Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Газар эзэмших эрх олгох тухай” А/542 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан "Тэвхэн” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын үйлдвэрийн зүүн талд 6.0 га газрыг сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгов.
Газар эзэмших эрхтэй болсон аж ахуйн нэгжтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгч, газрын эрхийн төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан тухай гэрээ байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл