О.Мөнхсайхан: Цэцийн гишүүнийг томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэлбэр


 

 

О.Мөнхсайхан: Цэцийн гишүүнийг томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэлбэр

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд дахин нэр дэвшихийн тулд Цэцийг бойкотлох ажиллагааг эртнээс эхлүүлсэн. Ингэхдээ тэрбээр Үндсэн хуулийг хүртэл давж алхах болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэж эхлэв. Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэг бүхий Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх, Цэцийн гишүүний томилгоонд хориг тавих зэргээр өөрийн бүрэн эрхээс давсан алхмыг хэдэнтээ хийчихээд байна. Тухайлбал, тэрбээр Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьчихаад буй. Гэтэл энэ нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байхгүй алхам гэдгийг хуульч О.Мөнхсайхан онцлоод цаашид төрийн томоохон албан тушаалд Төрийн тэргүүний хувийн эрх ашгаар болон улстөрсөн байдлаар оролцоод байж мэдэх нөхцөл үүссэнийг тодотгоод томоохон албан тушаалын томилгоод хориг тавих хуулиар хориглох хэрэгтэй гэх саналыг дэвшүүллээ.

 

Тодруулбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан "Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг УИХ хэлэлцэхээс эсхүл хүлээн авахаас татгалзах хэрэгтэй. Цаашид "Үндсэн хууль эсхүл бусад хуульд заасны дагуу тодорхой албан тушаалтныг томилох тухай УИХ-ын шийдвэр"-т Ерөнхийлөгч хориг тавихыг хуулиар хориглох хэрэгтэй. Учир нь Цэцийн гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг албан тушаалтныг томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгоогүй. Ийм хориг нь Ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашиглаж буй хэлбэр мөн. Цэцийн гишүүнийг чөлөөлж томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхгүй юм.

 

Учир нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.1-ийн Ерөнхийлөгч "хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг" тавих үгчлэн туйлын утгаар бус, харин Ерөнхийлөгчийн институтийн төрийн эрх мэдэл хуваарилж, хяналт, тэнцэл хангасан тогтолцоонд эзлэх байр суурьд тулгуурлан тайлбарлах нь зүйтэй. Энэ үүднээс авч үзвэл УИХ-ын бүхий л томилгооны эрх мэдлийг зогсоох, саатуулах эрх мэдлийг Үндсэн хууль Ерөнхийлөгчид олгоогүй юм. Иймд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг УИХ хэлэлцэх юм бол ийм тогтоолд хориг тавих бүрэн эрхтэй гэж ойлгогдоно. Үүний оронд хэлэлцэх эсэхээр санал хураагаад олонхоороо хэлэлцэхээс татгалзах саналтай байна. Энэ удаад яаж шийдсэн эсэхээс үл хамаарч цаашид Ерөнхийлөгчийн хориг тавьж болохгүй асуудлыг жагсааж хориглож хуульчлах хэрэгтэй. Жишээлбэл, "Үндсэн хууль эсхүл бусад хуульд заасны дагуу тодорхой албан тушаалтныг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэр"-т Ерөнхийлөгч хориг тавихыг хориглох хэрэгтэй. Мөн, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан тогтоолд одоогийн Ерөнхийлөгч хориг тавьж эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан. Үүнийг ч мөн хориглож хуульчлах нь зүйтэй” гэжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.