулах боломжтой блогоос иш татан зарим хэвлэлээр түгээж буй бохир улс төрийн үйлдэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
Нэг. С.Батболдыг Ерөнхий сайдын алба хаших хугацаанд гадны хөрөнгө оруулалт үлэмж ихээр нэмэгдэн манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувь хүртэл нэмэгдэж түүхэн дээд амжилтад хүрч, бизнесийн салбар хурдацтай хөгжиж байсанд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон манай хамт олон бахархаж явдаг.
Хоёр. Алтай холдинг групп болон С.Батболдтой хамаарал бүхий аливаа хуулийн этгээд шударга өрсөлдөөний зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Төрийн худалдан авалтын тендер, концессын үйл ажиллагаанд оролцож байгаагүй, ер нь Төртэй бизнесийн харилцаанд орж байгаагүй болно. Улс төрийн шалтгаанаар хууль, хяналтын байгууллагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их хурлын гишүүн С.Батболдын хамаарал бүхий компаниудыг хэд хэдэн удаа шалгасан боловч тэдгээр компаниудын үйл ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл илрээгүй гэсэн дүгнэлтийг тухай бүр гаргаж байсан. Алтай холдинг групп нь өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтуудаа бусад энгийн бизнес эрхлэгчдийн адил банкны бизнесийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Гурав. Түүний хамаарал бүхий компаниудынх нь үйл ажиллагаанаас ямар нэг хууль бус үйлдэл илрэх боломжгүй болоод эхлэхээр нэр төрийг нь унагаах ганц боломж хэмээн үзэж хувийн хөлсний байгууллагад захиалга өгч 2008-2009 оны хооронд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа “Оюу толгойн гэрээ”-г байгуулах явцад хууль бус хөрөнгөжсөн гэх агуулгатай ор үндэслэлгүй мэдээлэл тараажээ.
Монгол Улсын Засгийн Газар Оюутолгойн гэрээг 2009 оны 10 дугаар сард байгуулсан. Гадаад хэргийн сайд хийж байсан С.Батболд нь Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох Төрийн болон Иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн турш хэлэлцсэн уг гэрээг батлах явцад нөлөөлөх боломжгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой, тодорхой зүйл юм. Энэ гэрээ хэлэлцээрт С.Батболд оролцоогүй. Үүнийг Монголын ард түмэн мэднэ. Харин тэрээр Ерөнхий сайд болсныхоо дараа буюу 2011 онд тус гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, Монголын талын эзэмшлийн хувь ямар ч тохиолдолд буурахгүй зэрэг Монгол Улсдаа болон ард түмэндээ ашигтай нэмэлт заалтуудыг оруулах ажлыг зохион байгуулсан байдаг. Мөн Голланд Улстай давхар татварын хэлэлцээрийг соёрхон баталсан хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, улмаар УИХ-д баталснаар Оюу толгойгоос Монгол Улсад суутган татах татварын хэмжээ нэмэгдсэн байдаг.
Дөрөв. 1990 онд манай улс чөлөөт эдийн засагт шилжсэнээс хойших хугацаанд манай улсад 100 гаруй орны арван мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдэж, монгол улсын хөгжил дэвшилд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан байдаг. Эдгээр компаниудад хамтран ажилласан хөрөнгө оруулагч бүрийн бие даан хийсэн бизнесийн болон хувийн худалдан авалтын үйл ажиллагааг Монгол дахь хэн нэгэн түнш, бизнесийн хамтрагчтай нь хамаатуулан тайлбарлаж, гүтгэх нь бодит байдалд нийцэмгүй үйлдэл юм.
Тав. С.Батболд болон Алтай холдинг группын нэр хүндэд халдах зорилго бүхий илтэд үнэнд нийцэхгүй гүтгэлгийг олон жилийн турш дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацаж, ашиг хонжоо хайж ирсэн боловч эдгээр гүжир гүтгэлэг нь хуулийн өмнө болон цаг хугацааны явцад үнэн зөвд ялагдаж ирсэн билээ.
Улсын Их Хурлын болон аливаа ээлжит сонгуулийн өмнө хэн нэгний нэр хүндийг унагаах зорилгоор захиалгат гүжирдлэгийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар тараах явдал сүүлийн хэдэн жил хэвшил болсон учир цаашид Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн С.Батболдын нэр хүндэд халдсан мэдээллийг зохион байгуулалттайгаар тараахаар бэлтгэж байгааг та бүхэндээ урьдчилан мэдэгдэх зорилоо.
Шинжлэх ухааны судлагдахуун болтлоо хөгжсөн “хар пиар” гэх зохион байгуулалттай гүжир гүтгэлгийн үйл ажиллагаа цаашид Монголын улс төрөөс устаж, үнэн зөв ялан дийлнэ гэдэгт итгэж байна.
АЛТАЙ ХОЛДИНГ ГРУПП
Сэтгэгдэл