Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт хуралдаж, намын жагсаалт Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлтийг гаргасан. Харин гишүүд ҮХЦ-ийг нэг асуудал дээр хоёр өөр шийдвэр гаргасан гэж үзэж байгаа билээ.
2012 оны сонгуулийн тогтолцоо нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэдгийг Цэц хүлээн зөвшөөрснөөр ийнхүү Сонгуулийн хуулиа өөрчлөхөөс аргагүй байдалд ороод буй. Гэтэл үүний улмаас сонуулийн хуулинд өөрчлөлт оруулвал басхүү Хүний эрх хангах үндэсний хөтөлбөрийн заалтыг зөрчих болчихов. Учир нь өмнөх сонгуулийн хуулинд 6 сарын өмнө хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байсан. Гэвч шинэ хуулинд ийм заалт орж ирээгүй юм. Ингэхээр 2003 онд батлагдсан Хүний эрх хангах үндэсний хөтөлбөрийн 2.2-ын 1.2-т "Ээлжит сонгууль болохоос 6 сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тусгасан байгаа юм.
Тэгвэл жагсаалтын 28-ыг жижиг 76 тойрогт хуваарилах бөгөөд ингэхдээ нийслэл болон орон нутагт адил тэнцүү 14, 14-өөр хуваах хувилбартай болсон. Ийнхүү сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв, буруу хэмээн гишүүд хоёр хуваагдаад буй. Энэ талаар намын бүлгүүдийн ихэнхи нь хуралдсан. Ганцхан Шударга ёс эвсэлийн бүлэг хуралдаж чадаагүй хэмээн өчигдөр чуулганаас завсарлага авсан юм. УИХ-ын дарга З.Энхболд "завсарлага өгсөн. Гэхдээ тав хоногийн завсарлага биш хурдан бүлгээ хуралдуулж, асуудлаа шийдэхийг үүрэгдэв.
Ингээд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцоогоо өөрчлөх асуудлын талаарх гишүүдийн үзэл бодлыг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Оюун: Ямар заалтаас үл хамааран сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт өмнөх хуулиудад байсан. Харин сүүлд батлагдсан Сонгуулийн хуульд энэ заалт ороогүй байна лээ. Үүнийг би алдаа гэж харж байна. Цаашид дээрх заалтыг буцааж оруулах ёстой. Ер нь сонгууль ойртсон үед Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь маш буруу зүйл. Яагаад гэвэл УИХ-д байгаа гишүүд, улс төрийн хүчнүүд өөрсдөдөө ашигтайгаар Сонгуулийн хуулийг өөрчлөх аюултай. Энэ нь шударга өрсөлдөөнийг байхгүй болгодог. Зөвхөн сонгууль ойртоход бус ер нь бүрэн эрхийн хугацаа болгонд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд байгаа нь буруу юм. Сонгуулийн хуулиа өөрчлөхгүйгээр ядаж 3-4 парламентын нүүр үзэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 30-наас өмнө намууд мөрийн хөтөлбөрөө батлуулна. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Ийм богино хугацаанд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцоогоо өөрчилнө гэдэг бол байж болохгүй асуудал.
Д.Лүндээжанцан: Би бүхнийг мэдэгч биш. 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд Цэцийн их суудлын хуралдаан болсон. Харин одоо бол Сонгуулийн шинэ хууль батлагдсан. 2012 оны шийдвэр шинэ хуульд үйлчлэхгүй гэх тайлбарыг Цэцээс өгсөн. Хүнээр дамжуулахгүйгээр шууд саналаа өгөөд үр дүн нь гарч байдаг тогтолцоо. Шинжлэх ухааны болон сонгуулийн эрх зүйн тухай ойлголт.
З.Баянсэлэнгэ: Цэц улс төрийн захиалгаар шийдвэр гаргалаа. Өмнө гаргасан эцсийн шийдвэрээ үгүйсгэсэн шийдвэр гаргасан. УИХ-ыг алинаар нь яв гэж ийм хэрүүл тарьж байгаа юм бэ. Сонгууль болох гээд байдаг. Мажоритар 76 гишүүн сонгохоор төлөөллийн хүнээ шууд сонгодог гэсэн зарчим хаана байна. Тойрогт мөнгөтэй нь гарч ирдэг. Ийм тойрогт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөх боломжгүй. 2016 оны УИХ-ын сонгууль шударга явж чадахгүй. Дахиад МАНАН гарч ирнэ. Том намууд нь луйвардаж гарч ирнэ.
Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр "Ардчилсан нийгмийн суурь зарчим бол нэг ч гэсэн иргэний санал гээгдэх ёсгүй. Олонхи нь цөөнхөө ямар ч эрх мэдэлгүй, хэн ч хэрэггүй болгодог тогтолцоог бид халсан. Гэтэл одоо буцаж орох гэж байна. Ядуу сонгогчид ухамсартай сонголт хийж чадахгүй байна. Иргэдийгээ ядууруулж, туйлдуулж байгаад саналыг нь мөнгөөр худалдан авч байна.
Ардчилалд асар их аюул занал учруулсан, ардчиллыг устгах, эв нэгдийг булшлах, хиймэл олонхийг бий болгохоор улайрч байна. Үүнийг нь Цэц улаан цайм захиалгатай дэмжиж байна. Нэг асуудлаар хоёр шийдвэр гаргахыг хориглодог. Шүүхээс хүнийг нэг бол ялтай, нэг бол ялгүй гэж шийдвэр гаргадаггүй. Энэ бол цэвэр МАНАН-гийн захиалга. Үндсэн хуулийн цэц гэмт хэрэг хийж байна. Ингэж хэлэх нь бараг зөөлдөнө. Ардчиллыг нухчин дарж, ард түмнээр сохор сонголт хийлгэж, хиймэл олонхийг бий болгох гэж байна. Үүнийг эсэргүүцэж бүх нам дуугарах ёстой. Хэрэв үүнийг өөрчилж чадахгүй бол цаашид үүрд мөнх МАНАН засгийн эрх барина. Өнөө л хуучин хэдэн хүмүүс гарч ирнэ.
Шүүмжлэхийн зэрэгцээ гарах арга замыг мөн хэлэх ёстой юм. Үүнийг шийдвэрлэх хамгийн оновчтой арга бол холимог тогтолцоо. Илүү нарийвчилсан саналыг бид дэвшүүлнэ. Нам болгон 76 хүн нэр дэвшүүлж, жагсаалт гаргаад, сонгогч тэр жагсаалтаас намыг бус хүнийг нь сонгож дугуйлдаг болох хэрэгтэй. Үүнийг нь тухайн хүнд болон намд өгсөн санал гэж тооцох хэрэгтэй. Хэдэн сонгогчийн санал авснаар нь мөн жагсаалтад эрэмбэлж, УИХ дахь суудлыг ч үүгээр нь хувьчлан оноох хэрэгтэй. Ингэвэл нэг ч иргэний санал гээгдэхгүй” гэж сонгуулийн өөрчлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Ийн энэ жилийн сонгууль томсгосон 26 бус, жижиг 76-г сонгох уу гэдэг нь эргэлзээтэй болж орхив. Сонгуулийн сурталчилгаагаа эхлэхэд 10 гаруй хоног үлдсэн. Хэрэв зээ томсгосон 26-аар явна гэвэл энэ хугацаанд сурталчилгаагаа хийж амжих уу. Чуулганы хуралдааны эцсийн шийдвэрийг харж л суухаас.
Сэтгэгдэл