
Юутай ч 2000 оноос хойш УИХ-д сонгогдсон 76 эрхэм нэг өдөр тангаргаа өргөсөн эхний түүх энэ болж буй юм. Учир нь 1-2 тойрогт маргаан гарч, УИХ жилийн дараа элэг бүтэн болж байсан түүх олон. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулганыг нээхдээ СЕХ сонгуулийг техник технологийн дэвшлийг ашиглан ил тод, сайн зохион байгуулсныг сайшаагаад, шинэ гишүүдэд захиасаа хэлэв.
Төрийн албаны болон Хариуцлагын тухай хуулийг хэлэлцэж батлахаас ажлаа эхлэхийг тэрбээр хүсэж буй аж. Мөн "Дийлэнх олонх болсон МАН-ынхан ард түмэнд өгсөн амлалтынхаа дагуу Засгийн газрыг мэргэжлийн, чадварлаг, ажил үүргийн давхардалгүй, хяналттай, хариуцлагатай байхаар зохион байгуулах ёстой. Төрийн албаны бүх шатанд албан хаагчдын мэргэшсэн, тогтвор суурьшилтай байдлыг хадгалж ажиллах зүй ёсны шаадлага гарч байна.
Өмнөх УИХ, Засгийн газар, орон нутгийн удирдлагын олон нийтэд хүрсэн, үр дүн, хэрэгжилт нь иргэдийн талархал хүлээж буй ажлуудыг үргэлжлүүлэх нь манай төрт ёсны уламжлалд нийцнэ. Монгол Улсын уламжлалт найрсаг, нээлттэй бодлогын залгамж чанар тууштай үргэлжлэх нь гарцаагүй. Үүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх энэ цаг мөчөөс хэлбэрэлтгүй нотолж ажиллахыг Та бүхнээс хүсье” гээд УИХ-ын гишүүн болно гэдэг нь маш их хариуцлага, нэр төр, нийтлэг эрх ашиг болохыг санууллаа. Дараа нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн явц, дүнг танилцуулав. Үүний дараа түүнд асуулт тавихаар хэд хэдэн гишүүн нэрээ өгсөн.
УИХ-д 65 суудалтай болсон МАН-ын гишүүд СЕХ-ны дарга, түүний багийнханд талархлаа илэрхийлж байлаа. Харин АН-ынхан "Автомат төхөөрөмжийг шүүмжлээд, шатаагаад байсан эрхмүүд түүнийхээ хүчээр олонх болсныхоо дараа юу ч ярихгүй байна. Одоо "ид шид”-ийг нь хүлээн зөвшөөрнө биз дээ” хэмээн ам асуув. Мөн сонгуулийн үеэр "царцаа” нүүлгэж, саналын дүнд нөлөөлсөн тухай гомдол мэдүүлсэн. МАН-ын зарим гишүүн ч энэ мэт асуудал байгаа бол шалгаж, хуулийн дагуу цэгцлэхийг дэмжив.
О.Баасанхүү:
- Сонгуулийн хуульд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд танхимаа үнэгүй ашиглуулахаар заасан. Гэтэл "Эрдэнэт” үйлдвэр гаднаа буутай цагдаа зогсоогоод оруулаагүй. Зарим байгууллагад мөнгө төлж, танхимыг нь ашигласан. Мөн АН-ын дарга зарим ноцтой баримт дэлгэлээ. Гарын үсэг зурж авсан саналын хуудас хайрцгаас гарахдаа 300 гаруйгаар зөрсөн гэв. Мөн сонгуулийн үеэр хоёр ч ноцтой зөрчил гарсныг та хэлж байсан. Энэ бүхнийг шалгасан уу?
Ч.Содномцэрэн (СЕХ-ны дарга):
-АН-ын мэдээллийн дагуу УБСГ-аас тодруулга авсан. Саналын хуудасны тоо зөрсөн зүйл байгаагүй. 55 дугаар хэсгийн хороонд хоёр автомат төхөөрөмж ажиллуулсан. Эхний машинд 623, нөгөөд нь саналын 700 хуудас уншуулсан байна. Энэ хоёр төхөөрөмжийн хуудсыг хольж ярьсан байна лээ. Эдгээр машины саналын хуудсыг тус бүрт нь тоолсон. СЕХ-ны төв серверт 1343 сонгогч бүртгэгдсэн, УБСГ-аас ч ийм тоо гарсан. Тиймээс саналын хуудасны тоо зөрөөгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Сонгуулийн үеэр хоёр газар автомат төхөөрөмжийн лацыг хуулж, саналын хуудсаа уншуулалгүйгээр хийсэн зөрчил гарсныг тэр дор нь тагнуулын байгууллагынхан шалгаж, хайрцаг дахь хуудсыг дахин тоолсон.
Л.Болд:
-Сонгуулийн автомат төхөөрөмжийн тухай хуулийг санаачилсан гишүүдийн нэг нь би. Уг хуулийг УИХ баталсан. Гэвч хардлага, улс төр гаарсан. Энд сууж буй МАН-ын гишүүд уг машиныг маш их эсэргүүцсэн, бүр шатаасан. Одоо ялчихаад юу ч хэлэхгүй байна. Бид автомат төхөөрөмжид одоо итгэж болох уу. Намайг саналаа өгөхөд машин гацаж байна лээ, программ нь хуучирсан гэх мэт асуудал бий юү. "Царцаа” нүүлгэх асуудал 2004 онд маш их гарсан учир хуулиар аль болох хаасан, гэвч давтагдлаа. Дархан-Уулд нэг хүн хоёр удаа санал өгсөн хэрэг гарлаа.
Ч.Содномцэрэн:
-Хууль байгаа учраас уг төхөөрөмжийг СЕХ сайн, муу гэх нь зохимжгүй. Сонгуульд автомат төхөөрөмж хэрэглэх, үгүйг УИХ тухай бүрт шийдэхээр тусгасны дагуу тогтоол гаргасан. Бид хэрэгжүүлсэн. Машин найдвартай үгүйг та бид сая харлаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш манай инженерүүд программаа бичдэг болсон. СЕХ-ны төв серверт ирүүлж буй дүнг шууд танилцуулсан. Хурууны хээ давтагдашгүй гэж ойлгодог, үүнийг СЕХ биш, Тагнуулын ерөнхий газар хариуцдаг. "Царцаа” сонгуулийн жижиг тойрогт их гардаг. Гэвч сонгогч шилжихийг хуулиараа зөвшөөрчихсөн, санал авахаас 14 хоногийн өмнө шилжиж болохоор зохицуулсан. 18 мянган сонгогч шилжсэн.
С.Бямбацогт:
-Асуудал байвал хуулийн байгууллага шалгах ёстой. Монгол төрийн бодлого залгамжлагдах учиртай. "Хар машин”-ы тухайд ард түмэн эргэлзэж байсан юм. Тэдний бодлыг бид чуулган дээр дамжуулдаг байсан. Хяналтын тооллого хийлгэхээр тэмцэж, бүр үүнийг шатааж ч үзлээ. Энэ бүхний үр дүн одоо гарч байна.
Ж.Мөнхбат "хар машин” шатаасан "гэмтэн” гэдгээ хүлээн зөвшөөрөөд "Харин ч бид тэмцсэний хүчинд өнөөдөр сонгууль цэгцтэй, маргаан бага боллоо” гэсэн юм. 1998 санал авах байрны 42 хувьд нь хяналтын тооллого хийсэн. 2012, 2013 онд ч ийм тооллого явуулсан. Гурван удаа хянаж тоолоход нэг ч зөрүү гараагүй учраас одоо автомат төхөөрөмжид эргэлзэх хэрэггүй гэдгийг СЕХ-ны дарга онцолсон. Ц.Нямдорж гишүүн "Ард түмэн нэг талдаа гарч, хаан шийдвэрээ гаргалаа.
Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ бүү март, дураар битгий авирла, хууль бүү зөрч. Энэ бол монгол төр оршин тогтнохын үндэс шүү” хэмээн намынхаа гишүүдэд сануулсан. Харин АН-ынхан алдааг нь давтахгүй, оноог нь үргэлжлүүлж, сөрөг хүчнээ сонсож ажиллахыг захиж байлаа.
С.Эрдэнэ гишүүн "Хэт олондоо эрдэж төр, төрийн албыг бужигнуулахгүй гэж найдаж байна. Сонгуулийн өмнө цацагдсан бичлэг дээр ярьсан шиг төрийн албыг бүү наймаалцаарай” гээд "СЕХ-ны дарга асуудалд хэтэрхий яарч, "Хурдхан энэ ажлаас салах минь” гэсэн хандлага гаргаж байна” хэмээн шүүмжлэв. Бас "Гомдол, саналуудыг шалгахгүй” нь гэсэн юм. Ч.Содномцэрэн дарга хуулиар сонгуулийн гомдол, саналыг цагдаагийн байгууллага шалгаж, шүүгч шийдвэрлэхээр заасныг хэллээ.
Энэ парламентын хамгийн ахмад нь болох Ч.Улаан УИХ-ын гишүүний тангаргийг уншиж, бусад нь даган хэлэв. Ингээд Төрийн тэргүүн УИХ-д сонгогдсон эрхмүүдийн нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар дуудаж, тэд төрийн сүлдэндээ өвдөг сөгдөн адис авч, тангаргийн бичигт гарын үсгээ зурсан. Мөн тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай тогтоол баталлаа. Үүний дараа Төрийн дуулал эгшиглэв.
Ингээд үргэлжлүүлээд хамгийн ахмад гишүүн чуулганыг удирдаж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг шийдлээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс намын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболдыг уг албан тушаалд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Өмнөх жишгийг эвдсэн санал байлаа. Уг нь ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишиг бий, уг намын дүрэмд ч ингэж заасан.
Үүнийг Ө.Энхтүвшин гишүүн сануулж, "Уг нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гол ачааллыг Засгийн газар үүрнэ. Намын дарга Засгийн газраа тэргүүлэх учиртай. УИХ-ын дарга бол зөвхөн хурал л удирддаг. Гэвч намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэнэ. Бид нэг нүүртэй, нэг үгтэй ажиллах ёстой шүү. Хэрэв үүнээс гажсан алхам хийвэл би тэмцэнэ” гэлээ. М.Энхболд өмнө нь Ерөнхий сайд байсан, ялсан, бас ялагдсан намыг тэргүүлж үзсэн манай туршлагатай түшээдийн нэг.
Түүний хувийн, сонгуульт ажлын, намтайгаа холбогдсон гэх мэт намтрыг С.Бямбацогт гишүүн уншиж танилцуулав. О.Баасанхүү "Өмнөх спикер өөрт нь таалагдаагүй үг хэлбэл микрофон хааж, өргөн барьсан төслийг хэрэгтэй, хэрэггүй гэж ангилдаг байсан.
Энэ муу жишгийг бүү давтаарай” хэмээн захисан бол гишүүн Я.Санжмятав "АН-д нийт сонгогчийн 47 хувь нь саналаа өгсөн гэдгийг санаарай. Зөвхөн есөн гишүүнээр төсөөлөх хэрэггүй. Та бүхэн сөрөг хүчин байхдаа их шүүмжилсэн. Эрх баригч болоод ажил хийх амаргүй шүү” гэлээ. Санал хураахад 76 гишүүний 66 нь буюу 86.8 хувийн саналаар М.Энхболдыг шинэ парламентын даргаар сонгосноор энэ парламент бүрдэж байна.
БАЙР СУУРЬ
Шинэ парламент бүрдлээЛ.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргад МАН-ын даргыг нэр дэвшүүлсэн нь буруу
-Монгол Улсын өр 22.6 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 200 орчим хувьтай тэнцэж байхад төр, засгийг хүлээн авлаа. Хөрөнгө оруулалт яаралтай татаж, эдийн засгийг сэргээх хэрэгтэй. МАН ард түмэнд амласнаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Ялсан намын дарга дэлхийн нийтлэг жишгээр ачааны хүндийг үүрч, Засгийн газрын тэргүүнээр ажилладаг.
Өнгөрсөн хугацаанд АН-ынхны гаргасан алдаа хэтэрхий эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийн зарчим алдагдсан. Энэ нь алдаа байсныг амьдрал дээр нотолж, Монголын ард түмэн дүгнэлт хийчихсэн зүйлийг давтаж УИХ-ын даргад МАН-ын даргыг нэр дэвшүүлсэн нь буруу. Тиймээс ч би эсрэг санал өгсөн. Бид мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллах ёстой.
Шинэ парламент бүрдлээН.Оюундарь: МАН-ын мөрийн хөтөлбөрийн төвд хүн бий
-МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн төвд хүн бий. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай л ярьсан. Удирдах зөвлөлийн шийдвэр хамтынх байсан. Удахгүй Ерөнхий сайдад хэнийг томилох талаар Удирдах зөвлөлөөр ярилцан, УИХ-д оруулж ирнэ. Энэ парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Нийгэм рүү хандсан олон арга хэмжээ хийх боломж бүрдэж байна. Ээж, эгч хүний хувьд эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд онцгой анхаардаг.
Шинэ парламент бүрдлээС.Жавхлан: Монголын төлөө хэнтэй ч хамтрахад бэлэн
-Төрийн маань ажил хуртай сайхан эхэлж байна. Төрт ёсоо хүндэтгэн, 99 хүлэг морьтой ирж, тангаргаа өргөлөө. Монголоос маань муу муухай бүхэн зайлах болтугай. Монголын төлөө бол хэнтэй ч хамтрахад бэлэн байна. Талцаж хэрэлдэх бус, нэгдэн, цул болж ажиллах ёстой.
С.Туул
Сэтгэгдэл