Оймсондоо арван мянган ам.доллар нууж байгаад Авлигатай тэмцэх газрынханд баригдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Хил, хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд боллоо.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцэж буй юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх Н.Баярсайхан, Э. Аззаяа нарыг хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сар хорих, Э.Аззаяад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Харин Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, Г.Элдэв-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох, С.Бүрэнтөгст нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан. Мөн хэрэгт холбогдуулан Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Төмөрбаатарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ш.Тэгванданг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 000 төгрөгөөр торгох, Д.Төмөрбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нэгдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.Аззаяад холбогдох заалт, хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл